Хайртай хүмүүсдээ хайнга бус хариуцлагатай байхыг захимаар байна

Зуны дэлгэр цагт иргэд олноороо гол ус бараадаж, салхинд гарч зугаацдаг. Гэхдээ аялал зугаалга маань болгоомж, сэрэмж, анхааруулга алдсан харамсалтай мэдээгээр төгсдөг болж хувирлаа.
Он гарсаар эхний таван сарын байдлаар улсын хэмжээнд усны осол 11 удаа гарч, 13 хүн амиа алджээ. Тэдний тав нь хүүхэд байв. Гол, нуурын эрэг орчим амарч зугаалж яваа иргэд архидан согтуурсны улмаас усанд живэх тохиолдол цөөнгүй тул Онцгой байдлын албанаас завьт эргүүл гаргадаг уламжлалтай. Тэд иргэдийг голын усанд осолдохоос урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг нь хангах юм. Энэхүү арга хэмжээг 2010 оноос эхлэн зохион байгуулж буй юм. Өнгөрсөн онд завьт эргүүлийнхэн 86 иргэний амь аварч, гол усанд суусан найман автомашиныг татан гаргаж, 23 хүнийг аюулгүй газар хүргэж өгсөн байна.
Гол, нуурын эрэг орчимд амарч зугаалж яваа хүмүүс ихэвчлэн архи, согтууруулах ундаа хэрэглэж, анхаарал сэрэмжээ сулруулснаар гол, усанд энддэг. Ангийн уулзалтаа тэмдэглэж яваад багшаа, хөзөр тоглож суугаад хүүхдээ, майхнаа барьж, тухлах гэж байгаад өндөр настай ээжийгээ усанд алдсан харамсалтай тохиолдол гарч байсныг хүмүүс мартаагүй. Гол, нуурын ойр орчим очсон бол настай хүн, бага насны хүүхдээ маш сайн анхаарч, уснаас хол байлгахыг онцгой байдлын албанаас ямагт сануулж, анхааруулдаг ч үүнийг иргэд ойшоож үзэх нь тун цөөн.
Урьдчилан сэргийлж болох уг ослоор жилд 100 орчим хүн эндэж байгаагийн цөөнгүй нь хүүхэд. Өнгөрсөн онд 82 хүн эл ослоор амиа алдсаны 10 нь балчир үрс байв. Энэ бол эцэг, эхийн хараа хяналт, хариуцлагагүй байдлын тод жишээ. Тодруулбал, 2015-2019 онд усанд осолдсон тохиолдлын 52 хувь нь амралт зугаалга, 19 хувь нь гармаар гарах, зорчих үед, 15 хувь нь эцэг, эхийн хараа хяналтгүй байдлын уршгаар эндсэн бага насны хүүхдүүд байжээ. Балчир үрс эцэг, эх, асран хамгаалагчийн хамт л гол усанд ойртож байгаа. Харамсалтай нь асарч, тойлж, харж хандах үүрэгтэй хүмүүс нь анхаарлаа сулруулсны улмаас тэд амиа алдахад хүрчээ.
Иймд бид мэргэжлийн байгууллагуудаас өгч буй анхааруулгыг болгоомж, сэрэмж болгон хүлээн авч сурмаар байна. Хайртай хүмүүсдээ хайнга бус хариуцлагатай хандахыг захимаар байна.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ