Эдийн засаг, санхүүгийн нэр томьёоны тайлбар толь шинэчлэгдэн хэвлэгдлээ

Монголбанк, Санхүү эдийн засгийн их сургууль, Санхүүгийн зохицуулах хороо хамтран "Эдийн засаг, санхүүгийн нэр томьёоны тайлбар толь: Өнгөрсөн, Одоо, Ирээдүй" сэдэвт хэлэлцүүлгийг 2025 оны 3-р сарын 19-ний өдөр Монголбанкны төв байранд боллоо.
Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ой, Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн 100 жилийн ой болон хуучнаар Үнэт цаасны хороо буюу одоогийн Санхүүгийн зохицуулах хороо байгуулагдсаны 30 жилийн ойг тус тус тохиолдуулан “Эдийн засаг, санхүүгийн нэр томьёоны тайлбар толь бичиг”-ийг шинэчлэн боловсруулж, 2024 онд цахим хуудас (etoli.mn)-ны нээлтийг нь хийгээд байсан билээ. Тэгвэл энэ удаад шинэчилсэн тайлбар толь бичгийг хэвлэмэл хэлбэрээр нь гаргаж, олон нийтийн хүртээл болгосны дээр шинэчлэлийн ажлыг илүү үр дүнтэй, хүртээмжтэй болгохын тулд салбарын мэргэжилтнүүд, судлаачид, санхүүгийн зах зээлийн мэргэжлийн оролцогчдыг хамруулан хэлэлцүүлгийг мөн зохион байгууллаа.
Энэхүү хэлэлцүүлгийн үеэр өмнөх туршлагыг үнэлэн, цаашдын чиг хандлагыг тодорхойлох, тайлбар толийн агуулгыг улам баяжуулж, Олон улсын жишигт нийцүүлэхээс гадна хэрэглэгчдийн саналыг идэвхтэй тусгах нь чухал гэдгийг онцолж, хамтын ажиллагааны олон боломжуудыг хэлэлцлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ