Эрүүл мэндийн салбарыг намын ажилтайгаа андуурч явна уу, сайд аа

Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнгөрсөн нэгдүгээр сарын 8-нд тушаал гаргаж яамны харьяа тусгай мэргэжлийн 15 төвийн дарга нарыг нэг өдөр ажлаас чөлөөлсөн. Сонирхолтой нь чөлөөлөгдсөн дарга нарын дийлэнх нь хуучин албан тушаалдаа томилогджээ. Улсын нэг, хоёрдугаар төв эмнэлэг, ЭХЭМҮТ, Арьсны өвчин судлалын үндэсний төвийн дарга нар захирлын сонгон шалгаруулалтад тэргүүлж, хууль ёсны дагуу хуучин суудалдаа суусан. Тусгай мэргэжлийн зургаан төвийн дарга нараас бусад нь захирлын сонгон шалгаруулалтын үр дүнгээр албан тушаалаа баталгаажуулсан. Тухайн үед Эрүүл мэндийн яамнаас Гэмтэл, согог судлалын үндэсний төв, ХӨСҮТ, ХСҮТ, Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Хүүхдийн төв сувилал, Эмгэг судлалын үндэсний төвийн захирлын сонгон шалгаруулалтад өрсөлдөгчид шалгуур хангаагүй учир сонгон шалгаруулалтыг дахин явуулахаар боллоо гэсэн тайлбар өгч байв.

Өнгөрсөн тавдугаар сараас хойш захирлыг сонгон шалгаруулах товыг хэд хэдэн удаа тогтсон ч тодорхойгүй шалтгаанаас болж хойшлогдсоор өнөөдрийг хүрлээ. Гэтэл өнөөдөр сонгон шалгаруулалт явуулахгүйгээр бараг бүх асуудал шийдэгдэх шатандаа оржээ. Учир нь Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү сонгон шалгаруулалтад тэнцээгүй хэр нь өнгөрсөн долоо хоногт хуучин ажлаа авчээ. Тэгвэл Хавдар судлалын үндэсний төвийн захирал Л.Төмөрбаатар сонгон шалгаруулалтад огт ороогүй хэр нь мөн саяхан хуучин албан тушаалдаа суусан гэнэ. Цус судлалын үндэсний төвийн захирал Эрдэнэбаярын оронд захирлын үүрэг гүйцэтгэгч томилсон байсан бол өнөөдөр хуучин дарга ажлаа хүлээн авчээ. Үлдсэн зургаан эмнэлгийн захирлын сонгон шалгаруулалтыг есдүгээр сард явуулна гэж Эрүүл мэндийн дэд сайдын хэлж байсан нь худал болов бололтой. Дээрх захирлууд ямар ч шалгуургүйгээр, хууль бусаар томилогдлоо.

Одоогоор Эмгэг судлалын үндэсний төв, Хүүхдийн төв сувилал, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирлын асуудал шийдэгдээгүй байна. Гэмтлийн эм нэл гийн тухайд Н.Удвал сайд намын нөхөр, Хан-Уул дүүргийн МАХН-ын Мянгатын дарга, мэс заслын эмч Л.Жамбалжавыг өнгөрсөн тавдугаар сарын 29-ний өдөр захирлаар томилсон. Энэ нь мөн л хууль бус томилгоо байсан тул багагүй эсэргүүцэлтэй тулсан. Эрхэм сайд энэ шийдвэрээсээ буцаж, Л.Жамбалжавыг наймдугаар сарын 22-ны өдөр захирлын албан тушаалаас чөлөөлөн, үүрэгт ажлыг нь тус эмнэлгийн дэд дарга Д.Мөнх баярт шилжүүлсэн байна. Мань Л.Жамбалжав уг тушаалыг нуун дарагдуулж ажлаа хэвийн үргэлжлүүлж, тушаал шийдвэрт гарын үсэг зурсаар байсан нь 26 хоногийн дараа буюу энэ сарын 15-ны өдөр илчлэгджээ. Салбарын сайдаасаа халагдах тушаал авсан Л.Жамбалжав эмч сар орчим хугацаанд ямар тушаал, шийдвэрт гарын үсэг зурсныг нягталж шалгах нь зүйтэй. ГССҮТ-д Монгол, Францын Засгийн газар хоорондын гэрээний дагуу 5.5 сая еврогийн хөрөнгө оруулалттай томоохон төсөл хэрэгжихээр болжээ. Энэ ажлаар Францаас тус эмнэлэгт эмч, мэргэжилтнүүд ирсэн нь Л.Жамбалжавыг ажлаас чөлөөлөгдчихөөд захирлын дүр эсгэж байх үетэй давхцав. Эмнэлгийн захирал хэмээн гадаадын түншүүдтэйгээ уулзаж байсан тэрбээр сүүлийн өдрүүдэд бараагаа харуулалгүй алга болжээ.

Төрийн албыг тоглоомын алба болгосон захирлынхаа залийг хожуу мэдсэн эмч нар арга буюу франц түншүүддээ үнэн учрыг хэлж, гаднынхны нүдийг орой дээр нь гаргажээ. Улсдаа гэмтлийн нарийн мэргэжлийн тусламж үзүүлдэг ганц том эмнэлэг ингэж харийнх ны өмнө шившгээ дэлгэв. Харьяа эмнэлэгт нь ийм эмгэнэлт, инээдэмт жүжгүүд цувралаар тавигдаж байгааг Н.Удвал сайд мэдсэн болов уу. Францтай хамтран гурван жил хэрэгжүүлэх төслийн хү рээнд тус эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг бү рэн шинэчилж, эмч, мэр гэжил тэн, инженер техникийн ажилтнуудыг сургах юм билээ. Хуваарийн дагуу бол манай тал эмнэлгийн байрандаа засвар хийж, тоног төхөөрөмж суурилуулахад байраа бэлдэх ёстой аж. Засварын ажилд зориулж Улсын төсвөөс 230 сая төгрөг баталж өгсөн ч түр зуур буугаад мордох захи рал юу ч хийсэнгүй. Тоног төхөөрөмжүүдийн эхнийх арваннэгдүгээр сард ирнэ гэж хэлээд францчууд буцжээ. Дээрээ толгойгүй энэ эмнэлгийнхэн яах гэж байгааг мэдэх хүн алга. Тус эмнэлгийн захирлаар Н.Удвал сайд “Ачтан Элит” эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч Ц.Энхбаяр хэмээх бүсгүйг хууль бусаар томилох гэж байгаа тухай яриа эмнэлгийн хамт олны чихэнд хүрч, эсэргүүцэл дургүйцлийг нь хүргээд байна.

“ГССҮТ нь өөрийн онцлогтой, шалгуур өндөртэй, шилдэг арга барилтай, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн чадварлаг, мэр гэшсэн боловсон хүчинтэй. Бид нэг ашиг сонирхол, улс төрийн томилгоогоор ирсэн даргыг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн утга бүхий албан бичгийг өнгөрсөн лхагва гаригт салбарын сайддаа хаяглан илгээжээ. Ц.Энхбаяр гэж хэн бэ? Түүнийг III эмнэлэгт ажиллаж байхад Л.Гүндалай сайд байхдаа тус эмнэлгийн даргаар томилсон ч хамт олон нь эсэргүүцсээр ажиллах нөхцөлгүй болгосон. Эцэст нь тэрбээр “Ачтан Элит” эмнэлэгт очсоныг хүн бүр мэдэх билээ. Н.Удвал сайд эмэгтэй хүнийг дэмжих сонирхолтой. Энхбаяр эмч дарга болох хообийтой бололтой. Тэрбээр өнгөрсөн хавар Улсын гуравдугаар төв эмнэлгийн захирлын сонгон шалгаруулалтад хоёр дахь удаагаа өрсөлдсөн ч ялагджээ. Сайд түүнд Эрүүл мэндийн яамны газрын даргын албан тушаал санал болгосон ч голсон гэж байгаа. Тэгэхээр энэ хүний эцсийн буудал гэмтлийн эмнэлэг үү? Улсын гуравдугаар төв эмнэлгийн дарга асан, Төрийн шагналт, гавьяат эмч Б.Батчулуун эмнэлгийн дарга нарын сонгон шалгаруулалтад тэнцсэн ч сайд албан тушаалаас нь чөлөөлжээ. Б.Батчулуун дарга хууль бусаар ажлаас халагдсан хэмээн гомдол гаргаж шүүхэд хандсан байна. Шүүхээс түүнийг “Хуучин ажилд нь буцаан томил” гэсэн шийдвэр гаргажээ. “Гэхдээ би даргын албан тушаалд шунаагүй. Хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн хохирлоо хууль ёсны дагуу нэхэмжилсэн хэрэг” гэж товчхон хэлэв. Ийм үлгэр жишээч байдал манайд дутаж байна.

Хуучин дарга нарыг ажлаас чөлөөлөх нь буруу биш. Тэр дундаа удаан ажилласан дарга нарыг шалгуур хангасан, чадварлаг залуучуудаар сольж цус сэлбэх хэрэгтэй. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдэг. Сайд тэднийг халахаас юунд нь айна вэ? Манайхан ажлаас чөлөөлсөн үндэслэлээ сайн гаргаж чаддагг үй учир халагдсан дарга нь шүүхдэн заргаа авч, хуучин албан тушаалдаа суудаг буруу жишиг тогтжээ. Гэхдээ дарга нарыг халж, солино гэдэг эрх мэдэлдээ дулдуйдан өөрийн гар дорх хүмүүсийг дураараа томилж, хууль зөрчихийн нэр биш. Н.Удвал сайд эм нэлгийн дарга нарын сонгон шалгаруулалт явуулах хугацааг хойшлуулсаар эцэст нь энэ асуудлыг өөрийн үзэмжээр сэмхэн шийдэж байна. Сонгон шалгаруулалтаар томилогдох учиртай дарга нар сайдын үзэмжид найджээ.

Улсын хэмжээнд нарийн мэргэжлийн тусламж үзүүлдэг эмнэлгүүд найман сар даргагүй байсан нь эмнэлгүүдийн хэвийн үйл ажиллагааг доголдуулахад хүргэлээ. Энэ хугацаанд Хавдар судлалын үндэсний төвийн туяа эмчилгээний аппарат, Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн цус шүүгч аппарат эвдэрч хэсэг сандаргалаа. Хууль бус захирлаас болж Гэмт лийн эм нэлгийнхэн гад нынх ны өмн ө булайгаа дэл гэ лээ. Н.Удвал сайдын хутгасан бантан эрүүл мэндийн салбарын нэр хүн дийг унагаж байна. Ерөнхийлөгчийн сонгууль өндөрлөж, намын даргаа ч төмөр торны цаанаас гаргаад авлаа. МАХНын гишүүн сайд эрүүл мэн дийн салбараа умартаж, хувийн сонирхол, намын ажилдаа умбаж явна уу.

"Өнөөдөр" сонин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ