Парламентийн тархи гоожчихоогүй байгаа нь итгэл төрүүлж байна

Далан зургаан тэнэгийн үлгэр мартагдаж, нэг зуун хорин зургаан мангарын цаг үе үргэлжилж байна уу даа гэмээр сошиал туйлшралд Монголын парламентийн нэр хүнд шалаар урсаж, шатаар нэгэнт уруудаж иржээ. Ерөөсөө ч сайн нэртэй хүн, сайн институци, байгууллага ховордсон цөвүүн цаг үе юмсанж. УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдэхийн хирээр явдаг суудаг квот, ярьдаг хэлдэг инфлюсер, лайвчин гишүүд борооны дараахь мөөг шиг олширч УИХ-ын гишүүдийн нэр хүнд ч улам бүр унасаар парламентэд итгэх итгэлд сөргөөр нөлөөлөх болсон байна. Эхэндээ эрхэм гишүүдэд нэр хоч зүүж инээдэм ханиадам болгож ирсэн бол эргээд энэ нь эмгэнэл болж парламентддаа санаа зовох байдал ч хаа сайгүй ажиглагдах болжээ. 

    Үе үеийн Ерөнхийлөгч нар л УИХ-ыг туйлдуулчихлаа, гадна дотны нөлөөлөл Монголын тусгаар тогтнолын дархлаа болсон парламентыг муухай харагдуулж байна гэж нүүрээ дарчихаад нуугдчихлаа гээд ичингүйрдэг хүүхэд шиг байсан цагийг халж, нүцгэн үнэнтэйгээ эвлэрээд шинэчлэгдэж өөрчлөгдөхөөр ажиллаж эхэлсэн юмуу гэмээр байдал сүүлийн үед анзаарагдаж буй нь бас ч гэж дэвшил. 

    Гэвч ардчилсан үндсэн хуулиар баталгаажсан Монголын парламентийн тархи тэгтлээ гоожчихоогүй байгаа нь итгэл төрүүлж байна. Ардчилсан монгол орны парламентийн уураг тархи нь хэдийгээр үндэс язгуур хууль мөн боловч, хүнээр, тухайлбал олон сонгогдсон туршлагатай гишүүдээр дамжиж төрийн залгамж чанараар хэлбэрждэг гэдэгтэй хэн ч маргахгүй бизээ. Өөрөөр хэлбэл Монголын парламентийн төрийн ой санамж, залгамж чанар нь болсон олон сонгогдсон туршлагатай парламентчид нь ч, шинэчлэл өөрчлөлтөд идэвхтэй оролцож эхлээд байгаа шинэ залуу үе нь ч УИХ-аа нээлттэй, хариуцлагатай, сахилга бат, дэг журамтай болгох шинэчлэл өөрчлөлтөд идэвхийлэн оролцоод эхэлжээ. Хуулиа гаргахгүй уддаг УИХ, хурлаа хойшлуулдаг байнгын хороо, хуралдаа ирдэггүй гишүүдийн ирц ч хуучин түүх болж үлдэх найдлага төрүүлж байна. Хэмжиж чадахгүй бол хянаж чадахгүй, хянаж чадахгүй бол удирдаж чадахгүй гэдэг шиг УИХ өөрийгөө оношилж, хэмжиж эхэлсэн байна. Зөвхөн Байнгын хороод нь гэхэд 58 удаа хуралдаагүй явж ирсэний 40 нь ирц хүрээгүйн улмаас, 20 шахам нь гишүүд нь ирцээ бүртгүүлчихээд гараад явчихдаг байдлаас үүдэлтэй хэмээн хэмжиж оношилжээ. 

   УИХ-ын гишүүд ажлын цагаа бүртгүүлдэг боллоо. Гишүүдийн зөвлөхүүд сургалтад хамрагдаж байна. УИХ-ын дарга татвар төлөгчид, бизнес эрхлэгчид, сэтгүүлчидтэй уулзаж сайн парламентийн бодлогоо танилцууллаа гэх мэдээ чих дэлсэх боллоо. Төд удалгүй Чуулганы ирц ил тод болсоноор УИХ-ын гишүүд ажлаа таслахгүй, цагтаа ирэхийг эрмэлздэг болсон тухай сайн мэдээ ч явж байх юм. 

     УИХ нээлттэй болсоноос хойш олон гишүүд өглөө 9 цагт ирж цагаа бүртгүүлдэг болсон тухай УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, С.Эрдэнэболд, Ч.Ундрам нарын хэд хэдэн гишүүд манлайлан ярьж байх. Хамгийн чухал нь олон нийт иргэд сонгогчид сонгосон гишүүдийнхээ ирцээс гадна гаргаж буй шийдвэрүүдийг ил тод хардаг цахим парламентийн засаглал хэрэгжүүлж эхэлсэнээр УИХ улам бүр нээлттэй болно гэдгийг тэд хэлж байна. Урсгал усанд бузар байдаггүй гэж ярьдаг шиг нээлттэй ил тод засаглал нь парламентийн засаглал булингаргүй, цэвэр тунгалаг болж, сайн парламент бүрдэхийн эх ундарга болдог нь дэлхийн парламентийн батлагдсан туршлага юмаа. Төв Азийн цээжинд орших Монголын Ардчилсан парламентийн засаглал Олон Улсын парламентийн холбооны гишүүн 183 орон дотроо өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж сайн парламентийн үлгэр жишээ болоосой.  

                                                                            Сэтгүүлч Дашдаваагийн Оюун-Ундрах

                                     

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (66.181.183.83)
    Sain parliamentiig Bymbatsogt dargaas harj huleej baina.Amjilt husey
    2026 оны 07 сарын 02 | Хариулах