З.Энхболд: Адилхан гурван их наядыг “тараасан” гэвэл аль нь ажил хийснийг ард түмэн мэднэ
УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ярилцлагаа Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурснаас эхэлье. Өмнө нь Монголын эдийн засагт эргэлдэж байгаа гурван төгрөг тутмын нэг нь Оюутолгойн мөнгө байсан гэдэг. Тэгвэл далд уурхайн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурснаар Монголын эдийн засаг хэзээ тийм хэмжээнд дээрдэх бол?
-Оюутолгой төслөөр улс төр хийдэг, улс төрийн оноо авах гэдэг хийрхэл далд уурхайн гэрээнд гарын үсэг зурснаар дуусаасай гэж бодож байна. Уг нь, Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн дөрвөн тэрбум ам.доллар 2011, 2012 онд орох ёстой байсан юм. 2010 онд бүтээн байгуулалтын ажил эхэлж 2011, 2012 оны эхээр оргил үедээ хүртэл үргэлжилсэн. Хэрвээ Оюутолгойн хөрөнгө оруулалт орж ирээгүй бол бол манай улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ шулуун шугамд байх байсан юм билээ. Сүүлийн 25 жил өсөлтгүй, нэг төвшинд явсан. Харин Оюутолгой төсөл хөдөлснөөр хөрөнгө оруулалтын шугамыг тэмээний бөх шиг болгосон. “Тэмээний бөх” шиг тэр өсөлтийг өөрсдийнхөө сайнд бий болсон юмшиг МАН-ынхан ярьдаг. 17 хувийн өсөлттэй эдийн засаг хүлээлгэж өглөө, одоо хаана байна вэ гээд л МАН-ынхан сүүлийн гурван жилийн турш улс төр хийж байна. Тэр нь МАН-ын сайных бус, Оюутолгой төслийн хөрөнгө оруулалт орж ирснийх байсан. Гэтэл 2012 оны хоёрдугаар хагасаас эхлээд Оюутолгойнхон хөрөнгө оруулалтаа хийх шаардлагагүй болсон. Ил уурхайгаа ашиглалтад оруулж, баяжуулах үйлдвэр, дамжуулах шугамаа бариад дууссан. Энэ бүхнийг хийгээд дууссаны дараа компани бүтээн байгуулалтаа зогсоосон. Энэ бол цэвэр тухайн компанийн хөрөнгө оруулалтын цикль. Тэгээд явсаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн үед дахиад 4.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шийдлээ. Үүнийг би “бидний үед шийдлээ, эдийн засаг төдөн хувь өссөн” гэж ярихгүй. Энэ бол зүгээр л компани хийх ёстой ажлаа хийж байгаа юм. Манай эдийн засаг жижиг учраас тэрбумаар тоологдох хөрөнгө оруулалт савлагаа үүсгэдэг. Одоо 3-5 жилийн хугацаанд 1.5 метрийн газрын гүнд 250 км үргэлжлэх тунель байгуулж, дахиад 200 гаруй км хөндлөн малталт хийх юм. Энэ бүтээн байгуулалт ойролцоогоор 3-4 жил үргэлжилнэ.
-Гэхдээ та нарыг засаглаж байх үед цаг бол алдсан?
-Хамгийн гол нь 2012 оны сүүлээс дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ унаж эхэлсэн. Тонн нь 200 доллар хүрч байсан коксжих нүүрс өнөөдөр газар дээрээ 30 ам.доллар хүрэх үү, үгүйтэй байна. 1500 ам.доллар хүрч байсан алт 1000-аас доошоо уналаа, 8000 хүрч байсан зэс 4800 орчим долларт хэлбэлзэж байна. Экспортын голлох түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр унахаар уул уурхай, түүхий эдэд хөрөнгө оруулдаг хүн байхгүй болсон. Үнэ унаснаас болж уул уурхайн хөрөнгө оруулалт тэгтэй тэнцсэн. Хөрөнгө оруулагчид зэсийн үнэ 5000, 6000 болж өсөхийг хүлээгээд сууж магадгүй л байсан. Гэвч тэгсэнгүй. Оюутолгойг ирээдүйтэй, 100 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулна, зэсийн хамгийн том худалдан авагчийн хажууханд байдаг гэж үзээд дэлхийн шилдэг 15 банк итгээд мөнгө зээллээ. Үүнийг хийхийн тулд одоогийн Ерөнхий сайд сайн ажиллаж, санхүүжүүлэгчдэд итгүүлж чадлаа.
-Та бол гурван жил гацсаныг улстөрийн шалтгаанаас болоогүй. Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнийн уналт, тухайн компанийн менежменттэй холбоотой зогсолт гэж байгаа хэрэг үү?
-Дэлхий даяар зогссон зүйлийг тэгж тайлбарлахаас өөр аргагүй. Монголоос өөр газарт уул уурхайн хөрөнгө оруулалт яваад байсан бол өөр хэрэг. МАН-ынхан болохоор урагшгүй Засгийн газрууд нь гадаадын хөрөнгө оруулалтыг хөөж явууллаа гэдэг. Нарийн ярьвал манай биш, түрүүчийн УИХ-ын үед Г.Занданшатарын санаачилсан хуулиас болж хөрөнгө оруулагчид үргэсэн. Монголоос хамаарсан зүйл байсан гэвэл би тэр хуулийг л хэлнэ. Тэр буруу хуулийг манай УИХ хүчингүй болгосон. Тэгэхээр гээндээ ч гоондоо ч байсан. Гэхдээ шалтгааныг 100 хувь гэж үзвэл 70-80 хувь нь түүхий эдийн үнэ унаж уул уурхайн салбарт хөрөнгө оруулах хүнгүй болсноос үүдэлтэй.
-Сая зурагдсан гэрээ гадаад орчинд эерэг мессеж өгөхөөс эхлээд үр дүнгүүд гарах байх. Харин яг бодит эдийн засагт хэзээнээс эергээр мэдрэгдэж эхлэх вэ?
-Монголчууд бид их яаруу ард түмэн. Өнөөдөр гарын үсэг зурлаа, маргааш дансанд мөнгө ороод ирэх юм шиг санадаг. Том төсөл 5, 10 жилээр ажлаа төлөвлөдөг. Газрын гүнд 250 км тунель барих чинь газар ухахтай адилгүй. Өнөөдрийн олон улсын банк санхүүгийн байгууллагаас зээлж байгаа хөрөнгө бол далд уурхайг ажилтай болгох хөрөнгө юм. Далд уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллахад дахиад таван жил хэрэгтэй. Таван жил гэж тооцоход 4.4 тэрбум ам.долларын 20 хувь нь ирэх жил, 20 нь дараа жил гэх маягаар явж байж эдийн засагт эерэг эффект гарна. Бас нэг өгөөж бол үндсэндээ уул уурхайд орох гадаадын хөрөнгө оруулалт зогсч тэгтэй тэнцсэн байсан. Энэ 4.4 тэрбумыг таван жилд хуваахад жилд ойролцоогоор нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирж байгаа нь манай уул уурхайн салбарт эерэг үзүүлэлт болно. Тэгтэй тэнцэж байсан салбарт нэг тэрбумын хөрөнгө оруулалт хийгдэхээр тэс өөр болно л доо.
-Задалж ганц нэг зүйл асууя. Далд уурхайн санхүүжилт саатсан нь ил уурхайн анхны хөрөнгө оруулалт хэтэрсэнтэй холбоотой байсан тал бий.
-Тэр бол том шалтгаан байсан.
-Тэрэн шиг, далд уурхайд одоо төлөвлөж байгаа 6 тэрбум орчим доллар хэдэн жилийн дараа дахиад нэмэгдвэл хариуцлагыг хэн хүлээх вэ. Хөрөнгө оруулалт хэтэрвэл эрсдэлээ дахиад л 66:34 гэж хуваах уу?
-Манай улсын түүхэнд гаднаас орж ирж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт нь Оюутолгойнх. “Эрдэнэт”-ийн хөрөнгө оруулалтыг өнөөгийн ханшид шилжүүлбэл, 1.5 тэрбум ам.доллар болж байгаа. Өнөөдрийн “Эрдэнэт”-ээс хоёр дахин том гэж тооцож гурван тэрбум ам.доллар болно гэсэн тооцоолол байсан. Гэтэл гурав биш, түүнээс хоёр дахин илүү өртгөөр бүтэж байна. Үүнийгээ тооцох туршлага Монголын татварын ерөнхий газарт ч, “Рио Тинто”-д ч байсангүй. Манай олон хууль өртөг зардал тооцох аргачлал дээрээ зөрсөн. Энэ асуудал дээр гурван жил маргалдсан. Манай хуулиар болохгүй байна гэж манайхан шаардлага тавьдаг. Гэтэл нөгөө тал “үгүй ээ, олон улсын зарчмаараа ингэдэг юм аа” гэдэг.
-Гэхдээ эцэстээ Засгийн газар “Рио Тинто”-д буулт хийсэн. 130 сая долларын татвар тавьчихаад 30 сая болгож бууруулж авсан?
-Тэр асуудлыг УИХ дээр би тухайн үеийн Татварын албан даргаас асуусан. Та нар өчигдөр 130 сая ам.доллар гэчихээд өнөөдөр яагаад 30 сая болгов гэж. Өчигдөр “Рио Тинто”-гийнхон зарим баримтаа үзүүлээгүй, харин өнөөдөр баримтаа авчирсан. Татварын ерөнхий хуулиар энэ нь зөвшөөрөгддөг гэж хариулж байсан.
-Гэхдээ “Дубайн гэрээ”-ний дараа тэгж хариулж байсан?
-Тийм, Дубайн гэрээний дараа.
-“Дубайн гэрээ”-ний тохироо явсан байх л даа. Миний асуулт бол, далд уурхайн хөрөнгө оруулалт анхны хөрөнгө оруулалтынх шиг дахиад төлөвлөснөөс хэтэрвэл яах вэ, хэн хариуцах вэ?
-Одоо аль аль нь хаширсан байх гэж бодож байна. “Рио Тинто”-гийн зүгээс аливаа асуудалд болгоомжтой хандах ёстой. Манайх ч гэсэн хариуцлагатай, болгоомжтой хамтарч ажиллах ёстой. Одоо ил уурхай хэвийн ажиллаж, тэндээс бэлэн мөнгө эргэлдэх нөхцөл бүрдэж байна. Гурав, таван жил үргэлжлэх ажлыг яаран сандран нэг жилд өндөр үнээр хийлгэхгүй байх гэж бодож байна. Ил уурхай ажиллаж байгаа нь өөрөө компанийг арвич, хямгач ажиллуулах байх гэж бодож байна.
-Хэрвээ далд уурхайн хөрөнгө оруулалт тооцсоноос илүү гарвал зээл авч байгаа “Рио Тинто” дангаараа шууд хариуцахгүй юу?
-Тэр нарийн асуудлыг би мэдэхгүй, судлаагүй, мэдээлэл аваагүй байна. Ер нь бол хариуцах ёстой.
-Оюутолгойн, далд уурхайн төслийн гүйлгээнүүд одоо Монголын арилжааны банкуудаар дамжиж хийгдэх үү. Өмнөх шигээ дахиад л гаднын банкаар явах уу?
-Анх Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа мөнгөө гаднын банкуудаар дамжуулахыг зөвшөөрчихсөн юм билээ. Нөгөө тал зөвшөөрөхгүй бол бид дангаараа тэр гэрээнд өөрчлөлт оруулж чадахгүй. Манайхаар мөнгөө дамжуулах гэхээр юунаас болгоомжлоод байгааг л судлах хэрэгтэй. Татварын байцаагч очоод, дургүй нь хүрвэл дансыг нь хаачихдаг эрхзүйтэй байвал манайхаар мөнгөө дамжуулахгүй.
-Одоо авч байгаа 4.4 тэрбум ам.долларын зээлийн 34 хувь нь Монголын Засгийн газарт ногдох ёстой юу?
-Тийм, бас үгүй гэж хариулъя. Бид өмчлөгчийн хувьд 34 хувийн зээлийг төлөх шууд үүрэг бол байхгүй. Энэ зээлийг “Рио Тинто” компани авч байгаа учраас компани төлнө. Оюутолгойн энэ зээлийг хариуцах хүн нь Оюутолгой компанийн захирал. ТУЗ нь ч биш. Хөрөнгө оруулагчдаас тусгаарлагдсан гэсэн үг. Засгийн газар тэр зээлийг төлөхгүй. Яагаад гэвэл Засгийн газар баталгаа гаргаж УИХ-аар батлуулаагүй учраас хөрөнгө оруулагчдад хамаагүй. Компани өөрийн үйл ажиллагаанаасаа төлөх ёстой.
-Шууд бусаар бол төлнө л гэсэн үг юм биш үү. Компани зээлээ төлж байж ногдол ашиг хуваарилна. Энэ хугацаа хойшилж 2037 он болж байгаа юу?
-Тийм, хойшилж байгаа.
-Оюутолгойтой холбоотой асуудлаа ингээд дуусгая. Энэ долоо хоногийн эхнээс УИХ хагас бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Байнгын хороо гэхэд дөнгөж 50 хувийн ирцтэй, чуулган бол хуралдаж чадахгүй байна?
-Өнгөрсөн долоо хоногт чуулган хуралдсан. Харамсалтай нь, МАН-ын бүлэг бүх асуудлаар завсарлага авсан.
-Сонгуулийн хуультай холбоотой МАН-ын бойкотоос хамааралтай гацаа гэж харсан. Зөвшилцөх бололцоо алга уу?
-Дөнгөж сая Ерөнхийлөгч дээр гурван бүлгийн дарга, УИХ-ын дарга, дээр нь МАН-ын генсек Ж.Мөнхбат бид хэд уулзлаа. Яагаад УИХ-ын ажлыг гацаагаад байгааг, чухал хуулиудын хэлэлцүүлэг ямар төвшинд байгааг Ерөнхийлөгч асуусан. Миний хувьд “МАН ажил хаяснаас болж ажил урагшлахгүй байна. Гэхдээ байнгын хороод хуралдаж байгаа” гэдгээ хэлсэн. Бид хоёр ч удаа уулзсан. Гэтэл санал тоолох хар машиныг устга гэж МАН-ынхан хүлээж авах боломжгүй шаардлага тавьж байгаа.
-Хар машинаар огт тоолуулахгүй гэж байгаа юм уу?
-Тоолно. Гэхдээ гараар давхар тоолъё, гар тооллогын дүн эцсийнх байна гээд байгаа юм. АН-ын байр суурь бол одоо байгаа хуульд хар машинтай холбоотой заалт хангалттай туссан гэж үзэж байгаа. Хуульд машинаар тоолсон тооллогын дүн эцсийнх байна гэж заасан. Нэгэнт хуульд машины тооллогыг эцсийнх байна гэчихсэн юм бол гараар тоолохын ач холбогдол байхгүй, нэгд. Хоёрт, өнгөрсөн сонгуулиар 1.9 сая сонгогч бүртгүүлээд 1.2 сая хүн санал өгсөн байдаг. 1.2 сая хүний саналын хуудасны зургийг сонгуульд оролцож байгаа бүх намдууд, ажиглагчид, нэр дэвшигчдэд өгчихдөг. Тэгэхээр хүн болгон тэдгээр зургаа машины тооллогын дүнтэй тулгаж тоолох боломжтой. Мөн хэсэг болгонд санамсаргүй тохиолдлоор сонгож гар тооллого хийхэд ямар нэгэн саналын зөрүүтэй алдаа гараагүй. Гуравт, шаардлага тавиад байгаа МАН-ын 26 гишүүний олонхи нь энэ машинаар тоолуулж сонгогдсон. Тэгчихээд одоо болохоор “машин буруу тоолдог” гэх нь өөрийнхөө ялалтыг үгүйсгэсэнтэй адил юм. Хамгийн товчоор хэлэхэд машины тооллогыг тулгаж тоолох боломж намуудад байгаа, мөн гараар тооллоо гээд тэр дүн хууль зүйн хувьд ямар ч үр дагавар авчрахгүй. Тийм учраас ирэх сонгуульд энэ хуулиараа явахад, машинаараа тоолж, тэр дүнг баримтлахад болохгүй юм байхгүй. Энэ хэл ам дагуулаад байгаа машин чинь Америкийнх. Нийтдээ 100 мянган ширхгийг үйлдвэрлэж дэлхий даяар зарсан. Хамгийн олныг авсан нь Филиппин, хоёрт АНУ-ын мужууд. Ер нь Америк бол 1960 оноос хойш гараар тоолохоо больсон юм билээ.
-Одоо дахиад гараар тоолдог болж байгаа гэсэн?
-Зарим газар магадгүй. Гэхдээ муж болгон өөр өөр хуультай. Машинаар, бас гараар тоолж байгаа. Систем нь тогтчихсон, хууль дүрмээ биелүүлдэг улс юугаараа тоолох нь чухал биш. Тэнд алдаа гарахгүй. Харин манайх шиг “хэнийг гаргах вэ” гэдгийг хэдэн хүн хаалгаа түгжиж суучихаад шийддэг, ардчилал, сонгууль нь төлөвшиж дуусаагүй улсад автоматжуулсан систем байхгүй бол болохгүй юм байна гэдэг дүгнэлтэд бид 2008 оны долдугаар сарын 1-ний дараа ямар нэгэн нам харгалзахгүйгээр хүрсэн. Тэр зөвшилцлөөс, шийдлээс, 2008 оны долдугаар сарын 1-ний сургамжаасаа ухарч болохгүй, ухрах ч боломжгүй.
-МАН болон бусад намынхан сонгуулийн дүн буруу гарч байна, магадгүй тоолох явцад машиныг хакердах боломжтой гэж байгаа?
-Санал тоолох машин маш энгийн. Цагаан өнгийн зууван дүрс байгаа. Бөглөсөн нь хар өнгөтэй болдог. Хар уу, цагаан уу гэдгийг л бүртгэдэг. Бүртгэх явцдаа зургийг нь хэвлээд өгчихдөг. Тэгэхээр хакердах боломж байхгүй. МАН-ынхны ярьдгаар хакердлаа гэхэд 150 дугаар хэсгийн хорооныхон тэр даруй бариад авах боломжтой. “Хэвлэгдсэн цаасан дээр нэр дэвшигч Доржид 50 санал өгсөн байна. Гэтэл танай машин 60 гэж тоолсон байна, энэ зөрүүг олж өг” гэхэд Сонгуулийн хороо зайлшгүй авч үзэх үүрэгтэй.
-Үзээд ч нэмэргүй юм биш үү, машин буруу тоолсон ч, машины дүнг баримтална гэсэн хуультай юм байна шүү дээ?
-Хууль бол тийм байгаа. Яагаад гэвэл, хүн тоолохдоо үргэлж алдаа хийдэг юм байна. Тооллого бүрд өөр дүн гардаг. Тийм учраас машинд итгэнэ. Дөрвөн жилийн дотор гурван сонгууль явууллаа. Маргаан гардаг бол гарахаар боллоо. Гэтэл машин буруу тоолсонтой холбоотой маргаан гарсангүй. Дэлхийн бусад улсад саналын автомат машин буруу тооллоо гэсэн маргаан гардаггүй. Яагаад гэвэл, хар, цагаан цэгийг тоолдог машин алдаа гаргах боломжгүй. Хоёрдугаарт, саналын бүх хуудсыг хэвлээд нэгтгээд өгчихөөр бүгдээрээ хяначихдаг. Машины дүн, саналын хуудсуудыг зураг болгож хэвлэгдсэн цаас хоёр зөрлөө гэж нэг ч гомдол ирээгүй. Энэ нь машин алдаагүй гэдгийг харуулж байгаа юм.Энгийнээр хэлэхэд санал тоолох машин бол бидний мэдэх канонтой адилхан талдаа. Канон хоёр үйлдэлтэй. Нэгд, тэр хар цагаан дүрсийг тоолж гаргадаг тоолуур, хоёрт хэвлэж гаргадаг. Канонд Миеэгомбын Энхболдын зургийг хийлээ гэхэд Зандаахүүгийн Энхболд миний зураг гарахгүй л байхгүй юу. Ардын намынхан “Тав дахь хуудас болгоны хар дүрсийг эсрэгээр, цагаанаар тоолоод байвал яах вэ” гэж асуудаг. Анх програмчлахдаа тийм команд өгч болно. Тэгсэн тохиолдолд шууд хэвлэсэн зургаа харахад тав дахь саналын хуудсууд бүгд цагаан дүрстэй гарч ирээд л баригдчихна. Тийм учраас тэгж команд өгөх боломжгүй.
-Тодорхой хугацаанд бүх саналын хуудасны дүрсийг зөвхөн цагаанаар тоолох ч гэдэг юм уу, анхнаасаа тэгж програмчлах боломж байдаг болохоор л АНУ-аас эхлээд автомат машинаас татгалзаад байгаа юм биш үү?
-Хоёр машины тухай ярьж байгаа. МАН-ынхны орчуулаад зурагтаар гаргаад байгаа баримтат кинон дээр гардаг машин бол touch screen-тэй цаас хэвлэдэггүй машин. Энд луйвар гардгийг баталчихсан учраас хэрэглэхээс татгалзаж байна. Одоо бидний хэрэглэж байгаа, цаас нь доошоо унадаг хуучны технологиос татгалзсан улс нэг ч алга. Бид ч татгалзахгүй.
-Энэ нь таны хувийн байр суурь уу, АН-ын байр суурь уу?
-Ардчилсан намын байр суурь.
-Тэгэхээр Сонгуулийн хуульд огт гар хүрэхгүй гэсэн үг үү?
-Манай нам хар машинтай холбоотой хэсэг дээр огт гар хүрэхгүй гэж байгаа. МАН болохоор хар машинтай хэсэгт гар хүрэхгүй бол бусдыг нь ч ярихгүй гэж байгаа.
-Танай намынхан, тухайлбал та автомат машины тооллогодоо тэгж л итгэж байгаа юм бол гараар давхар тоолуулахаас юунд нь айгаад байгаа юм бэ?
-Би бол айхгүй байгаа. Хамгийн гол нь гараар тоолсны хууль зүйн үр дагавар байхгүй. Яаж ч тоолсон машинаа баримтална. Тэгээд ч гар тооллогыг хэд дамжуулаад тоолох болгонд зөрүүтэй дүн гардаг. Ихэнх газарт хэдэн хүн хаалга түгжиж байгаад хэнийг гаргахыг шийддэг, тэгээд дараа нь Хайнань явдаг.
-Саналын автомат машины тооллогоос гадна сонгуультай холбоотой өөр өөрчлөлт хийхгүй юү. Тухайлбал, АН, МАН-ын хоёулангийнх нь рейтинг муу байгаа. Ийм үед 48 тойргоо жижиглэж, “нэг тойрог-нэг мандат” гэж явбал танай хоёр намын дундаас өөр намын нэр дэвшигч гарч ирэх их хэцүү. Хэрвээ “том тойрог-олон мандат” гэж явбал танай хоёр нам, бас нам доторхи нэр дэвшигчид нь саналаа хувааж бусад намынхан, бие даагчдад ашигтай тусах талтай?
-АН, МАН-ын нэр хүнд унаж байгаа бол тэр уналтыг Сонгуулийн хуулийг өөрчлөх замаар засч болохгүй. Сонгуулийн хууль тогтвортой байх ёстой. Сонгууль хийх болгонд хуулиа өөрчилдөг алдаа өмнөх УИХ-уудад байсан. АН олонхи болох нь яах вэ. Гол нь сонгогчдын өгсөн санал шударга тоологдоосой л гэж байгаа юм. Бид ирэх сонгуулиар амжилт олно. Би итгэлтэй байгаа.
-Амжилт гэдгээ та УИХ-ын хэдэн суудалтай тэнцүүлж хэлж байна вэ?
-Олонхи болохын төлөө л явна. Намаар яах юм бэ, 76 бие даагч сонгочихъё гэж зарим хүн хэлдэг. Гэтэл 76 бие даагч сонгосон улс дэлхийд байхгүй, боломжгүй. Дандаа бие даагчид сонговол төргүй болно л гэсэн үг. Яагаад гэвэл өнөөдөр улс орон бүр намаар дамжиж төрийг байгуулж, намаар дамжиж Засгийн газраа байгуулдаг. Гэхдээ шударгаар, олонхийн санал авсан нь л засаглах ёстой. иймд Сонгуулийн хуулийг өөрчлөх замаар өөртөө ашигтай хууль гаргах нь буруу. МАН-ынхан их буруу бодолтой яваад байгаа. Сонгуулийн хуулийн эзэн нь намууд гээд ойлгочихсон байна. Би цонхоор харсан, 20 нам жагсаал хийлээ гээд 19 хүн ирчихсэн зургаан тамга дарсан цаас бариад явж байна лээ. Гэрчилгээтэй компани гэдэг шиг нэр авснаас хэтрээгүй намууд зөндөө бий. Энэ 25 жилийн түүхэнд гуравхан улс төрийн хүчин УИХ-д бүлгээ байгуулж чадсан байна. Тэгэхээр Монголын ард түмэн шинэ гарсан намд итгэх эсэх нь өөрсдийнх нь асуудал. Би бол Сонгуулийн хуулийг сонгогчдын хууль гэж харж байгаа. Сонгогчийн эрх ашгийг хамгаалж өөрсдийнх нь сонгосон хүмүүсээр дөрвөн жилдээ төрийг удирдуулдаг хууль. Сонгогчид энэ хуулийг, хар машиныг өөрчил гэж шахаагүй байна. Тийм байхад тамгатай, тамгагүй хэдэн нам цуглачихаад шаардлага өгөөд, түүнийг нь хүлээж авахгүй болохоор УИХ дээр ажил хаяж байгааг би буруу гэж байгаа юм.
-Тойрог жижиглэхгүй гэвэл листэнд бичигдсэн гишүүн дахиад листэндээ бичигдэх бололцоо нээлттэй үлдэх юм байна?
-Сонгуулийн хуульд гар хүрэхгүй бол тэгнэ.
-Жишээ нь, та яах вэ. Дахиад листэнд орох уу?
-Би намын даргын хувьд сонгууль удирдах учраас ямар ч байсан Улаанбаатар хотод байх ёстой. Тойрогт уу, листэнд үү гэдгээ тухайн үед нь ярина. Хөдөө бол явж болохоо байсан.
-Сонгуулийн хууль дээр ингэж маргаж байгаа юм чинь Үндсэн хуулийн өөрчлөлт бүр худлаа болж таарч байна, тийм үү?
-Харин ч Үндсэн хуулийг өөрчлөх дээр санал нийлж байгаа. Үндсэн хуулийг ингэж өөрчлөх үү, үгүй юү гэдгээрээ сонгуультай хамт санал асуулга явуулна. Манай одоогийн Үндсэн хуулиар бол референдумаар санал авсан асуудлыг шийдэгдсэн гэж үзээд шууд хууль болго гэдэг үүргийг тухайн УИХ-д нь өгч байгаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ