"Хөл хорионы үед цэргийн зэвсэг, техник хэрэгслийг байршуулна"

УОК-ын Шуурхай штаб, НОБГ, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас энэ сарын 6-8-нд болох "COVID-19 цар тахлаас хамгаалах дадлага сургууль"-ийн талаар мэдээлэл хийлээ.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн "Тавдугаар сарын 7-нд ЧД-ийн нутаг дэвсгэрт 08-18 цагийн хооронд буюу 10 цагийн турш бүрэн хөл хорио тогтооно. Тус дүүрэг нь 63.9 км хилийн цэс бүхий нутаг дэвсгэрийг хамардаг. Хөл хорионы үед цэргийн зэвсэг, техник хэрэгсэл ороод ирэнгүүт иргэд цочирдож болзошгүй тул урьдчилсан мэдээлэлд анхаарч, заавар зөвлөмжийг дагахыг анхааруулж байна. Энэ үеэр 2129 албан хаагч хяналт тавина. Зайлшгүй тохиолдолд нэвтрүүлэх 9 орц гарцыг гаргасан. Шаардлагатай тохиолдолд 103, гал унтраах баг зэрэг яаралтай тусламж үзүүлэх баг бэлэн байдалд ажиллана. Мөн гэр хорооллын иргэд хөл хорионы үед худгаас ус хэрхэн авахыг харуулсан зураг авалт хийнэ" гэлээ.
НОБГ-ын дэд дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар "ЧД-ийн 150 гаруй иргэд дадлага сургуулилалтад оролцоно. Өөрөөр хэлбэл гэрээсээ гарахгүй байх үүрэг хүлээнэ. Цар тахлын үед бид ямар нөөцтэй, яаж ажиллахыг турших юм. Тиймээс иргэд цар тахлын нөхцөл байдалд буюу хатуу хөл хорио тогтоосон үед хэрхэн аж төрөв вэ гэдэгт ухаалаг хандаарай. Хөл хорионы дэглэмийг зөрчсөн иргэнийг 150 мянган төгрөгөөр, АНН-ийг 1.5 сая төгрөгөөр торгоно. Нэг өдрийн сургуулилалт учраас иргэд хүнсээ нөөцлөх шаардлагагүй. Хилийн заагийн гадуур нийтийн тээвэр үйлчилнэ. Дэлгүүр, үйлчилгээний газрууд ажиллахгүй. Тус дүүргийн иргэд хэрвээ ажиллах бол өглөө 08 цагаас өмнө ажилдаа очсон байх ёстойг анхааруулж байна" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ