"Сат-1" шүлхий өвчний вакциныг энэ сарын 24-нөөс хийж эхэлнэ
Баруун аймгуудад тавдугаар сараас эхлэн мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний шинэ хэвшил болох Сат-1 оношлогдож, халдвар гарсан аймаг, сумдад хөл хорио тогтоогоод байгаа билээ. Үүнтэй холбогдуулан БНХАУ-аас вакцин худалдан авахаар гэрээ байгуулсан талаар холбогдох албаныхан мэдээлж байсан юм. Тус ажлын явцын талаар Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Б.Болдбаатараас тодрууллаа. Тэрбээр, “Мал, амьтны хүрээлэнгээс гаргаж авсан Сат-1 хэвшлийн вакциныг худалдан авах гэрээг байгуулсан.
Өнөөдрийн байдлаар 1.6 сая тун вакцин Монгол Улсын хилээр нэвтэрч байна. Хил дээр ачаалал, тээвэрлэлт өндөр байгаагаас шалтгаалж нэвтрэхэд тодорхой хүндрэл гарч байгаа ч өнөөдөртөө багтан Улаанбаатар хотод ирнэ.
Үүний дараа шүлхий өвчин бүртгэгдсэн аймгууд руу тээвэрлэх бөгөөд энэ сарын 24-ний өдрөөс эхлэн сумдад вакцинжуулалтын ажил зэрэг эхэлнэ” гэлээ.
Уг 1.6 сая тун вакцин нь үхрийн тунгаар хэмжигдэж байгаа бөгөөд бог малын тунд шилжүүлбэл 3.3 сая тун болох аж. Төлөвлөгөөний дагуу халдвар бүртгэгдсэн 8 сумын өвчлөмтхий хонь, ямаа, үхрийг вакцинжуулалтад хамруулна.
Эхний ээлжинд голомтын дөрвөн сум болон тэдгээртэй хөрш зэргэлдээх дөрвөн сумыг хамруулахаар бэлтгэж байна.
Үүнээс гадна, Ховд аймгийн Булган, Үенч сумдад шүлхий өвчний 11 голомт бүртгэгдэж, 1485 толгой мал өвчлөн, 1304 толгой мал устгалд оруулаад байна. Мөн Алтай суманд Сат-1 хэвшлийн шүлхий өвчний халдвар илэрсэн тул эрсдэлээс сэргийлэх үүднээс Булган, Үенч, Алтай сум руу зорчих хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж, хатуу хорио цээрийн дэглэм тогтоолоо. Мөн мал сүргийг вакцинжуулах ажил эхлэх гэж байгаатай холбогдуулан, вакцины дархлаа бүрэн тогтох хүртэлх хугацаанд аймаг, сумын Үндэсний баяр наадмыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах саналыг аймгийн Онцгой комиссын хурлаар хэлэлцэн шийдвэрлэхээр ажиллаж байна. Иргэд, малчид та бүхнийг хариуцлагатай байж, мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийг дагахыг уриалж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ