Америкийн цагдаа нар бас долоон тэсрэх төхөөрөг илрүүлжээ

Америкийн Массачусетс муж улсын цагдаа нар ах дүү Царнаевын хийсэн байж болох долоон тэсрэх төхөөрөмж илрүүлснийг телевизийн Эн-Би-Си суваг баасан гарагт мэдээлжээ.
Гар хийцийн төхөөргийн зарим хэсгийг Кембриж хот дахь 19 настай Жохар Царнаевын гэрээс олжээ. Одоо цагдаагийн тусгай зориулалтын хүчнийхэн Уотертаун хотод нуугдаж байгаа террористыг эрж буй тус хотоос зарим бүрдэл хэсгийг илрүүлжээ.
Жохарын ах 26 настай Тамерлан алагдсан шөнийн буудалцааны зарим тодорхой зүйлийг цагдаагийн төлөөлөгчид бас мэдээлсэн байна. Хэв журам сахиулагчдын хэлснээр, Жохар гэмт хэргийн газраас оргон зайлахыг оролдохдоо, шархадсан ахынхаа машинд яаран суужээ. Алагдсан террористоос сүүлд нь тэсрэх бодис бүхий бүс гарсан байна. Террорын ажиллагаа үйлдсэн хэмээн сэжиглэгдэж буй Жохар Царнаевыг саатуулах өргөн цараатай ажиллагаа явуулж байх үед Бостон хот оршин суугчид нь дүрвэн зайлсан хот шиг харагдаж байв. Хотын гудамж, талбайд зөвхөн цагдаа, холбооны мөрдөх товчооны ажилтан болон цэргийн албан хаагчид л байгааг харж болно. Нийтийн тээвэр зогсож, албан байгууллага, сургууль, дээд сургууль, ресторан, дэлгүүрүүд хаагджээ. Цагдаагийн машин түргэн тусламжийн тэргийг дагалдан явж байв. Массачусетс муж улсын нийслэлийн оршин суугчдад гэрийнхээ цонхонд ч ойртохгүй байхыг зөвлөжээ.
“Хот ганцхан террористын золиос боллоо. Тэр зэвсэгтэй, маш аюултай. Тэсрэх төхөөрөг авч явж байж болох юм. Тэр яаж ч мэднэ” гэж телевизийн Эй-би-си суваг тэмдэглэжээ.
Эрх баригчид нисэх онгоцыг Бостон хотын дээгүүр 900 метрээс доогуур нисэхийг хоригложээ. Террорын эсрэг ажиллагаанд оролцуулж байгаа нисэхийн тусгай техникийн нислэгт таатай нөхцөл бүрдүүлэхийн тулд ингэсэн байна.
19 настай Жохар Царнаев шөнийн буудалцааны үеэр баривчлагдахынхаа өмнөхөн галт зэвсгийн шарх авсан гэж телевизийн Эй-би-си суваг мэдээлжээ.
Бостоны марафон гүйлтийн үеэр үйлдсэн террорын ажиллагаанд өртсөн 183 хүнээс 54 нь эмнэлэгт байсаар байна. Харин долоон хүний биеийн байдал маш хүнд байгаа ажээ.
Хоёр удаа дэлбэрэлт болох үеэр гурван хүн – найман настай жаал хүү, 29 настай эмэгтэй, Бостоны их сургуулийн аспирант 23 настай хятад бүсгүй амь үрэгдсэн байна.
Бөмбөгийг хурдан буцалгагчаар хийж, дариар дүүргэж, харин янз бүрийн төмөр зүйлийг хөнөөгч хэрэгсэл болгон ашиглажээ. Тэсрэх төхөөргүүдийг хогийн саванд нууж, таймераар удирдан дэлбэлсэн байж болох юм.
Царнаевынхан АНУ-д ирж, дүрвэгсдийн статус авчээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ