Дотоодын аялалд дорвитой бодлого хэрэгтэй байна

“Covid-19” цар тахал дэлхий нийтийг сандаргаж байна. Худалдан авах чадвар өндөртэй БНХАУ-ын жуулчид коронавирусийн халдварын улмаас гэртээ суух болсноор дэлхийн аялал жуулчлалын салбар зогсонги байдалд ороод буй. Уг вирустэй холбоотой хөл хорио, хязгаарлалтууд БНХАУ-тай хиллэдэг манай улсын бүхий л салбарт нөлөөлж, тэр дундаа аялал жуулчлалын салбарт ч сөрөг үр дагавар үзүүлж эхлэв.
БОАЖЯ-аас гаргадаг сар тутмын статистикаас харвал энэ оны нэгдүгээр сард ирсэн гадаад жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 6.2 хувиар, БНХАУ-аас манай улсыг зорих жуулчдын тоо 30 хувиар буурчээ.
Зөвхөн гадаад гэлтгүй дотоодын жуулчид захиалгаа цуцалснаар гадагш чиглэх аялагчдын тоо 80 орчим хувиар буурсныг “Нью Жуулчин Турс” компани мэдээлсэн. Тус компанийн тав, зургаадугаар сарын захиалгын 40-50 хувь нь цуцлагдсан аж.
Олон улсын нислэгүүд зогсож, хилийн хориог цаашид сунгах эсэх нь тодорхойгүй байгаа энэ үед гаднын жуулчдад бус дотоодын аялагчдад найдах л үлдлээ. Гэхдээ “Машинаа унаад, майхнаа аваад жирийнэ” гэх нийтлэг ойлголтыг халж, мэргэжлийн хөтөч, автобустай, байгальд ээлтэй аяллыг санал болгох нь зөв юм. Түүнчлэн аялагчдын эрүүл мэндэд анхаарч, халдварт өвчин тархах эрсдэлтэй үед жуулчид хүлээж авсан бол амьтны сэг зэмд ойртохгүй байхыг сануулж, ангийн мах санал болгохоос зайлсхийхийг аяллын компаниудад уриалах нь зүйтэй.
Манайхан аялал жуулчлал гэдгийг байшин бариад, хэдэн ор тавиад, түүнийгээ түрээслүүлэхээр төлөөлүүлэн ойлгодог гэхэд хилсдэхгүй. Умгар байшин, уранхай бүрээстэй гэрт өмнөх хүмүүсийнх нь уусан архины эхүүн үнэр арилаагүй шахам байхад оруулж, хүссэн үнээ хэлдэг нь хэнд ч нууц биш. Ер нь цаашдаа ийм баймааргүй байна. Иймд аяллын компаниуд болон кемпийн эзэд үүнд онцгойлон анхаарч, аялал жуулчлалын шинэ хөгжлийн түүхийг бичихэд ханцуй шамлан зүтгэх цаг нэгэнт иржээ.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ