Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа “Прокурорын албан тушаалын цалингийн хэмжээ, мэргэшлийн зэргийн нэмэгдлийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг өчигдөр өргөн мэдүүллээ.
Прокурорын байгууллага нь Монгол Улсын нутаг дэвсгэрт эргүүгийн хууль, тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах үндсэн чиг үүрэг бүхий үйл ажиллагаагаа төрийн нэрийн өмнөөс явуулдаг, бие даасан, хараат бус байгууллага болохыг Хууль зүйн сайд онцлов. Нэг прокурор жилд дунджаар захиргааны шийтгэл оногдуулсан 440 материал, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 182 хэрэгт хяналт тавьж, 60 хэрэгт прокурорын даалгавар бичиж, байцаан шийтгэх бусад ажиллагаанд 64 удаа тус тус оролцсон судалгааны дүн прокурорын ажлын ачааллыг харуулж байгаа юм. Шүүх эрх мэдлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын ажилтнуудын цалин өөр өөр байгаагаас тус байгууллагын албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулахад сөргөөр нөлөөлж байгаа юм байна. Төрийн албаны тухай хуулийн 28.3 дахь хэсэгт “төрийн тусгай албан хаагчид цол, зэрэг дэвийн нэмэгдлийг давхардуулан олгохгүй” гэсэн заалт, төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлдэг бусад байгууллагын албан хаагчид 4-5 төрлийн нэмэгдэл авч байгаатай дүйцүүлэхийн тулд прокурорт мэргэшлийн зэргийн нэмэгдлийг олгохоор тогтоолын төсөлд тусгажээ. Прокурорт мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох нь прокурорын мэргэжлийн ур чадвар болон ажлын хариуцлага, хуулиар хүлээсэн ажлын чанар, үр дүнг дээшлүүлэхэд чухал үр нөлөө үзүүлнэ гэж үзсэн байна. Мөн Эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын даатгалын тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.
Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Эрүүл мэндийн салбарын ажилтны хариуцлагын даатгалын тогтолцоог бий болгох” талаар дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулсныг Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа Улсын Их Хурлын даргад танилцуулав.
Олон улсын эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын даатгал нь эмнэлгийн тусламж үйлчилгээнээс шалтгаалсан өвчин, эмгэгийн улмаас үүссэн хохирлыг барагдуулах зорилгоор худалдан авч буй үйлчилгээ, гомдол гаргасан хохирогч талд олгох нөхөн төлбөртэй холбоотой асуудлыг зохицуулдаг байна.
Манай улсын одоогийн хуулиар иргэний гэм буруутай эсэхийг зөвхөн шүүх тогтоодог учир мэргэжлийн алдаа гаргасан буруутай хүнийг олж тогтоох цаг хугацаа, зардал ихээхэн шаардагддаг. Нөгөө талаас эмнэлгийн тусламж, үйлчилгээний эрсдэлийг хохирол багатай даван туулах шаардлага зүй ёсоор тулгарч байгааг хуулийн төсөл санаачлагч хэлсэн.
Иймд дээрх нөхцөл байдал, оролцогч талуудын санал, бусад орнуудын туршлагыг судалсны үндсэн дээр уг хуулийн төслийг цаашид үл маргах зарчмаар эвлэрлийн гэрээнд тулгуурлан нөхөн төлбөр олгох, хэрэв иргэн үүнийг үл зөвшөөрч хуулийн байгууллагад хандсан бол шүүхээс тогтоосон хохирлын хэмжээгээр нөхөн төлбөр олгох гэсэн хоёр үе шаттай байхаар боловсруулжээ.
Түүнчлэн нөхөн төлбөрийн хэмжээг хуулиар тогтоож, даатгалын хураамжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хувиар тооцон эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн байгууллага хамтран төлж, багийн хариуцлага хүлээх, алдаагүй олон жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэнд төлсөн шимтгэлийн тодорхой хувийг буцаан олгох асуудлыг төсөлд тусгасан байна.
Мөн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өчигдөр өргөн барив.
Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан бөгөөд тус хуулиар эмнэлгийн мэргэжилтэн хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдолд 3 жил хүртэлх хугацаагаар эмчлэх эрхийг хасаж, есөн зуун мянгаас наян сая хүртэлх төгрөгөөр торгох, эсхүл хоёроос найман жил хорих ял эдлүүлэхээр хуульчилсан. Энэ нь эмнэлгийн мэргэжилтэн хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдлыг гэм буруугийн санаатай хэлбэрт хамааруулж, санаатай үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагатай адил хэмжээний ялыг оногдуулахаар байна. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 1.3 дугаар зүйлийн 1-д “ял, албадлагын арга хэмжээ нь тухайн хувь хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон байна” гэж, 2-т “гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй байдлаар ялгаварлан гадуурхахгүй” гэж заасан боловч мөн хуулийн “11.5 дугаар зүйл. Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах”, “11.3 дугаар зүйл. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах”, “10.6 дугаар зүйл. Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” зүйлд заасан гэмт хэргүүдтэй гэм буруугийн хэлбэрийн хувьд ижил үйлдэл, эс үйлдэхүйгээр үйлдэгддэг эмнэлгийн мэргэжилтний өвчтөнд тусламж үзүүлэх явцад гардаг гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын хэмжээ нь дээрхи хэргүүдийг үйлдсэн этгээдэд оногдуулах ялаас илүү хүндрүүлэн хуульчлагдсан байна. Улсын Их Хурлаас 2002 онд баталсан, одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулийн 106 дугаар зүйлд эмнэлгийн мэргэжилтэн мэргэжлийн үйл ажиллагааны явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан бол хор уршиг учруулсан хэмжээнээс хамаарч 3 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэх бөгөөд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрт хамаарахаар хуульчилжээ. Зарим гадаад орнуудын Эрүүгийн хуулиар эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх явцад үйлдсэн гэмт хэрэгт оногдуулж буй эрүүгийн хариуцлагыг харьцуулан судалж үзэхэд Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагын хорих ялын хэмжээ нь 2 дахин их байна. Тухайлбал, БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 333 дугаар зүйлд гурван жил хүртэл хугацаагаар хорьж хөдөлмөрлүүлэх, ОХУ-ын Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлд дөрвөн жил хүртэл хугацаагаар хорих, Бүгд Найрамдах Беларусь Улсын Эрүүгийн хуульд гурван жил хүртэл хугацаагаар хорих, ХБНГУ-ын Эрүүгийн хуулийн 222 дугаар зүйлд гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тус тус заасан байна. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар эмнэлгийн мэргэжилтний үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн нь энэ салбарт орох гадаад, дотоодын хөрөнгө оруулалт багасах, эмчийн мэргэжил эзэмших залуусын тоо багасах, улмаар эмнэлгийн мэргэжилтний хомсдолд хүргэж, иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрх ноцтой зөрчигдөж болзошгүй байдалд хүргэхээр байна хэмээн үзжээ. Иймд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, эмнэлгийн мэргэжилтэнд оногдуулах ялын бодлогыг хөнгөрүүлэхээр хуулийн төслийг боловсруулжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ