Д.Будзаан: Эцэг эхчүүд ямар ч орчин нөхцөлд хүүхдээ хамгаалах нь нэн чухал

ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаантай хүүхэд өртсөн осол гэмтлийн талаар тодруулга авлаа.


-Зам тээврийн осолд өртөх хүүхдийн тоо цөөрсөн үү?


-
Энэ  оны  эхний  хагас  жилийн байдлаар улсын хэмжээнд хөдөлгөөний  аюулгүй  байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 440 бүртгэгдсэн ба зам тээврийн ослын улмаас 118 хүн нас барж, 338 хүн гэмтсэн байна.  


Сүүлийн гурван жилийн байдлаар зам тээврийн ослын улмаас 149 хүүхэд нас баржээ.


  • 2017 он- 55
  • 2018 он -45
  • 2019-49
  • 2020 оны эхний хагас жилд-26 хүүхэд амь насаа алдлаа.


Хөдөө орон нутагт хүүхэд малаа хариулах болон ахуйн хэрэгцээнд мотоцикл унаж  улмаар осолдож амь насаа алдах явдал  буурахгүй байна. 


Мөн Урин дулааны улирал эхэлж байгаа энэ үед хүүхэд гудамж, талбай, орон сууцны гадна тоглох, нийтийг хамарсан арга хэмжээнд оролцох, амралт, жуулчны газар, гол ус  болон бусад газар аялал, зугаалгаар явах нь нэмэгдэж, эцэг эх, асран хамгаалагч нарын зүгээс хүүхдэд тавих хараа хяналт суларч, улмаар хүүхэд амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал буурахгүй байна. 


-Тухайлбал, хүүхдүүд ихэвчлэн ямар осолд өртөж байна вэ?

-Хүүхэд эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналт дутмаг, хайхрамжгүй байдлаас шалтгаалан энэ оны эхний зургаан сарын байдлаар

  • зам тээврийн ослын улмаас 26,
  • гол усанд живсэн 8,
  • ухсан нүх шуудуунд унасан 5,
  • өндрөөс унасан 9,
  • гадны биетэд цохиулсан 1,
  • халуун ус, галд түлэгдсэн 5,
  • мориноос унасан 8 хүүхэд тус тус амь насаараа хохирсон байна.


-Цагдаагийн байгууллагаас хүүхдийн осол гэмтлээс сэргийлэхийн тулд ямар ажлууд зохион байгуулж байна вэ?


-Эцэг эхчүүд, асран хамгаалагч нар ямар ч орчин нөхцөлд хүүхдээ хамгаалах нь нэн чухал байна. Цагдаагийн байгууллагаас ахуйн хүрээнд хүүхдийг осол гэмтлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг, мэдээлэл, төв орон нутгийн  эрсдэлт орчны хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж байна. 


Мөн дээрх нөхцөл байдалтай холбогдуулан цагдаагийн байгууллагаас иргэдийг зам тээврийн осол хамгийн ихээр үйлдэгддэг долоо, наймдугаар сард буюу энэ оны долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд “Яараад яах вэ дээ” уриатайгаар урьдчилан сэргийлэх аяныг зохион байгуулж эхэллээ.  


"Яараад яах вэ дээ”  аян хүүхэд залуусыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, жолооч, зорчигч нарт зөв дадал, хандлага, соёл төлөвшүүлэх зорилготой юм. Сэрэмж хэзээ ч илүүдэхгүй. 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ