Архангайн ДЦС, шинэ суурьшлын бүсийн хөрөнгө оруулалтыг 2024 оны төсөвт суулгана

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Архангай аймагт ажиллах үеэрээ иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсож, “Шинэ сэргэлтийн реформ” илтгэл танилцуулж, Засгийн газрын үйл ажиллагаа, экспорт, импортын харьцаа, эдийн засгийн нөхцөл байдлын тухай мэдээллээ.

 

Манай улсын эдийн засаг энэ оны хоёрдугаар улиралд 6,4 хувь болж тэлсэн. Энэ үзүүлэлт цар тахлын үед -4,6 хувь байсан. Өнгөрсөн онд 727 сая ам.долларын алдагдалтай гарсан төлбөрийн тэнцэл энэ оны 8 дугаар сарын байдлаар 474 сая ам.долларын эерэг баланстай гарлаа. Улсын төсөв 1,7 их наяд төгрөгөөр давж биелсэн, гадаад өрийн зохицуулалтыг амжилттай хэрэгжүүлснээр зээлжих зэрэглэлээ олон улсын түвшинд “В-тогтвортой” ангилалд хадгалсан. Үүнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д дэглэм тогтоож, нүүрсний экспортыг нэмсэн, Хөгжлийн банкны 1.4 их наядын чанаргүй зээлийг төлүүлсэн зэргийг тэмдэглэв. Архангай аймаг 95 мянга гаруй хүн амтай, улсын төсвөөс 21 тэрбум төгрөгийн дэмжлэг авч байна. Цаашид урт хугацааны хөгжлийн бодлого гаргаж, аялал жуулчлал зэрэг эдийн засгийн томоохон төслүүдээ тодорхойлон, бие даан хөгжих боломж бүрдүүлэх хэрэгтэйг Ерөнхий сайд хэллээ.

 

Аймгийн ДЦС-ын барилгын ажлыг 2024 онд эхлүүлэх, самар түүх хугацааг есдүгээр сарын 15 болгон наашлуулж, эрхзүйн орчныг амьдралд нийцүүлэх, орон нутгийн өмчит “Тамир” зусланг олон улсын хүүхдийн зуслан болгох, Эрдэнэбулган сумын тавдугаар цэцэрлэгийн барилгыг шинээр барих, аймгийн МСҮТ-д тракторчийн анги нээх, ахмадын өргөөтэй болох, Булган уулын дархан цаазыг эргэн сэргээх, махны үнийг хөөрөгдүүлэхгүй, тогтвортой байлгах тогтолцоог хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлэх, аварга малчны шалгуурыг тооноос илүү чанарт шилжүүлэх, махны үйлдвэрийг цэгцлэх, цэрэгжилтийн хичээлийг ЕБС-ийн хөтөлбөрт оруулах, арьс шир боловсруулах, оёдлын үйлдвэр байгуулах, ӨЭМТ-д ашиглаж буй олон программыг цэгцлэх саналыг иргэд хэлжээ.

 

Уулзалтын үеэр “Эх голомтын илч” компанийн захирал Ч.Өсөхбаяр 26 жилийн өмнө өмч хувьчлалаар авсан аймгийн ДЦС-аа төрд буцааж өгөх болсноо зарлав. Ирэх онд улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх, төсөл үйл ажиллагааны талаар иргэд саналаа өгөв. Аймгийн төвд ДЦС, шинэ суурьшлын бүсийн дэд бүтцийн зураг төсөл, “Тамир” зусланг олон улсынх болгох төслийг эхний гуравт эрэмбэлэв. Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн автозамаас Хорго, Тэрхийн цагаан нуур хүртэлх 13 км хатуу хучилттай автозам, Эрдэнэбулган сумын 5-р цэцэрлэгийг шинээр барих, аялал жуулчлалын дурсгалт газруудад ариун цэврийн байгууламж бүхий түр амрах, отоглох цэг байгуулах, эмнэлэг, сургууль цэцэрлэг, дотуур байр, спорт заал, спортын ордны тоног төхөөрөмжийг шинэчлэх зэрэг хөрөнгө оруулалтыг жагсаажээ.

 

Эдгээрээс ДЦС, цэцэрлэгийн барилга, Хорго, Тэрхийн цагаан нуур хүртэлх автозам, шинэ суурьшлын бүсийн дэд бүтцэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг 2024 оны улсын төсөвт суулгахаар шийдэв.  ДЦС-тай холбоотой асуудлаар ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэхээр ахлуулсан ажлын хэсэг Архангай аймагт ажиллах юм. Цаашид иргэдийн оролцоонд тулгуурлан улсын төсвийг төсөвлөдөг, ЭЗХЯ-ны тооцоо судалгаанд тулгуурлан Сангийн яам баталдаг тогтолцоонд шилжинэ гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэснийг Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ