Баянбүрдийн тойрог хүртэлх зам засварын ажил үргэлжилж байна

Өнгөрөгч сарын 1-нээс зам засвар, шинэчлэлтийн ажлууд өрнөж эхэлсэн. Нийслэлийн болон улсын төсөвт 52 км хатуу хучилттай замыг Улаанбаатар хотод барьж байгуулахаар төлөвлөсөн. Нийт замын шинэчлэлт бүтээн байгуулалтын ажлууд есдүгээр сарын 1-н хүртэл үргэлжлэх юм.
Өнгөрсөн долоо хоногт Гурвалжингийн гүүрний засвар шинэчлэлтийн ажил дууссан. Харин одоо Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх 1,09 км замын засвар шинэчлэлтийн ажил өрнөж байна. Тус замыг 1989 онд барьснаас хойш томоохон хэмжээний засвар хийгдээгүй юм.
Нэг км зам барьсан ч ногоон байгууламж, явган хүний болон дугуйн замыг цогцоор нь хийхээр зорьж буй аж.
Өнөөдөр замын суурины боловсруулалтын ажлыг хийж байна. Сууриа тэгшилж, нягтруулаад дараагийн ажилд орно. Төлөвлөгөө, графикийн дагуу тавдугаар сарын 13-нд энэ хэсгийн замыг нээж урд урсгалаа хойд эгнээ рүү шилжүүлнэ. Шулуун хэсгээ дуусгасны дараа явган хүний замын ажил руу орно хэмээн Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын ерөнхий инженер Б.Баатархүү хэлсэн юм.
Тус бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөгөөт хугацаанд дуусгахын тулд замчид 24 цагаар ажиллаж байна. Одоогийн байдлаар Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх замын ажилд 100 гаруй хүн ажиллаж буй аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ