Монголын хөлбөмбөгийн тайлбарлагчдын түүхийг түүчээлсэн эрхэм
Арьс махны завсраар амьтан гүйлгэдэг аваргуудын лигийн шөвгийн дөрвийн шат өндөрлөж Туркын Истанбул явах 2 багийн нэрс тодорлоо.Тоглолт үнэхээрийн сонирхолтой олон гоолтой болж өндөрлөсөн ч нэг л зүйл үгүйлэгдээд байгаа мэт. Яг энэхүү мөчид нэгэн хүнийг эргэн дурсмаар санагдах.
Эрээн асрын өмнө зодоглож
Эртэй бяртай бөхчүүдтэй хүч үзэж яваагүй ч
Үе тэнгийн найз нартайгаа шороон талбайд
Өвдөг тохой шалбалж явсан бид хөлбөмбөгийн фанатуудаа. Тиймээ уншигчдаа, фанатуудаа
Энэ үг эрхбиш нэгэн эрхэмийг эргэн дурсуулна.
Тэр эрхэмийг Эрдэнэбатын Балжинням гэдэг. 1969 онд Улаанбаатар хотод төрсөн тэрбээр айлын ууган хүү. 2006 онд тв9 телевизээс анхны хөлбөмбөг тайлбарлагчийн гараагаа эхлүүлсэн. Хоёр зуу гаруй телевизийн баримтат намтарчилсан нэвтрүүлэг бэлтгэсэн. Үүнийг л гайхамшиг гэхгүй бол өөр юуг гайхамшиг гэх вэ? Тэрбээр бас спортын ном бүтээсэн. Боловсролын тэргүүний ажилтан, Алтан гадас одонт, олон хүүхэд залуусыг хөлбөмбөгийн спортод хөтөлсөн, хөлбөмбөгийн гайхамшгийг мэдрүүлж, монголын хөлбөмбөгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, алиа хошин зантай, ёжтой үг яриатай тайлбарлагч Э.Балжинням ховор хүмүүн байлаа. Тэрбээр хүнийг хөгшин залуу, их багын ялгалгүй харьцдаг, эгэл олонд хүндлэгдсэн олонтой нэгэн байсан юм.
Түүний хөгжилтэй тайлбаруудаас цөөнийг онцлон дурдсу...
Лам хуврагыг би шүтэхгүй ээ
Лампард Роналдогоо шүтнэ...
Гитлер байсан бол одоо энэ Германы хэдэн тоглогч хожигдвол амьд үлдэхгүй дээ, немцүүд бол тэгэж л тоглодог байсан...
МЭССИ гэсэн таван үсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдгоо...
Пүүзнээс нь газрын үнэр, подвоолкноос нь тэнгэрийн үнэр үнэртсэн агуу хөлбөмбөгчин гэж энэ дээ...
Ийнхүү хөгжилтэй үг хэллэг, эрх чөлөөтэй яриа, өөрийн мэдрэмж сэтгэл хөдлөл, дуу хоолойгоо шингээн байж, цэнхэр дэлгэцээр аанай л хөлбөмбөгөө тайлбарладаг байсан нь олон хүмүүсийн анхаарлыг татаж, нэгэнтээ хоногшин үлджээ.
Нэр нэгтийн чих нэг гэдэг. Сонирхож үзэхэд өнөөдөр Монголд Балжинням нэртэй 5436 хүн амьдардаг юм байна. Тэднийхээ дунд, нийт Монголчуудынхаа дотор хөлбөмбөгийн тайлбарлагч Балжинням хэмээх давтагдашгүй, онцгой содон хүмүүн өөрийнхөөрөө ондоошин үүрд дурсагдах.
Миний онцлог нь хөдөө малаа хотлуулж буй малчин, ажлаа тараад ирж буй хүмүүс, хичээлээ тараад ирсэн жаал хүү нарт зориулж хөлбөмбөгөө тайлбарлахыг хичээдэг. Монголчууд бид түүх намтар, цол гуншин сонсох дуртай ард түмэн. Тиймээс би монгол хэв маягийн тайлбар хүргэхийг л эрмэлздэг. Хүн харснаа л ярьсан нь зөв. Намайг хүн Пеле-г ярь гэвэл домог энэ тэр гээд л зогсоно. Харин Жеррардын тухай бол хүүрнэн өгүүлнэ дээ гэж хэлж байлаа.
Түүнтэй хамт ажил хөдөлмөр эрхэлж явсан залуу үеийн тайлбарлагч нар түүнийг “Тунгалаг тамир’’ романы зохиолч Ч.Лодойдамба гуайтай зүйрлэгдэж яригдахаар хэмжээний хүн гэж хэлэлцдэг.
Э.Балжинням гэх хүн анх 2006 онд анхны тайлбараасаа л хүмүүсийн анхаарлыг татаж чадсан маш өвөрмөц харизмтай, үнэхээрийн агуу нэгэн гэхэд хэлэсдэхгүй гэж нэгэн цаг үед хамт зүтгэж байсан нөхөд нь дурсан санасан байдаг.
Энэ бүхнээс харахад Эрдэнэбатын Балжинням гэдэг хүн ямар агуу, хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээсэн хүн бэ ? гэдэг нь тодоос тод харагдаж байгаа биз дээ.
Түүнийг 2021 онд бурханы оронд одоход, цөөнгүй хүмүүс гэр бүлийнхээ гишүүнийг алдсан юм шиг гуниглаж, олон хоногоор гашуудаж байсаан. Тэр дахин давтагдашгүй тайлбараараа бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлджээ.
Монголын хөлбөмбөгийн тайлбарлагчдын түүхийг Эрдэнэбатын Балжинням гэдэг эрхэм түүчээлсэн юм шүү.
Эргэн дурссан Р.Баасандаш
Эх сурвалж:Bataar.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД
СЭТГЭГДЛҮҮД