Найман яам 491 албан хаагч “төрүүлжээ”

Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсаны дараа төрийн алба руу гэнэтийн механик нүүдэл чиглэж, үүнийг даган төр, нийгмийн аюулгүй байдал, хөгжил цэцэглэлт, хувь заяаг хариуцах учиртай энэхүү алба чадваргүй нөхдийн цуглуулга болон хувирах вий гэсэн болгоомжлол өрнөх болсон.

Энэ үеэр буюу 2012 оны наймдугаар сард Ерөнхий сайд Н.Алтанхуяг ээлжит мэдэгдлээ хийж “Би төрийн албанаас хүн халахгүй, төрийн албаны орон тоог нэг ч хүнээр нэмэгдүүлэхгүй, хоморголж халахгүй. Ийм явдал гарвал би хар толгойгоороо хариуцлага хүлээхэд бэлэн” хэмээсэн нь өдгөө баримт болон үлджээ.

Өнөөдөр Монголын төрийн алба Засгийн газар, УИХ-ын гишүүдийн төдийгүй тэдний найз нөхөд, хань хамсаатан, ах дүү амраг садныг шингээсэн асар том “агуулах” болон хувирсныг баримтууд гэрчилсээр байгаа. Энэ бол Н.Алтанхуягийн Засгийн газрыг нөмөрсөн хурц шүүмжлэлийн нэг.

Төрийн албанд өнгөрсөн хугацаанд халаа сэлгээ эрчтэй явагдаж, ажлаас хууль бусаар халагдсан хүмүүсийн гомдол зарга шүүх засаглалыг илүү цагаар ажиллахад хүргэж байгаа.

Түүнчлэн яамдын Төрийн нарийн бичгийн дарга нараас эхлэн төрийн захиргааны мэргэшсэн түшмэдийн хэрэгцээ төрийн албанд үгүй болж, Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалт зөвхөн захиалагч байгууллагын буюу даргын “тамгалсан” онцгой эрхтэй хэн нэгэнд зориулагдаж, төрийн алба үндсэндээ сульдаатай хүүхэд шиг болоод байна.

Мэргэшсэн, тогтвортой байх учиртай энэ алба ердөө жил хагасын дотор намчирхаж, нутгархах үзлийн үерт автаж, эрх мэдэлтнүүд төрийн байгууллагын тогтсон хэв маягийг хээв нэг эвдэж, боловсон хүчний бодлогыг завхруулан, залгамж халааг эвдэх болсон. Үүнтэй зэрэгцэн төрийн албаны бүтэц данхайн, толгойгоо даахгүй шахам болов.



Өнгөрсөн оны тавдугаар сард “Төрийн албаны орон тоо данхайж, төрийн захиргаа, төв байгууллагад ажиллагсдын тоо олон мянгаар нэмэгдсэн” гэх баримт дэлгэгдэж байв. Харин үүнийг Засгийн газрын тэргүүн эрс үгүйсгэж байсан юм. Засгийн газартай холбоотой энэ маргааныг нягтлан шалгахаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнгөрсөн оны аравдугаар сард Ажлын хэсэг томилсон билээ.

Эл Ажлын хэсэг төрийн захиргааны байгууллагуудын уялдаа холбоо, эрх зүйн зохицуулалтын асуудал, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого зорилтууд, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл улсын төсөвтэй уялдаж буй эсэх, УИХ-ын шийдвэр болон Засгийн газрын тогтоол хэрхэн хэрэгжиж байгааг шалгахаар болсон.

Түүнчлэн нийгмийн сэтгэл зүйд нэлээдгүй нөлөөлж, хэрүүлийн алим дэгдээж буй төрийн албаны бүтцэд гарсан өөрчлөлтийг хянах үүрэг хүлээсэн юм. Ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт тайлангаа гаргасан бөгөөд дүгнэлтийг өчигдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх ёстой байсан ч хуралдаан болсонгүй.

УИХ-ын сонгуулийн дүнгээс хамаарч Засгийн газар солигдох тоолонд хэлмэгдэж, төрийн албаны чадавхийг сульдаадаг байдлыг халах зохилгоор 2012 оноос өмнө төр тогтвортой байдлыг хангах арга замыг боломжийн хэмжээнд эрэлхийлж байсан. Гэвч өнгөрсөн УИХ-ын сонгуулийн дараа энэ зарчим бүрнээ алдагдсан гэдгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсэг тогтоожээ.

Дүгнэлтэд төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтэц, зохион байгуулалт Парламентын засаглалтай болсон 1992 оноос хойш тогтворгүйтэж, УИХ-ын сонгуулиас сонгуулийн хооронд огцом өөрчлөгдөж байгаа талаар дурдсан байна.

Төрийн алба засгийн эрх барьж буй улс төрийн намуудын гишүүдээ суурьшуулах үүр болж эхэлсэн бөгөөд эрх баригчид албан тушаалын бялуу хуваах аргаа төрийн яам, агентлагийн бүтцэд шингээн, нийлүүлж салгах, нэмэж хасах замаар хэрэгжүүлж иржээ. Шинэчлэлийн Засгийн газар ч энэ аргаас татгалзаагүй.

Н.Алтанхуягийн танхим өмнө байсан 11 яамыг 16 болгон нэмсэн бөгөөд яамдын тоог өсөн нэмэгдүүлсэн шалтгаанаа Ерөнхий сайд “Бид хэдийгээр яамдын тоог нэмсэн ч 43 агентлагийг 28 болгож цөөлсөн. Тэгэхээр төрийн алба томрох учиргүй” хэмээн тайлбарлаж байв.

Шинэчлэгч засаг яамны тоог өсгөхдөө 2012 онд үйл ажиллагаа явуулж байсан дөрвөн яамыг найм болгон “өндөглүүлсэн” байдаг. Харин татан буугдсан агентлагуудад улсын үйлдвэрийн газар гэсэн “шошго” наасан юм. Ингэхдээ өмнө нь байсан хэрэгжүүлэгч 15 агентлагийг татан буулгах нэрээр шинээр байгуулсан дөрвөн яамны бүтцэд багтааж, бусдыг нь төв, инстиут гэхчилэн нэрлэж, улсын үйлдвэрийн газар нэрээр төсөвт байгууллага хэвээр үлдээжээ.

Үүн дээр Засгийн газраас хараат бус байлгах зорилгоор удирдлагыг нь УИХ-аас томилдог Монгол банк, Төрийн албаны зөвлөл зэрэг байгууллага болон шинээр байгуулагдсан улсын үйлдвэрийн газруудыг нэмэхээр төрийн байгууллагын тоо буурсан биш улам бүр өссөнийг харж болно. Засаг ийнхүү өөрчлөлт хийхдээ яам, агентлагийн үндсэн чиг үүргийн давхардлыг арилгаж, илүүдлийг танан, төсвийн ачааллыг багасгах талаар бодох нь бүү хэл зарим яамны чиг үүргийг салбарлан мөчирлүүлж, томсгосныг Ажлын хэсэг тайландаа дурджээ.

Төрийн алба хэрхэн хүрээгээ тэлж, томорсныг Боловсрол шинжлэх ухаан, Соёл, спорт, аялал жуулчлал, Зам тээвэр, Барилга хот байгуулалт, Уул уурхай, Эрдэс баялаг, Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн яамны жишээнээс харъя. Эдгээр яам хуучнаар БСШУЯ, ЗТБХБЯ, ЭБЭХЯ, НХХЯ нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байх үедээ нийт 264 албан хаагчтай байсан бол тус бүртээ хоёр хуваагдаж, найм болж үржсэнийхээ дараа 755 албан хаагчтай болоод байна.

Найман яам ердөө жил хагасын хугацаанд 491 албан хаагчийг шинээр “төрүүлсэн”. Үлдсэн яам агентлаг, улсын үйлдвэрийн газрууд энэ хугацаанд хэдэн төрийн албан хаагч “өлгийдсөн”-ийг Ажлын хэсэг тайландаа дурдаагүй байна. 2012 оны эхний хагас жилд 124 мянга байсан төрийн албан хаагч өнөөдөр 162 мянга болсон гэх баримт яригдаж байгаа. Үүний 2700 нь улс төрийн албан тушаалтан, 15 мянга нь төрийн захиргааны албан хаагч, 110 мянга нь төрийн үйлчилгээнийх, үлдсэн нь төрийн тусгай албан хаагч аж. Гэвч энэ тоо өнөөдөр өсөн нэмэгдсээр 220 мянга давж яваа тухай албан бус мэдээ бас бий.

Төр ийн данхайхын зэрэгцээ өмнө нь нэг хүний хийдэг байсан ажлыг өнөөдөр 3-4 хүн “дамжилдаг” болсон байна. Энэ бол сонгуулийн ялалтын бялуу хуваарилалтын сонгодог жишээ, төрийн алба нам доторх бүлэг фракц, эвсэл, хамтрагчдын амыг тосдох хэрэгсэл болсныг гэрчлэх баримт. Нөгөө талаар яам, тамгын газрууд ажлаа мэдэхгүй газар, хэлтсийн дарга, мэргэжилтнээр дүүрч, олноор нь хоморголж ажлаас халсны улмаас нотолгоо, судалгаатай бодлого боловсруулж, төрийн бодлогын тогтвортой байдлыг хангах чадвартай ажилтны хомсдол нүүрлэж, төрийн шийдвэр гаргах тогтолцоо нуран, засаглалын чадвар сулрах аюул тосож байна. Ажлын хэсгийн дүгнэлтэд Байгаль орчин, ногоон хөгжил, Эдийн засгийн хөгжлийн яамны чиг үүргийг онцлон дурдсан нь анхаарал татаж буй.

Тодруулбал, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газраас бусад нь хуучин БОАЖЯ-ны бүтэц, чиг үүргээс ялгарах онц гойд юмгүй. Н.Батбаяр сайдын хариуцсан Эдийн засгийн хөгжлийн яам Ногоон хөгжлийн бодлогын уялдааг хангах, үйл ажиллагааг зохицуулах үүрэг хүлээсэн төдийгүй бусад яамны зарим чиг үүргийг хариуцаж байгаа нь төрийн байгууллага хоорондын ажил давхардаж, үйл ажиллагаа нь тасалдаж, мухардал үүсгэх суурийг тавьсан гэж дүгнэжээ.

Агентлагуудын тухайд тэд хуулиар олгосон чиг үүргээ хэрэгжүүлдэггүй, заримынх нь чиг үүрэг давхардсаныг бас онцолсон байв. Түүнчлэн яамдууд агентлагийн хийх ёстой ажлыг өөртөө татан төвлөрүүлж, яамны эрх мэдэлтнүүд мэргэшсэн байгууллагуудын өмнүүр орж шийдвэр гаргаж суугаа нь илэрчээ.

Засгийн газрын 28 агентлагийн арав нь төвлөрсөн удирдлагатай болж, орон нутагт ажиллаж буй мэргэжилтний ангилал, зэрэглэл, цалин хөлс нь нутгийн захиргааны байгууллагын мэргэжилтнээс дээгүүр болсон ялгаа гарсан байна.

Адил албан тушаал, ижил цалин хөлсний үндсэн зарчим болох төрийн албан хаагчдын ангилал, зэрэглэл, цалингийн сүлжээ ийн зөрчигдөж байгаад Засгийн газар анхаарал хандуулах нь бүү хэл хүлээн зөвшөөрөх ч дургүй байгаа.

Улс төрөөс ангид, өөрийн гэсэн дархлаатай байх учиртай мэргэшсэн төрийн албан хаагчийн нөөц шавхагдан суларч, бодлого, уламжлал нь алдагдсаар. Сайнаас илүү саарыг дуулгах энэ баримтад УИХ анхаарлаа хандуулахгүй гэнэ. Дүгнэлтийг зөвхөн Төрийн байгуулалтын байнгын хороогоор ёс төдий хэлэлцэх аж. Энэ тэгээд том төр үү, ухаалаг төр үү?

Д.Отгонжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт -12 хэм хүйтэн
Өчигдөр 08 цаг 29 мин