Хошин шогчдод эзлэгдсэн монголын урлаг мөхөх үү

Аливаа урлагийн дүрслэл нь хэлбэрээсээ хазайж мөн чанар нь алдагдвал нийгмийг гэгээрүүлэх биш харин ч эсрэгээрээ бухимдуулж, хилэгнүүлдэг гэмтэй. Өнөөдөр манай хошин урлагийнхан нийгмийг яг л ийм хандлага руу хөтөлж байна. Харамсалтай нь хөтөлж яваа нь ч, хөтлүүлж буй нь ч ойлгохгүй байгаа юм. Энэ ганц манайд тохиолдоод буй хэрэг ч биш аж. Инээлгэх урлагийн загалмайлсан эцэг Чарли Чаплингаас залхсан англичууд нь ад үзэж байхад америкчууд эгээ л шинэ содон зүйл аятай хүлээж авсан гэдэг. Өнөөх муу хэлэгддэг хуучин нийгмийн үед урлагт социалист реализм гэж чухал сүрхий номлол байв. Бүгдийг хайрцаглан "изм"-ээр баглах гэлээ хэмээн дургүйцэж, энэ тухай сонссон өнөө цагийнхан өрөвдөх хэдий ч чухам тэрхүү социалист реализмын ачаар монголчууд өрнийн соёлд гарамгай сайн суралцаж чадсан. Түүний хаялга өдгөө биднийг урлаг соёлын хөгжлөөрөө тивдээ ялгарахаар тэнхээтэй болгож бойжуулсан.

Харамсалтай нь сүүлийн үед манайд драм гэхэд драм биш, хошин шог гэхэд ч хэцүү нэг тийм хавсармал урлаг бий болчихоод байна. Ардчилсан чөлөөт нийгэмд бүх зүйл чөлөөтэй байх ёстой гэх ч нүд сэтгэлийг мялааж, оюуныг баясгах тайзны урлагт юуг үзүүлж, юуг эс үзүүлэх вэ гэсэн цензур бага ч болов байх хэрэгтэй юм. Ялангуяа хэтэрхий хөнгөнд уруу татаж, хэл үгийн соёлыг хугалж нугалж байгаа хошин урлагийнханд алдаа их байна. Учир нь тэд хүссэнээ тоглодог. Хэдийгээр хошин шогоор нийгэмд бугшсан буруу зөрүүг шүүмжилж нэг үгээр эмчилж байна хэмээх ч яг үнэндээ эмчлэгч биш хордуулагч болон хувирч буй юм.

Оросын алдарт зохиолч Ф.М Достоевский "Хошин шог хэрээс хэтрэхэд нийгмийн гоо сайхан алдагддаг" гэсэн нь Монголд жинхэнэ утгаараа мэдрэгдэж эхэлжээ. Өнөөдөр дэлхийн сонгодог бүтээлийг тайзнаа амилуулсан мэргэжлийн театраас нийгмийг хүчээр инээлгэх гэж ялих шалихгүй зүйлээр алиалж байгаа хошин урлагийн продакшнууд илүү үнэлэгдэх болжээ. Ганцхан жишээ дуулгахад Соёлын төв өргөө гэж Монголдоо тайз хийгээд суудлын тоогоор тэргүүлэх ганц газрыг нь хошин шогчид 2015 он хүртэл сул өдөр үлдээлгүй түрээсэлчихсэн тухай өнгөрсөн жил ярьж байсан. Тэднийг уран бүтээлийн алс хэтийг харуулсан бодлого төлөвлөгөөтэй гэж итгэж үнэмшихэд бэрх. Голдуу л эмээ, ээж, эхнэр, хадмуудынхаа дүрд хувирч тэднийгээ доромжлоод эхэлдэг. Ухаалаг монгол эмэгтэйн ариун мөн чанарыг дэндүү бүдүүлгээр дүрсэлдэг. Түүний зохиол гэж барьж авах юм байхгүй. Тоглосныг нь цаасан дээр буулгаад ч тоож унших хүн олдохгүй нэг үгээр хэрүүл, хэтрүүлэг, марзаганалыг ам барьсан дуу хуур, тоотой хэдхэн хөдөлгөөнтэй бүжгэрхүү зүйлээр чимээд л тайзны бүтээл болгочихож байгаа нь даанч хэцүү.

Тийм бүтээлээ хилийн чанадад хүртэл тоглож Монголын урлагийн нэр хүндийг навс унагасан жишээ баримт ч дуулдах болов. Өнгөрсөн жил Өвөр Монголд М.Баярмагнай, Н.Онон тэргүүтэй хошин урлагийнхан очиж тогложээ. Тэд тоглолтоо "Эмэгтэйчүүдийн салтаа байцаах газар" гэж нэрлэсэн байсан гэнэ. Эмэгтэйчүүдийн эмнэлэг л гэсэн үг бололтой юм. Тэнд өрнөж буй элдэв зүйлийг хөгжилтэйгээр үзүүлсэн юм болов уу хэмээн ойлгогдов. Үзээгүй учир илүүг хэлэх боломж алга. Гэхдээ энэ тоглолтыг нь үзсэн Өвөр Монголын эмч З.Сүхээ гэгч тун ч их уурсч, цахим ертөнцөөр бухимдлаа илэрхийлснийг уншсан. Тэрбээр 'Тэр Монгол Улсын хошин жүжигчдэд хэдэн үг хэлмээр байна. Би өөрөө эмч хүн тэгээд ч урлагийн хүмүүсийг оюун санааны эмч гэж боддог. Энэ цаг үед урлагийнхны дуу хоолой ард олны оюун санааны өвчнийг анагаах эм байх ёстой. Тэд оргүй хоосон үг зохиож улсаар нь инээлгэж байгаад харамсч байна. Эмэгтэйчүүдийн эмнэлгийн тийм хаяг хаанаас олж харсан юм бол. Өвөр монголд байгууллагын хаяг яаж бичиж, яаж байрлуулах тухай маш нарийн хуультай. Түүнийг зөрчвөл том торгууль ноогдуулдаг гэж бичжээ.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт -12 хэм хүйтэн
Өчигдөр 08 цаг 29 мин