Умард Солонгос Хятадад буулт хийв

БНАСАУ  Солонгосын хойгийн түгшүүртэй байдлыг зөөлрүүлэхэд чиглэсэн хэлэлцээ хийх тухай БНХАУ-ын саналыг зөвшөөрчээ. Японы нийт үндэсний “Асахи” сонин өчигдөр ингэж мэдээлсэн байна.

Нэрээ хэлэхийг хүсээгүй учрыг мэдэх хүний мэдэгдсэнийг иш татан, тус сонинд  бичсэнээр, хэлэлцээ хийхээр Пхеньянд өөрийн төлөөлөгчийг явуулъя гэсэн Хятадын саналыг БНАСАУ түрүүнд нь удаа дараа няцааж байсан ч, эцсийн бүлэгт Умардын байр суурь өөрчлөгджээ.  Америк-Өмнөд Солонгосын  цэргийн хамтарсан “Фоул ийгл” тактикийн сургууль дөрөвдүгээр сарын эцсээр дууссаны дараа одоогийн  хямралаас гарах арга зам эрч сүвэгчлэх яриа хэлэлцээ эхэлж болох юм гэж  тэр учрыг мэдэх  хүн  “Асахи” сонины сурвалжлагчид хэлсэн байна.

Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох тухай зургаан талын хэлэлцээнд оролцдог хятадын төлөөлөгчдийн тэргүүн У Давэй Умард Солонгосын удирдлагатай хийх уулзалтад БНХАУ-ыг төлөөлөх төлөвтэй байна. Дараа нь У Давэй америкийн эрх баригчдын мэдээллийг Пхеньяны удирдлагад уламжлахаар төлөвлөж байгааг сонинд дурджээ.

Дөрөвдүгээр сарын эхээр БНАСАУ Пхеньянаас элчин сайдын яамаа татахыг хэд хэдэн оронд санал болгож, дараа нь Солонгосын хойгийн байдал “цөмийн дайны ирмэгт” тулсан учир гадаадынхныг Өмнөд Солонгосоос гарч явахыг уриалсан юм. Үүний дараа БНАСАУ  зүүн эргийн нутагтаа хэд хэдэн баллистик пуужин, түүний дотор Японы бүх нутаг дэвсгэр болон Номхон далай дахь АНУ-ын Гуам арал дахь байг онолын хувьд сөнөөж чадах хөдөлгөөнт “Мусудан” пуужингийн цогцолборыг турших бэлтгэл хийж эхлэсэн билээ.

Япон болон Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин Умард Солонгосыг пуужин харваж магадгүй хэмээн үзэн,  дөрөвдүгээр сарын 10-наас байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ