"Бидний хичээл зүтгэл, нөр их хөдөлмөрийг иргэд ойлгох хэрэгтэй"

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Гурван онгоцоор ирсэн бүх хүний шинжилгээг хийж дууссан уу. Нэг хүнд хэдэн удаа шинжилгээ хийж байгаа вэ?
- Гурван онгоцоор 800 гаруй хүн ирсэн. Эхний удаагийн шинжилгээг нь бид авчихсан. Шинжилгээг нэг хүнд тэдэн удаа хийнэ гэсэн тогтсон тоо байхгүй. Тархвар судалгааны явцад батлагдсан тохиолдол бүртгэгдсэн онгоцонд зорчиж ирсэн иргэдийг суудлаар нь хөөж арай илүү шинжилгээ хийдэг.
Бид эхний удаагийн шинжилгээ хийж, батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудыг ХӨСҮТ-д тусгаарласан. Тэдгээр хүнээс ойр ойрхон шинжилгээ авна. Бусад ажиглах байранд байгаа хүмүүсээс ч давтамжаараа шинжилгээ авсаар байна. Нэг хүнээс хэдэн ч шинжилгээ авч болно. Тархвар судлалын заалтаараа шинжилгээ хийгдэнэ.
-Өвчлөөд эдгэрсэн хүмүүс эмнэлгээс гараад хэд хоногийн дараа ажилдаа эргэн орж байгаа бол. Зарим улс, оронд эдгэрсэн хүмүүс дахин өвчлөх тохиолдол гарч байна. Тодорхой тайлбарлахгүй юу?
- Энэ халдвар шинэ учраас дэлхий дахинд судалж буй. Олон өвчлөл бүртгэгдсэн улс орон өөрсдийн туршлагаас үндэслэн зөвлөмжүүдийг өгч байна. Манай улсын хувьд өвчилсөн хүмүүсээ өдөр бүр шинжилгээгээр хянан, гурван өдөр дараалсан шинжилгээ нь сөрөг гарсан үед нь халдвартын клиникээс гаргана.
Гаргасан хойно нь 14 хоног ажиглалтын байранд тухайн хүнийг ажиглана. Энэ хугацаанд дахин хоёр удаа хамар, залгиурын арчдас, цусны шинжилгээ авч байгаа. Мөн тухайн хүнд эсрэг биет үүссэн гэх мэт олон зүйлийг үндэслэж, эмнэлэг, тусгаарлалтаас гарсных нь дараа тэр хүнийг дахиад гэртээ 14 хоног ажиглалтад байлгаж буй.
Тэр хүн ор хоногтойгоо нийлээд хоёр сар гаруйн хугацаанд эмнэлгийн хяналтад байна. ХӨСҮТ-өөс гараад ажиглах байранд байх үед нь ХӨСҮТ-ийн баг хянана.
Ажиглах байрнаас гараад гэртээ тусгаарлагдаж байх хугацаанд нь Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар хянаж байгаа бөгөөд тухайн хугацаанд нь түргэвчилсэн тестээр хяналт хийж буй. Тэгээд сүүлд ямар нэг асуудал гараагүй тохиолдолд хэвийн амьдралдаа эргэн орж байгаа. Олон улсын мэдээллийг ажиглахад дахин өвчлөх асуудал гарч байна. Хэдийгээр ийм тохиолдол манай улсад гараагүй байгаа ч шинэ халдвар учраас хэлж мэдэхгүй. Тиймээс давхар хяналттай л ажиллана.
- Иргэдийн дунд тархах эрсдэл хэр байгаа вэ. Цаашдаа манай улс халдварыг тархаахгүй бариад байж чадах болов уу?
-Чадна гэж бодож байна. Үүнд ч манай иргэд итгэлтэй байх хэрэгтэй. Бидний хичээл зүтгэл, нөр их хөдөлмөрийг иргэд маань давхар ойлгох хэрэгтэй. Гэхдээ дэлхий энэ өвчнийг цар тахал гээд зарлачихсан байгаа үед халдвар Монгол Улсад орж ирэх нь цаг хугацааны л асуудал.
Учир нь бид маш эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байна. Иргэдийн дунд өвчлөл гарах эрсдэл маш өндөр хэвээр байгаа. Тиймээс иргэн бүр сэрэмжтэй байх нь зөв. Гэхдээ үүнээс болоод бас их айж түгшиж болохгүй.
-Одоо эдгэрсэн хүмүүсээс ажилдаа орсон хүн бий юу?
- Анх гуравдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн хүмүүсийг ажиглалтын байрнаас гаргасан. Мөн халдвар аваад эдгэрсэн хэдэн хүн бүх шинжилгээндээ орчихоод одоо эрүүл саруул, нийгмийн хэвийн амьдралдаа орсон байгаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ