Хөшигийн хөндийд нарны цахилгаан станцын шавыг тавилаа

2016-2020 онд хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, нарны эрчим хүчийг хөгжүүлэх зорилтыг дэвшүүлсэн. Түүнчлэн төрөөс Эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримт бичигт 2023 он гэхэд сэргээгдэх эрчим хүчинд суурилагдсан чадлыг 20, 2030 онд 30 хувьд хүргэх зорилтыг мөн дэвшүүлсэн билээ. Энэ хүрээнд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь Хөшигийн хөндийн нисэх онгоцны шинэ буудлыг түшиглэн 50 мВт-ын нарны цахилгаан станц барихаар болсны дагуу шав тавих ёслол хийлээ. Энэхүү томоохон төслийг “Moshea eco energy”ХХК хэрэгжүүлж байгаа аж. Тус нарны цахилгаан станцын төслийг гурван үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд төвийн эрчим хүчний шугамд холбохоор төлөвлөжээ. Тодруулбал, эхний ээлжид15 мВт-ыг2017 оны нэгдүгээр улиралд, мөн адил хүчдэлийг 2019 онд, гурав дахь удаагийн 20 мВт-ыг 2021 онд тус тус ашиглалтад оруулахаар тооцоолжээ. Уг төслийн нийт төсөвт өртөг нь 94 сая ам.доллар бөгөөд БНСУ-ын “Ай Би Эй Эм” /IBAM/ компани хөрөнгө оруулагчаар ажиллахаар гэрээ байгуулсан байна. Шав тавих ёслолд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Эрчим хүчний яамны Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга М.Ангараг, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр, “Moshea eco energy” ХХК-ийн ерөнхийлөгч Д.Батбаатар, тус компанийн зөвлөх Ан Кон Мо, Хан Жэ Вон, БНСУ-ын “Korea engineering Consultants” корпорацийн дэд захирал Бэк Жун Шин, ерөнхий менежер Ким Юү Жэ болон зураг төслийн “Дунг Ян” инженерийн компанийн төлөөлөгчид оролцлоо.

Энэ үеэр холбогдох бай­гуул­лагын зарим төлөөллийн байр суурийг сонссон юм. Түүнийг тоймлон хүргэж байна.

Г.Тэмүүлэн: Эрчим хүчний үнийг чөлөөлөх нь хувийн хэвшлийнхний бизнесийн хөгжилд нэлээд дэм болно

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Монгол Улсын нийгэм эдийн засаг хэчнээн хүнд байгаа ч гаднын хөрөнгө оруулалтыг татах нь хөгжлийн гол тулгуур юм. Тодруулбал, ийм нөхцөлд гаднын хөрөнгө оруулалтыг Монголдоо татах нь эдийн засгийн хямралаас гарах гол арга зам. Энэ хүрээнд үндэсний компани гаднынхантай хамтарч томоохон төслийг хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай. Монгол Улсад хэрэгжүүлж буй төслийн гурав дахь нь Ази тивдээ хүчин чадлаараа эхний дөрөвд багтаж байгаа. Энэ нь нэг талаар тогтвортой ажлын байрыг бий болгож байна. Нөгөө талаар манай улс импортын эрчим хүчний нөлөөлөлд байдаг учир дотоодоосоо 50 мВт-ыг хангах нь томоохон үзүүлэлт. Цаашид үүнийг дагаж олон төслийг хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Монгол Улс эрчим хүчний үйлдвэрлэгч, цаашлаад экспортлогч орон болох эхлэлийг тавьж байгаа болов уу.

Д.Батбаатар: Эрчим хүчний үнэд нөлөөлөхгүй гэсэн зорилгоор гурван үе шаттай хэрэгжүүлж байна

/ “Moshea eco energy” ХХК-ийн ерөнхийлөгч/

-Нарны цахилгаан станцыг барих төслийн ач холбогдол, давуу талыг хэрхэн харж байна вэ?

-Шинээр бүрдсэн Засгийн газар тэр дундаас Эрчим хүчний сайд бидний төслийг дэмжиж, бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулах зөвшөөрөл олгосон. Энэ төсөл маань байгаль экологид ээлтэй технологи бөгөөд үндсэндээ 12 сая мод тарьсантай дүйх хэмжээний буянтай ажлын эхлэл. Дэлхийн дулаарлын эсрэг үйл ажиллагаанд зохих хувь нэмрээ оруулж байна. Эрчим хүчний дутагдалтай байгаа үед тодорхой хувийг нь хангах гэж байгаа нь төслийн давуу тал юм. “Green airport” гэж дэлхийн хэмжээнд барьж байгаа бодлогын хүрээнд эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг бий болгох, нисэх онгоцны шинэ буудлыг дагаж хөгжих “Green city” гэсэн том бүтээн байгуулалтын эхлэлийг тавьж байгаадаа баяртай байна.

-50 мВт-ын нарны цахилгаан станцыг төвийн эрчим хүчинд холбоно гэсэн. Ингэснээр эрчим хүчний үнэд ямар нөлөө үзүүлэх вэ?

-Эрчим хүчний үнэ ханшид нөлөөлөхгүй гэсэн зорилгоор энэхүү төслийг гурван үе шаттай хэрэгжүүлж байна. Шууд 50 мВт-аар ашиглалтад оруулбал эрчим хүчний үнэд нөлөөлнө.

- КВт-ыг нь хэдээр тооцох вэ?

-Төвийн эрчим хүчинд суурилсан төсөл учраас нэг кВт-ыг нь Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоосон үнээр тооцож гэрээгээ байгуулсан. Тодруулбал, кВт нь 15-18 цент байдаг. Үүний дагуу л тооцохоор шийдвэрлэсэн.

-Нийт төсөвт өртөг нь 94 сая ам. доллар юм байна. Хэдэн жилийн хугацаанд зардлаа нөхнө гэж тооцсон бэ?

-Эрчим хүчний сайдын зөв­шөөрлөөр тус байгууллагын Дис­петчерийн үндэсний төвтэй 20 жилийн хугацаатай гэрээ байгуулсан.

-Хөшигийн хөндийн онгоцны буудлыг түшиглэн барьж байгаа нь ямар учиртай вэ?

-Олон улсын нисэхийн дүрэм ёсоор нисэх онгоцны бүх буудал төвийн эрчим хүчнээс хараат бус бие даасан цахилгааны эх үүсвэртэй байх ёстой. Түүнийг нь бид хангаж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хамгийн найдвартай эх үүсвэр болж байгаа юм. Ямар нэгэн байдлаар асуудал гарсан тохиолдолд шууд холбож, нарны эрчим хүчээр хангах боломжтой. Дөрвөн орны дөрвөн цагийн ашигт үйлийн коэффиценттэй. Энгийнээр хэлбэл, нарнаас өдөрт 4-5 цаг эрчим хүчээ найдвартай хуримтлуулна.

100 га газарт 300-аад мянган ширхэг хавтан байрлуулна

Манай орон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн арвин их нөөцтэй, түүнийг үр ашигтай ашиглах байгаль, цаг уурын хувьд хамгийн таатай нөхцөл бүрдсэн орон. Тийм ч учраас энэхүү нарны цахилгаан станцыг Төв аймгийн Сэргэлэн сумын 100 га газарт барих бөгөөд 300-аад мянган ширхэг хавтан байрлуулах юм байна. Тодруулбал, Хөшигийн хөндийд удахгүй барьж дуусгах нисэх онгоцны шинэ буудлын зурвас дагуу байрласан, техник технологийн шийдэл сайтай шинэлэг төсөл болж байгаагаараа онцлогтой гэнэ. Нарны цахилгаан станцыг эцсийн байдлаар буюу 2021 онд сүүлийн 20 мВт-ыг ашиглалтад оруулснаар эрчим хүчний дутагдалтай байгаа төвийн бүсийнхэнд чухал хөрөнгө оруулалт болох аж. Учир нь, Энэтхэг улсын Кочи нисэх онгоцны буудал, Өмнөд Африкийн Жиоржи Эйрпорт нарны цахилгаан станцын дараа Ази тивд гуравдугаарт орох том төсөл юм байна.

Засгийн газар хувийн хэвшлийнхнийг дэмжиж буйн тод жишээ болов

50 мВт-ын нарны цахилгаан станц барих нь эко бүтээн байгуулалт бөгөөдМонголд анхдагч болж байгаа юм. 2013 онд 50 мВт-ын салхины цахилгаан станцыг анх байгуулсан. Салхитын салхин цахилгаан станцыг ашиглалтад оруулах үед Улаанбаатар хотын ойролцоо ийм хэмжээний сэргээгдэх эрчим хүчний 4-5 станц ашиглалтад оруулбал нийслэл хотын цахилгаан эрчим хүчний эх үүсвэр найдвартай хэвийн болно гэж онцолж байсан. Түүний нэгийнх нь шавыг ийн тавилаа.Монгол Улсын эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1000 мВт. Гэхдээ төвийн бүсийн оргил ачааллын үеэр /1070 мВт/ ОХУ-аас эрчим хүч импортлохоос өөр аргагүй болдог. Одоогоор дулааны цахилгаан станцуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар ярьж байгаа ч нар, салхины эрчим хүчний ашиглалт манайд шинэ зүйл юм. Гэсэн ч Монгол Улсын Засгийн газар байгаль орчинд ээлтэй сэргээгдэх эрчим хүчийг ашиглах, хөгжүүлэх чиглэлээр олон санал санаачлага гарган ажиллаж, тэр дундаа хувийн хэвшлийнхнийг дэмжиж буйн тод жишээ нь энэ юм. Түүнчлэн Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэх бодит эхлэл болж байгаа бөгөөд дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлтийн эсрэг хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах дунд оврын станц болж байгаа гэнэ. Тиймээс энэхүү төсөл Монгол, Солонгосын хувийн хэвшлийнхний санал санаачлага, хамтын ажиллагааны үр дүнд амжилттай хэрэгжиж, бүс нутгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа албаныхан хэлж байлаа.

Нарны цахилгаан станц нь маш олон ач холбогдолтой

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь Хөшигийн хөн­дийн нисэх онгоцны шинэ буудлыг түшиглэн барих 50 мВт-ын нарны цахилгаан станцыг барьж, ашиглалтад оруулах нь маш олон ач холбогдолтой гэнэ. Холбогдох албаныхны хэлж буйгаар цахилгаан станц барих барилгын ажлын явцад болон дууссаны дараа цахилгаан стан­цын ажиллагааг хангах тогтмол ажлын байр бий болох юм байна. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалтыг татах бөгөөд нисэх онгоцны шинэ буудлын аюулгүй ажиллагааг хангах, нөөц цахилгааны найдвартай бие даасан эх үүсвэртэй болох аж. Мөн төвийн эрчим хүчний системийн ачааллыг багасгах, алдагдал, импортоор авах эрчим хүчийг багасгах буюу мөнгөн хөрөнгийн гадагш урсах зардлыг бууруулах юм байна. Үүнээс гадна сэргээгдэх эрчим хүчний салбарт туршлага болох, түүний хөгжилд тодорхой хувь нэмэр оруулна гэж үзжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ