С.Энхмаа бүх л боломжийг хайж байжээ

Бизнесэрхлэхээр 2009 онд Африкийн Нигер улсыг зорьсон С.Энхмаа бүсгүйн Монголдоо ирсэн үгүй нь хараахан тодорхой болоогүй байгаа. Түүнтэй холбоо тогтоож бодит явдлын тухай сонсох хүсэлтэй хүмүүс олон байна.
Харийн оронд, хүний эрхэнд байна гэдэг хэнд ч төсөөлөхийн аргагүй хүнд зовлон. Энэ дарамтад таван жил амьдарсан С.Энхмаа өөрийгөө аврахын тулд чадах чинээгээрээ тэмцэж байсан нь алхам тутамд илэрсээр байна. С.Энхмаагийн ярианаас тус улсад ийнхүү удах болсон хамгийн том шалтгаан нь Нигер улсад манай улсын элчин сайдын яам байдаггүй явдал байсан гэв. Гэсэн ч тэрээр өөрийн боломжоороо холбогдох боломжтой бүх л хүмүүст ханджээ. Түүний ярьж байснаар тэрээр 2010 онд Египетэд суугаа Монголын элчин рүү хандан е-mail илгээсэн ч хариу ирээгүй аж. Ийнхүү түүний арга мухарджээ. Гэсэн ч тэрээр хөршүүдийнхээ тусламжтайгааронгоцны хоёр тасалбар авч, христийн сүм рүү тусламж эрэн зугтсанаар сайн хүмүүсийн тусламж аван нутагтаа ирэх болсонгэх.
Харийн хүмүүс ч гэсэн зовж байгаа хүнд тусладаг нь хүний ёс. С.Энхмааг харихад нь тусалж байсан хүмүүсийн туслалцаа 2010 оноос эхэлж байсан нь нотлох баримттайгаа одоо ч байсаар байна. Монголд ирэхийг хүссэн гадаадын иргэдэд зориулсан /welcome2mongolia.mn/сайтын монголын виз хүсэх, өргөдөл гаргах мэдээллийн хуудсынсэтгэгдэл бичих хэсэгт2010 оны аравдугаар сарын 23-нд Жеф Эллэн гэж хүн С.Энхмаагийн талаар бичжээ. Тэрээр “Өдрийн мэнд ноёнтон/ хатагтай, миний нэр Жеф. Надад нэг монгол найз бий, түүнийг Сумъяагийн Энхмаа гэдэг.Тэр энд Нигерт маш хүнд нөхцөлд байна. Бид эндээс хөрш орнуудад байгаа Монголын элчин сайдын яам болон Монголтой холбогдох бүх л боломжийг хайлаа. Гэсэн ч ямар ч үр дүнд хүрч чадсангүй. Би Их Британи болон АНУ-д суугаа элчин сайдын яамууд руу хандаж захидал илгээсэн ч энэ бас л бүтэлгүйтсэн. Одоо түүнд үнэхээр тусламж хэрэгтэй, тэр буцахыг хүсч байгаа. Энхмаа одоо Нигерийн Ожо Барракс Лагос гэдэг газарт байна. Та бүхэн бидэнтэй холбогдож Нигертэй ойрхон байгаа Монголын элчин сайдын яамтай холбогдох боломжийг хэлж өгч, мэдээлэл өгөөч” хэмээн бичиж байжээ.
Гэсэн ч түүний илгээсэн энэ хүсэлтэд хэн ч хариу өгөөгүй. Харин бусад мэдээлэл авахыг хүссэн хүмүүст хандан хариу нь ирсэн байх юм.Чухам яагаад хариу ирүүлээгүй нь тодорхойгүй. Энэ мэтчилэн гадаад улсад бусдын дарамтад орж эх орноосоо тусламж хүссэн ч үл тоогдох үзэгдэл ганц С.Энхмаад тохиолдоогүй нь лавтай.
Хүмүүсийн ярианаас гадаад улсад суугаа манай элчингийнхэн иргэдийнхээ төлөө бодитой ажилладаг нь цөөхөн. Монголчууд хэрэг төвөгт орооцолдох нь их байдгаас ийнхүү яамныхан нь хүртэл жийрхэх болсон гэж үү.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ