Ачих журамд утсаар мэдэгдэнэ гэж зохицуулаагүй

Ачлагын машин сүүлийн үед “нүдний гэм боллоо” гэдэг шиг эрс цөөрчээ. Хулгайч шиг хурдан ачаад бултдаг, хүний юманд гамгүй ханддаг гэж тэд дандаа шүүмжлэл дагуулдаг. Хурдтай үйлчилгээгээрээ зартай эдгээр тээвэрчид үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг л энд тэндгүй үзэгддэгсэн. Харин одоо харьцангуй цөөрсөн нь анзаарагдаж байхюм. Ингээд жолооч нарын сэтгэгдлээс хуваалцлаа.

Б.Золбоо /БГД-ийн иргэн/: Саяхан Нэгдүгээр эмнэлгийн гаднаас машинаа ачуулсан. Яаралтай байсан учраас түр орхиод ороод ирэхээс аргагүй байсан юм. Тэгээд машиныг минь ч ачсан байсан. Хамгийн гол нь очоод машинаа авах үед зураас гаргасан байсныг хэлэхэд бичлэг үзүүлэх нь үзүүлсэн юм. Гэхдээ дэлгэц нь хагархай утсаар гүйлгээд авсан бичлэг дээр юу харагдах вэ дээ. Ядаж олигтойхон камераар сайтар бичлэг хийхгүй юм бол над шиг зөндөө хүмүүс хохирч байгаа.

Я.Оргилсайхан /БЗД-ийн иргэн/: Ачих зөөвөрлөх чинь тодорхой хугацаатай байдаг даа. Гэтэл гэрийнхээ гадна зөвшөөрөгдсөн хугацаанаас таван минут дутуу байхад гэртээ ороод юм аваад ирэхийн хооронд л ачаад явсан байсан. Мэдээж маш яаралтай болоод л тэр хооронд орхиод яваад ирсэн байж таарна биз дээ. Ер нь хаа ч явсан зогсоол олддоггүй шүү дээ.

Л.Ренчинханд /БЗД-ийн иргэн/: Ер нь бол хотын төвөөр зогсоолгүй шахам байж ачилтын асуудлыг түрүүнд нь тавина гэдэг учир дутагдалтай. Ялангуяа эмнэлэг болон бусад үйлчилгээний газруудын ажилтнууд нь өөрсдийн машинаа зогсоолдоо тавиад дүүргэчихдэг. Тэгэхээр үйлчлүүлж байгаа ард иргэд нь хаана машинаа тавих вэ? Тиймээс зогсоолын асуудлыг л хамгийн түрүүнд хөндөх ёстой.

н.Эрдэнэсайхан /СХД-ийн иргэн/: Хотын хаа ч сул зогсоол олно гэдэг асуудал. Дэл сул зайгаа төлбөртэй зогсоол болгоод хаачихна. Нийтийн эзэмшлийн газруудыг ч төлбөртэй болгосон байдаг шүү дээ. Зогсоолоо шийдээгүй байж торгох, хашраах юм л яриад байх нь шударга биш гэж боддог. Миний мэдэхийн саяхан нэг журмын хашаанд ачлагын машин жолоочтой машиныг ачаад ирсэн тохиолдол ч байна. Ингэж туйлширч болохгүй биз дээ? Ийм л бодолтой явдаг даа.

Машинаа ачуулсандаа бухимдсан жолооч нарын гомдол санал ийнхүү уртаар үргэлжилж байна. Тэдэнд тавьсан “ эмнэлгийн гадна тавьсан автомашин хүнд өвчтөнтэй ирж буй түргэний тэрэгт саад болох юм биш үү?” гэсэн асуултад жолооч нар“Мэдээж, ямар ч хүн зам хааж, таглаж тавихгүй нь ойлгомжтой. Энэ бол шалтаг” гэж хариулж байсан юм.

Харин дараа нь бид Замын цагдаагийн албыг зорив.

Ачиж журамлах асуудал манай шууд удирдлагад байдаггүй

Энд урьдчилан сэргийлэх олон нийттэй харилцах хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн ахмад Д.Цэдэнсайханы суух өрөөнд хэдэн хором саатлаа.Биднийг ачих, зөөвөрлөх асуудлаар явааг минь сонсоод хамгийн түрүүнд гэрээний хугацаа дууссан гэсэн тайлбараар яриа эхэллээ.

Хувийн хэвшлийн компаниуд нэгдсэн журмаар ТББ-тай гэрээ хийгээд, тухайн төлөөлөл нь төрийн байгууллагатай гурвалсан гэрээ байгуулж ажилладаг аж. Одоогоор 2017 оны гэрээ сунгагдаагүй байгаа тул хувийн компаниудын ачих, зөөвөрлөх үйл ажиллагаа түр зогссон байгаа юм байна. Харин нийслэлийн шуурхай удирдлагын төвийн ачих зөөвөрлөх ажиллагаа үргэлжилж байгаа гэнэ. Гэрээ хэзээнээс үргэлжлэх нь тодорхойгүй байгаа гэсэн хариулт аваад иргэдийн дунд гардаг зарим гомдлын мөрөөр асуудлыг тодруулсан юм.

-Ер нь ачигч компаниудтай холбоотой гомдол их гардаг. Ялангуяа эмнэлгийн гаднаас машин ачих явдалд иргэд их бухимдалтай байдаг. Үүнийг зохицуулах, харж үзэх арга байхгүй юу?

-Эмнэлгийн үүднээс автомашинаа ачуулсан гэж байгаа иргэн хэдийгээр нэн яаралтай байдлаар ирсэн байлаа ч бусдыг бас бодох хэрэгтэй. Мэдээж эмнэлэг дээр иргэд зүгээр ирэхгүй нь тодорхой. Хэдийгээр тухайн иргэн яаралтай шалтгаанаар автомашинаа нэгдүгээр эгнээнд, зөвшөөрөлгүй газар зогсоосон байлаа ч үхлийн ирмэгт байгаа өрөөл нэгнийг эмнэлэг рүү оруулах боломжгүй болгох асуудал үүснэ. Тэгэхээр энэ бол хоёр талтай асуудал учраас иргэд дүрмээ л баримтлах хэрэгтэй. Тэгээд ч ачиж журамлах асуудал манай шууд удирдлагад байдаггүй, бид хэрэгжүүлэгч учраас шийдвэр гаргаад зохицуулах боломжгүй.

-Тэгвэл та бүхэн ачиж зөөх явцад гарсан аливаа хохирлын асуудлын шийдвэрлэлтэд ямар байдлаар хяналт тавьж ажилладаг вэ?

-Энэ бол ачигч байгууллагын үйл ажиллагаатай шууд холбоотой асуудал. Бид тухайн тээврийн хэрэгслийг зогсох ёсгүй газар зогссон байна, тиймээс ач гэсэн шийдвэрийг л гаргана. Харин тээврийн хэрэгслийг ачихаас эхлээд журмын хашаанд буулгаад эзэн нь ирж авах хүртэлх үйл ажиллагаа бол ачигч байгууллагын асуудал. Тээврийн хэрэгслийг ачихдаа гадна талаас нь камераар бичлэг, зураг авах нь тухайн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бөгөөд эргээд асуудал тавихад баримтаар баталгаажуулсан байх ёстой байдаг юм.

-Ачиж зөөвөрлөхөөсөө өмнө мэдэгдсэнгүй гэсэн гомдол их байдаг. Энэ талаар?

-“Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам”-дтээврийн хэрэгслийн жолоочийн утас руу холбогдож ч юм уу, ямар нэгэн байдлаар дуудаж мэдэгдэнэ гэсэн зохицуулалт байдаггүй юм. Зөвхөн тээврийн хэрэгслийг ачсан талаарх мэдээллийг тухайн компани 1800-1200 дугаарт бүртгүүлэх ёстой. Улмаар жолооч нь энэ дугаарт залгаж асуухад нь таны машин тэнд байгаа гэдэг байршлыг нь мэдээлэх юм. Зарим тохиолдолд ачигчид мэдээллээ өгөөгүйгээс болж тухайн иргэний машин хаана байгаа нь тодорхойгүй байдаг асуудал гардаг. Манай зүгээс хүний автомашиныг ачсан бол холбогдох мэдээллийг нь өгч бай гэсэн шаардлага тавьдаг гэсэн тайлбарыг өглөө.

/“Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам”-ыг http://www.legalinfo.mn/annex/details/6896?lawid=11320 холбоосоор үзнэ үү./

Мөн Замын хөдөлгөөний удирдлагын төвд очиж зарим зүйлийг тодруулсан юм.

Манайх эмнэлгийн гаднаас хэзээ ч автомашин ачдаггүй

Ажил тарах цаг нэлээд дөхсөн учир товчхон ярилцана гэдгээ хэлээд танхимд оров. Замын хөдөлгөөний удирдлагын төв ачилтын үйл ажиллагаа явуулж байгаа төрийн ганц байгууллага. Харин энэ байгууллагаас гадна ачих үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн 17 компани байдаг байна. Ингээд Замын хөдөлгөөний удирдлагын төвийн олон нийттэй харилцах ажилтан Х.Гансүхтэй уулзлаа.

Ачих, зөөвөрлөх үйл ажиллагаа эрхлэдгийнх нь хувьд эмнэлгийн гаднаас автомашин ачих асуудлыг хамгийн түрүүнд тавьлаа. Харин тэрээр энэ талаар дараах хариултыг өгөв.

-Иргэдийн гомдол, санал хувийн хэвшлийн байгууллагатай холбоотой асуудлыг бүгдийг нь Замын хөдөлгөөний удирдлагын төв гэж ойлгодог. Манайх эмнэлгийн гаднаас хэзээ ч автомашин ачдаггүй. Яагаад гэвэл, яарсан, сандарсан, өвдсөн иргэд л явж байгаа учраас төрийн байгууллагын хувьд манайх тэндээс ачилт хийдэггүй. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагын логотой машиныг ч ачдаггүй. Харин логогүй бол бид мэдэхгүй. Гэхдээ ер нь хэн ч байсан бүгд дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцох ёстой. Үүнд хэн хэнийхээ ажлыг хүндэтгэх ёстой.

-Хувийн хэвшлийнхний үйл ажиллагаа түр зогссон гэж байна. Тэгэхээр одоо зөвхөн Замын хөдөлгөөний удирдлагын төв л ачиж байгаа бол хэчнээн ачигч машин ажиллаж байгаа вэ?

-Тийм, 12 автомашинаар ачих зөөвөрлөх үйлчилгээ явуулж байна. Бусад компанийн хувьд гэрээгээ дүгнүүлэх ажил хийгдэж байгаа. Гэрээний асуудлыг Авто замын газар дүгнэж, шийдвэрлэх юм.

-Иргэдийн зүгээс ирсэн гомдлыг хэрхэн барагдуулсан тухайгаа эргээд мэдэгддэг үү ?

-Тэгэлгүй яахав. Бид энэ талаар бүрэн мэдээлэл өгч ажилладаг ...

Эцэст нь бид автомашиныг ачих, зөөвөрлөн шилжүүлэх үйл ажиллагаа эрхлэгч компанийг зорилоо.

Ачсаны дараа машин гэмтэж сэвтсэн бол компани хариуцлага хүлээнэ

Үйл ажиллагаа нь хэдийгээр зогссон ч бид ачиж, зөөвөрлөх үйлчилгээ эрхлэдэг компанийн байдалтай танилцахаар Энхтайваны гүүрний зүүн талд байрлах Успех, WCTS компаниудын журмын хашаанд очлоо. Тэнд 5-6 тооны автомашин, 6 ачигч машин хашаанд зогсож байв. Биднийг харуул нь гэх нас тогтсон эрэгтэй угтлаа. Тус байгууллагын үйл ажиллагаа түр зогссон учир харуулаас өөр хүнгүй байгаа аж. Гэхдээ цагдаагийн байгууллагатай хамтран шөнийн ачлагад ажилладаг аж. Хашаанд зогсож буй дээр дурдсан автомашинууд бүгд согтуу жолоочийн тээврийн хэрэгслүүд гэнэ.

Ачлагын явцад хариуцлага алдаж, тухайн тээврийн хэрэгсэлд гэмтэл хохирол учруулсан ч хохирлыг нь барагдуулдаггүй асуудал гардаг байна. Ийм тохиолдолд компани хариуцлага хүлээх ёстой юу?

Мэдээж, хүлээх ёстой. Гэхдээ ачихаасаа өмнө бичлэг хийж сэвтэй эсэхийг нь баталгаажуулдаг. Тэгэхгүй бол зарим хүн машинаа сайн мэддэггүй шүү дээ, тэгээд хуучин сэвийг ачихдаа ийм болгосон гэж зүтгээд байж мэднэ. Хэрэв ачсаны дараа гэмтэж сэвтсэн бол компани хариуцлагаа хүлээж, хохирлыг нь бүрэн барагдуулах ёстой.

Тодруулж хэлэхэд ачих зориулалттай машин тоноглол төрлийн хувьд ялгаатай байдаг байна. Нэмэлт дугуйтай зөөвөрлөгч нь машиныг өргөж тээвэрлэхэд эрсдэл бага байдаг бол чирж болон татаж ачдаг машинууд нь ачуулж байгаа тээврийн хэрэгслийг зурах сэвтээх зэрэг асуудал гарах магадлалтай байдаг юм байна.

Машин ачих энэхүү арга хэмжээний тухайд маргаан дэгдээж буй хамгийн гол асуудал бол иргэдийн хэлснээр "Зогсоолын хүрэлцээгүй байдал" болоод байна.

Онцолж хэлэхэд, иргэдийн бухимдлыг төрүүлж байгаа зүйл бол тухайн жолоочид анхааруулж хэлэлгүй автомашиныг нь ачиж явлаа гэсэн гомдол байдаг. Одоо мөрдөж байгаа “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам”-дзөрчил гаргаж автомашинаа байрлуулсан жолоочид заавал урьдчилан сануулна гэсэн заалт байхгүй болохыг анхаарна биз ээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ