Монголбанк ипотекийн зээл олгох санхүүгийн эх үүсвэргүй болжээ

Монголбанкнаас арилжааны банкуудад хийсэн шалгалтаар ипотекийн зээлийн эх үүсвэрийг өөр зориулалтаар зарцуулсан болох нь тогтоогдсон. Энэ дагуу шалгалтын дүнг нэгтгэж, асуудлыг цэгцэлтэл түр хугацаанд ипотекийн зээлийн санхүүжилтийг зогсоож буйгаа Монголбанкнаас өнгөрсөн сарын эхээр мэдэгдсэн байдаг. Гэвч Монголбанкнаас арилжааны банкуудад хийгдсэн шалгалтын асуудал ерөнхийдөө цэгцэрсэн гэсэн мэдээлэл өгч байгаа ч ипотекийн зээлийг олгож эхлээгүй хэвээр байгаа юм.

Монголбанкнаас ипотекийн зээлийн асуудлаар УИХ-ын 2016.09.07-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор “Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” өмнө УИХ-ын тогтоолыг хүчингүй болгосон. Энэ хүрээнд ипотекийн зээлийн шаардах эрхийн өмчлөл болон санхүүжүүлэх асуудлууд Монголбанкинд шилжээд байгаа юм. Энэ дагуу Монголбанк, засгийн газар хоорондын гэрээ болон арилжааны банкууд дахь холбогдох гэрээнд өөрчлөлт орох ажлыг эхлүүлээд байгаа гэсэн тайлбар өгч буй. Тодруулж хэлбэл, энэ шинэчлэлийн ажил дуустал ипотекийн зээлийг олгох боломжгүй гэдгээ Төвбанк онцолж байна. Харин Сангийн сайд Б.Чойжилсүрэн он дуустал ипотекийн зээлийн эх үүсвэрийн санхүүжилтийг Монголбанк хариуцах боломжтой. Ирэх оноос зээлийн өөр эх үүсвэрээр санхүүжлүүлэх асуудал яригдаж буй гэж мэдэгдсэн юм.

Эх сурвалжууд Монголбанк ипотекийн зээлийг олгох санхүүгийн эх үүсвэргүй болсон гэж тодотгож байна. Засгийн газар, Монголбанк дотооддоо шинэчлэлийн ажлууд явагдаж байх хооронд гаднаас зээл авах асуудал шийдэгдэнэ гэсэн хүлээлттэй байгаа гэх мэдээлэл байна. Ипотекийн зээлийн санхүүжилтийн асуудлаар Япон болон урд хөршийн хоёр ч банкинд хандсан талаар бид өмнө нь мэдээллэсэн билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

“Ачит-Ихт” ХХК Мэдэгдэл
Уржигдар 11 цаг 28 мин