"Apple" компани шинэ “Vision Pro” төхөөрөмжөө танилцууллаа

Америкийн “Apple” корпорац жил бүр зохион байгуулдаг “Worldwide Developers Conference” (WWDC 2023) хөгжүүлэгчдийн бага хурлынхаа үеэр “Vision Pro” виртуал бодит байдлын (AR/VR) анхны төхөөрөмжөө танилцууллаа.

“Vision Pro” нь хэрэглэгчдийг бодит болон хийсвэр холимог орчинд аваачих зориулалттай төхөөрөмж юм. Шинэ төхөөрөмжийн үнэ 3 500 ам.доллароос эхлэх бөгөөд 2024 оноос худалдаанд гарна.

"Apple"-ийн таблет дээрх бүх программыг уг төхөөрөмжид суулгажээ. Өөрөөр хэлбэл, янз бүрийн аппликэйшнийг нүдэндээ зүүсэн төхөөрөмжөөр харж, гараар болон дуу хоолойгоор удирдах юм.  "Vision Pro" нь "Apple"-ийн бусад бүх төхөөрөмжтэй холбогддог байна.

Шинэ төхөөрөмжөөр “FaceTime”-аар видео дуудлага хийж, ном уншиж, “3D” форматаар кино үзэж болохоос гадна, тоглоомын төхөөрөмжүүдтэй холбож тоглоом тоглох боломжтой. Түүнчлэн “Adobe Photoshop” программ дээр бодит цаг хугацаанд ажиллаж болох аж.

“Apple” энэхүү төхөөрөмжөө M2 ба тусгайлан бүтээсэн R1 гэсэн хоёр чипээр тоногложээ. Уг төхөөрөмж нь “iSight” камертай бөгөөд зураг авах, видео бичлэг хийх боломжтой. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ