Монголын цаг агаар, ардчиллын уур амьсгал таалагдав

Ойрын хэд хоног Улаанбаатарын цаг агаар зочломтгой эзний зангаар налайж,  Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хуралд оролцсон 104 оны 1300 гаруй төлөөлөгчдийн тав тухыг алдагдуулсангүй. Хуралд Тайландын Ерөнхий сайд хатагтай Йинлак Чинават, Европын комиссын дэд ерөнхийлөгч хатагтай Катрин Аштон,  Йемений хүний эрхийн төлөө тэмцэгч, Нобелийн шагналт хатагтай Тавакул Карман, ардчиллын бэлгэ тэмдэг, Нобелийн энх тайвны шагналт хатагтай Аунг Сан Су Чи нарын улс төр, нийгмийн зүтгэлтэн эмэгтэйчүүд хүрэлцэн ирсэн нь Монголын урин хавартай давхцав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хурлыг нээж хэлсэн үгэндээ, ардчилал, эрх чөлөөний тухай бусдад зааж сургах бодол бидэнд алга. Харин бусадтай хуваалцах сургамж бол бидэнд байна. Манай орны ардчилсан тогтолцоонд шилжих зам амар хялбар байгаагүй. Одоо ч амар хялбар биш байна. Ардчилал бол очих газар биш, явах зам. Бид бүгд эрх чөлөөний хүчинд итгэдэг гэсэн нь олон улсын энэ арга хэмжээний агуулгыг тод тодорхойлоод эрх чөлөө, ардчиллын хамгийн том дайсан бол авлига, муу засаглал хэмээн онцолсон юм.

Тиймээс төр, иргэний нийгмийн хамтарсан салбар хуралдаануудын нэг нь “Авлига ба ардчилалд учирч буй бусад аюул” сэдвийн дор болллоо. Мөн “Иргэний нийгэм, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд учирч буй аюул”, “Ардчиллын боловсрол”, “Арабын хаврын хоёр жил: Сургамж ба сорилтууд”, “Ардчилал ба Мянганы хөгжлийн зорилтууд”, “Онлайн ба хэвлэлийн эрх чөлөө” зэрэг хуралдаан төлөөлөгчдийн анхаарлыг ихээхэн татаж, өргөн хэлэлцүүлэг өрнөлөө.

Йемений хүний эрхийн төлөө тэмцэгч, Нобелийн шагналт, сэтгүүлч, улстөрч хатагтай Таваккол Карман УИХ-ын дарга З.Энхболдод бараалхахдаа, төр хэвлэлгүй болсон туршлагыг сонирхож, энэ нь зөвхөн Йемен төдийгүй бүх Арабын орнуудад үлгэр жишээ болох асуудал гэж онцоллоо. Түүнчлэн улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог квотоор нэмэгдүүлснийг сайшааж, илүү оновчтой байж мэдэх энэ туршлагыг өөрийн орондоо хэрэгжүүлэхийн тулд хатуу зогсох болно гэсэн юм.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Европын комиссын дэд ерөнхийлөгч бөгөөд Европын холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч хатагтай Кэтрин Эштоныг хүлээн авч уулзав. Хатагтай К.Эштон Монгол Улсын Засгийн газар Европын холбооны нийтлэг зарчим, стандартыг эх орондоо нутагшуулахаар чармайж байгаад талархлаа илэрхийлээд худалдааг хөнгөвчлөх, дэмжих чиглэлээр Европын холбооны зүгээс дэмжлэг үзүүлэхээ тэмдэглэж, 1920-иод оноос эхтэй боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, оюутан солилцоог нэмэгдүүлэх боломжтой гэдгээ илэрхийллээ. Тэр Европын комиссын Ерөнхийлөгч ноён Ж.М.Барросо ойрын хугацаанд зочлон ирэхээр төлөвлөж буйг уламжлав.

Бага хурлын гурван өдөр таван салбар чуулга уулзалт, есөн сэдэвчилсэн бүгд хуралдаан, бүс нутгийн нэг, хоёр талын олон уулзалт, Сайд нарын албан ёсны хурлыг оролцуулаад нийт 18 хуралдаан болж, 100 гаруй зочин, төлөөлөгч үг хэлж, санал бодлоо хуваалцсанаар “Улаанбаатарын тунхаглал” төгсгөлийн баримт бичиг батлан гаргалаа. Тунхаглалд дэлхий нийтэд хандан таван зүйл уриалсны дөрөвдүгээрт, мэдээллийн ил тод байдлыг хангана гэдэг нь авлигатай тэмцэх үйл явцыг дэмжих үндсэн чухал хэсэг нь учраас иргэдэд хүрэх мэдээллийн ил тод байдлыг Засгийн газраас хангахын зэрэгцээ, улсын төсөв, зарлага, янз бүрийн сангуудын хөрөнгийг хэрхэн зарцуулж байгаа нь олон нийтэд ил тод байх ёстой гэжээ.

АОХН-ийн Сайд нарын VII бага хурлыг хааж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ, би эх орноо ардчиллын гэрэлт бамбар гэж боддог. Нэгэн цагт монголчууд дэлхийд хамгийн урт хана хэрэм босгоход хүргэж байсан. Эдүгээ бид аливаа дарангуйлал, шударга бус дэглэмийн хана хэрэм, төмөр хөшгийг нураахад бусдад туслахыг хүсч байна. Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг дэх үүрэг оролцоогоо цаашид ч тууштай үргэлжүүлнэ гэсэн нь олон орны зочид төлөөлөгчдийн талархлыг хүлээв.

 Ардчиллын төлөөх парламентчдын форумын Ерөнхийлөгч Эмануэлис Зингерис хэвлэл мэдээллийнхний анхаарлын гадна үлдэж боломгүй үг хэлсэн билээ. Тэрээр Монгол Улсын ардчилал өсөн бойжиж, насанд хүрчээ гэж хэлж болохоор байна. Бид ардчиллын үр шимийг хүртэхийн тулд хяналтаа тавьж, мөн ил тод байдлаа хэрхэвч мартаж болохгүй. Ил тод байдлыг хөгжүүлэх гэдгээр авлигатай тэмцэх гэсэн гол санаа илэрхийлэгдэж буй юм. Дэлхий дахины хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, “Нью Иорк Таймс” сониноос эхлээд энэ асуудалд анхаарлаа чиглүүлж ирсэн. Ард иргэдийн хувьд Засгийн газар авлигатай ямар хэлбэрээр, хэрхэн тэмцэж байна вэ, бидний сонгосон парламентын гишүүд авлигаас ангид байхыг биеэр үзүүлээд зогсохгүй, үүнтэй тэмцэхэд хэрхэн гар бие оролцож байгааг харж хүлээж байдаг. Интернэт, цахим сүлжээ хөгжин, мэдээлэл асар хурдтай түгж байна. Засгийн газрын албан тушаалтан, улстөрчид оффшор дансанд хувийн хадгаламж нээн, ёс зүйн алдаа гаргаж байгааг бид харж байна. Далд зүйл гэж үгүй болжээ гэсэн юм.

Өмнөх Бага хурал Латвид болсон бол дараагийнх нь Эль Сальвадорт чуулах юм. Тус улсын Гадаад хэргийн сайд Хюго Рожер Мартинез Бонилла, ардчиллын процессын олон төрөл зүйлийг хүлээн зөвшөөрч, ардчиллыг дэмжигч бүх улс оронтой хамтын ажиллагаа, харилцан ойлголцолд хүрч, ардчилсан хөгжлийн замыг тодорхойлох аливаа эрхийг хүлээн зөвшөөрч ажиллана” гэдгээ мэдэгдлээ.

 

 

 

 

  //

  //

  // .jpg","thumb":"s/n/s/n.jpg"}]

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

7 дугаар сард цаг агаар
Өчигдөр 08 цаг 49 мин