АН-ын дарга Лу.Гантөмөр мэндчилгээ дэвшүүлэв

АН-ын дарга Лу.Гантөмөр ардчиллын өдрийн мэнд хүргэж МЭНДЧИЛГЭЭ дэвшүүлэв.

Хаалттай нийгэм, хараат улс, сонголтгүй иргэд, солигддоггүй төрийг халж улс төрийн шинэ хүчин Ардчилсан нам байгуулагдсан баярт өдөр тохиож байна. Монголчууд өрхөө татаж, үүдээ нээснээр хүн зон нь чөлөөтэй зорчиж, өөрийнхөөрөө амьдрах, улс орон нь дэлхийтэй хөл нийлүүлж, хөгжлийн далайд дарвуулаа дэлгэсэн билээ. Тэгэхлээр энэ өдөр зөвхөн Ардчилсан намын гишүүдийн баяр гэхээсээ хотол монголчуудын эрх чөлөө, тусгаар тогтнолын баяр.

Монголд олон намын тогтолцоо бий болж, иргэд нь сонгох сонгогдох эрхээр хангагдсан ч өнөөгийн эрх баригч намаас өөр улс төрийн хүчин дангаар төр барьсан дөрөвхөн жил л байдаг. Энэ хэрээрээ ардчилал гажуудаж, хүн зон нь эргэлзэж, улс орон дарангуйлал руу чимээгүйхэн гулсах боллоо. Алдагдсан он жилүүдийн гашуунаар улс төр хийхийг хүсэхгүй байгаа ч сургамж авч улс гэрээ өөд нь татаж, хүн зоныхоо амьдрал ахуйг дээшлүүлэх нөр их ажил биднийг хүлээж байна.

Тиймээ, бид баярлан цэнгэж хундага харшуулахаасаа илүүтэй гажуудсан ардчиллаа зөв гольдролд оруулж, иргэддээ үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх, амьдрал ахуйгаа төрөөс хамааралгүйгээр авч явах заяагдмал эрхийг нь олгох хөгжлийн цогц бодлого боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай болж байна. Ардчилсан намынхан чадна аа, та нартаа итгэж байна. Ингээд гишүүд, дэмжигчид болон ард түмэндээ Ардчилсан нам байгуулагдсан түүхэн баярт өдрийн мэндийг хүргэе.

Ардчилсан нам ард түмэнтэйгээ амь нэгтэй байх болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Zochin (176.189.88.83)
    Ичнэ гэж мэддэггүй ээ
    2024 оны 04 сарын 07 | Хариулах