"Цар тахлын улмаас халдварт бус өвчний тусламж, үйлчилгээ доголдож байна"

COVID-19 цар тахлын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.


ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: 

 "Дэлхий дахинаа 18,434,000 хүн коронавируст халдвараар өвчилж,  699,000 хүн эндсэн бол 12 сая хүн эдгэрч эмнэлгээс гараад байна.

Дэлхий даяар цар тахлыг хэзээ ч зогсоож болно. Бид эрч хүчтэй, эв нэгдэлтэй байвал халдварын эрчийг бууруулах боломжтойг ДЭМБ-аас уриаллаа.


Цар тахлын улмаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, тэр дундаа дархлаажуулалт саатаж, хорт хавдрын илрүүлэлт буурах, сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, халдварт бус өвчний тусламж үйлчилгээ доголдож олон сая хүн эдгээр өвчлөлийн улмаас эндэх эрсдэл байгааг сануулжээ.


Сүүлийн 24 цагт Энэтхэгт 51 мянга, АНУ, Бразилд 49 мянган хүн шинээр халдвар авсан байна.

Манай хөрш ОХУ-д 5000 хүн халдвар авсан бол БНХАУ-д 109 тохиолдол шинээр бүртгэгдлээ.


Халдварыг хяналтандаа авсан сайн жишгийг харуулж байсан Япон, Австрали улсад халдварын хоёр дахь давалгаа дэгдэлт хэлбэрээр гарч эхэлсэн.


Сүүлийн 24 цагт Японд 1239 хүн өвчилж, дөрвөн хүн эндсэн байна. Токио хотод өвчлөл их байсан бол өчигдрөөс Оканава мужид халдварын тохиолдол эрс нэмэгдэж, архи согтууруулах ундаа худалдахыг хориглох шийдвэр гаргажээ. Мөн Японд гэрийн тэжээвэр хоёр нохойд коронавиурсийн халдвар илэрсэн байна.


Австралийн Викториа мужид хөл хорионы дэглэмийг улам чангатгаж, 500 гаруй алба хаагчийг уг ажилд дайчилж эхэлжээ. Хязгаарлалтын хүрээнд өрхийн нэг хүн 5 мерийн зайд байгаа дэлгүүрээс нэг удаа хүнс худалдаж авна, гудамжинд хоёр дээш хүн хамт явахгүй байх дэглэмийг мөрдөж эхэлсэн бол бүх шатны боловсролын байгууллагын хичээлийг цахимаар явуулж байна.


Европын орнуудад өвчлөл нэмэгдэж, Их Британи хөл хориогоо үргэлжлүүлэн, Мадрид, Грек, Протугалд гадаа, дотор орчинд амны хаалтыг зүүх шийдвэрийг хэрэгжүүлж эхлээд байна" гэв. 

 



СЭТГЭГДЭЛ БИЧИХ