Тэнэг гэмт хэргүүд

Хайнгын гай

Америкийн Калифорни дэх Макдоннель Дуглас компанийн гурван ажилтан банк дээрэмдэхээр шийджээ. Энэ гурав зүгээр ч компанид биш харин сансар, нисэх онгоцны компанид ажилладаг ухаантай хүмүүс байсан болохоор цайныхаа цагаар дээрэм хийчихээд баригдах магадлал хамгийн өндөртэй эхний хэдэн цагийг компанийхаа цайны газарт гэмгүй царайлан сууж өнгөрөөхөөр шийджээ. Ингээд хэдэн долоо хоногийн туршид багаа яаж өмсөх, буугаа яаж гаргах, хэрхэн зугатах зэргийг бэлтгэлийн сэкунд хэмжигч барьж байгаад маш сайн давтсаны эцэст дээрмээ хийжээ. Дээрэм ч амжилттай болж ямар ч алдаа гаргасангүй. Тэгээд компанийхаа цайны газар гэмгүй царайлан сууж байтал цагдаа ирж баривчлаад гайхахын ихээр гайхжээ. Тэгтэл компанийн нэр, өөрсдийн нэр албан тушаал зэргийг бичсэн энгэрийн тэмдгээ дээрэм хийх үедээ авахаа мартчихсан байсан нь банкны камерт тод бичигджээ. Хагас мэдээлэл нь энгэр дээр нь зүүлттэй байхад хичнээн баг өмсөж гэмгүй царайлаад ямар нэмэр байх вэ дээ.

Сурлага муутайн гай

Сан Франциско хотод аж төрдөг, хичээл сургуульдаа тааруухан байсны улмаас тодорхой эрхэлсэн ажил байхгүй Пол гэдэг залуу дээрэм тонуултай кино үзсээр байгаад нэг өдөр банк дээрэмдэн ядуурлаас гарахаар шийдсэн байна. Тэгээд кинонд гардаг шиг цаасан дээр бэлэн мөнгө шаардсан бичиг теллерт нь өгч айлгаад, хамаг мөнгийг нь хамаад зугтахаар шийдсэн байна. Ингээд цайны цаг болохын өмнөхөн Бэнк оф эмерика-ийн нэгэн салбарт орж ирээд орлогын мэдүүлэг нэгийг авч байгаад ард нь бэлэн мөнгө шаардсан шаардлагаа биччихээд үйлчлүүлэхээр дугаарласан хүмүүсийн дугаарт орон зогссон байна. Хэсэг зогссоны дараа шаардлага бичиж байсан ширээнийх нь дээр камер зоолттой байсныг хараад ихэд сандарч, өөр банкинд очиж азаа үзэхээр шийдэв. Үүнийхээ дараа замын эсрэг талд байрласан Вэллс Фарго банкны салбар руу ороод теллерт нь өмнө нь бичсэн бичгээ сарвайжээ. “Бэнк оф Эмерика”-ийн орлогын мэдүүлэг дээр “Эн бол дээрэм”. Бүх мөнгийг шудаанд хий гэж бөөн алдаатай бичсэн шаардлагыг уншаад сэтгэцийн өвчтэй хүн байна гэсэн дүгнэлт хийгээд инээдээ барьж ядан байж өөр банкны орлогын баримт дээрт бичсэн шаардлагын дагуу мөнгө яагаад ч өгч чадахгүй, мөнгө үнэхээр л авах гээд байгаа юм бол наад банкныхаа салбар дээр очиж ав, үгүй бол одоохон манай банкны мэдүүлэг дээр шинээр хуулж бич гэж хэлжээ. Сурлага муутай Пол хэсэг хугацаанд бодлогоширсноо теллерээс уучлал гуйгаад банкнаас гарч явсан байна. Үүнээс хэдхэн минутын дараа түгшүүрийн дохиогоор ирсэн цагдаа нар сурлага муутай Полыг “Бэнк оф Эмерика”-ийн өөр нэгэн салбарт нөгөө бичгээ барьчихсан зогсож байхад нь барьж авсан байна.

Туршлагагүйн гай

1991 оны 3-р сард зургаан англи 12 сая фунт тээж явсан банкны машин дээрэмдсэн нь үнэхээр том хэрэг байлаа. Тэд отолт хийж байгаад машиныг зогсоож, хамгаалагчдын зэвсгийг хурааж авчихаад мөнгөтэй машиныг унан ой руу амжилттай зугтаж чаджээ. Тэгээд ойд очиж байгаад машиныг нээж мөнгөө авахаар үзэж гарчээ. Гэтэл тэд хуягласан машиныг автогенээр зүсч авдаг гэхээс өөр ямар ч дадал туршлагагүй гэдгээ мартсан байжээ. Ингээд автогенээ асааж машиныг хэдэн талаас нь огтолж эхэлтэл удалгүй машин тэр чигтээ галд автан дүрэлзэн асах нь тэр. Галыг унтраах гэж хэсэг үзээд дийлэхгүй болохоор ядаж гал дотроос мөнгөтэй ганц хоёр уут авч гарах гэж байгаад бүгд түлэгдсэн байна Түлэгдэнэ гэдэг тун ч яггүй хэрэг болохоор мань зургаа ойролцоох эмнэлэг орсон нь мэдээж. Хүлээж авсан эмч нь мэдээж цагдаа дуудаад зургаан хэрэгтэн баригдах нь тэр. Энэхүү түймэрт 1 сая фунт шатаж үгүй болсон болохоор энэ зургаан хэрэгтэн нь ХХ зууны түүхэнд хамгийн өндөр өртөгтэй түймэр тавьсан хэрэгтнүүдээр тодорсон юм.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ