Зайсангийн аманд гарсан түймэрт 2 га талбай шатжээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсангийн-Ам хэмээх газарт ойн түймэр гарсан тухай дуудлагыг тавдугаар сарын 1-ний өдрийн 10.51 цагт ОБЕГ хүлээн авчээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн сургалт, гал түймрийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Ж.Алтанхуягаар ахлуулсан Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах аврах 14, 30 дугаар анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, Аврах анги 105, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 74 дүгээр анги, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн алба хаагчид, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Ус сувгийн удирдах газар, нийслэлийн ногоон бүс дэх эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газрын алба хаагчид, “Мөнх хас цамхаг” ХХК-ийн ажилтнууд ажиллаж, мөн өдрийн 13.18 цагт цурамд оруулж, тавдугаар сарын 3-ны өдрийн 18:20 цагт бүрэн унтраажээ. Түймэрт урьдчилсан байдлаар 2 га талбай шатсан гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

ОЙ, ХЭЭРТ ИЛ ЗАДГАЙ ГАЛ ТҮЛЭХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

Он гарсаар дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Улаанбаатар хот, Архангай, Булган, Завхан, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Төв, Ховд, Баянхонгор зэрэг 12 аймгийн 38 суманд нийт 59 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдээд байна.  

Дээрх түймрийн улмаас урьдчилсан байдлаар 83413,5 га талбай өртөж, 3 айлын өвөлжөө, 1 автомашин шатаж урьдчилсан байдлаар нийт 2.9 тэр бум төгрөгийн хохирол учирчээ.

Иймд, ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй  байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс нурамыг ил задгай асгахгүй байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг  анхааруулж байна

“Түймрийн аюултай үе” гэж тухайн нутаг дэвгэрт ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ