“Дэлхийн хуримтлалын өдөр-2023” аян Төв аймагт үргэлжлэв

Монголбанкнаас "Дэлхийн хуримтлалын өдөр-2023" аяны нэгдсэн арга хэмжээний хүрээнд Төв аймгийн Засаг даргын Тамгын газар болон бусад дэмжигч байгууллагуудтай хамтран "Хуримтлалын өдөрлөг"-ийг энэ сарын 20-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант, Лүн сумдад амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г. Энхтайван оролцож, хүрэлцэн ирсэн нийт иргэд, хүүхэд залууст хуримтлалын ач холбогдлын талаар мэдээлэл өгч, амжилттай суралцаж буй хүүхдүүдэд хадгаламжийн эрхийн бичгийг гардуулсан бол Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвөөс хуримтлал, хадгаламжийн ач холбогдлын талаар мөн сургалт хийж, дэлгэрэнгүй мэдээллийг өгч ажиллав.

Энэ жил “Дэлхийн хуримтлалын өдөр-2023” аяныг "Хамтдаа хуримтлуулж, ирээдүйгээ бүтээцгээе" уриан доор 10-р сарын туршид улс орон даяар өргөн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд Монголбанк, Хадгаламжийн даатгалын корпорац, Монголын банкны холбоо, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан болон бусад дэмжигч байгууллагууд хамтран идэвхтэй ажиллаж байна. Дашрамд сонирхуулахад, хуримтлалын ач холбогдлыг ойлгуулах, хуримтлуулах дадал бий болгох, хуримтлалтай иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилготой “Дэлхийн хуримтлалын өдөр”-т Монгол Улс 2012 онд нэгдэж, 2017 оноос эхлэн улс орон даяар тэмдэглэдэг болсон бөгөөд Монголбанкнаас үндэсний хуримтлалын бэлгэ тэмдэг болоод хадгаламжийн бүтээгдэхүүн, үйлчилгээг таниулах зэрэг олон нийтийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр сургалт уулзалтуудыг тогтмол зохион байгуулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ