Цагдаагийн ерөнхий газрын Төв архивын газраас мэдээлж байна

БНМАУ-ЫН ЦАГДАН СЭРГИЙЛЭХ ГАЗАР

(1943-1955 ОН)

БНМАУ-ын хоёрдугаар Үндсэн хуулийг 1940 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Улсын 8 дугаар их хурлаар баталж улс орны хөгжлийн цаашдын чиг хандлагыг тодорхойлов.

МАХН-ын Төв Хорооны тэргүүлэгчид 1943 оны 03 дугаар сарын 11-нд Цагдан сэргийлэх байгууллагын ажлын тухай хэлэлцээд, Улсын цагдан сэргийлэх газрын “Гүйцэтгэх хэлтэс”-ийн зохион байгуулалтыг өргөтгөж, ажлыг нь сайжруулах арга хэмжээ авч, тус хэлтэст “Хүн амь, дээрэм, хулгайтай тэмцэх нэгдүгээр тасаг”, “Улс хоршооллын өмчийг шамшигдуулах ба, дамын худалдаатай тэмцэх хоёрдугаар тасаг”, “Танхайрагчид болон хууль ёсыг зөрчигчидтэй тэмцэх гуравдугаар тасаг”-ийг байгуулж, 1944 онд “Эрэлч нохой”, “Тоо бүртгэл”, “Хэв шинжилгээ”, “Гэрэл зураг тасаг”-уудыг тус тус байгуулж, хэв журам сахиулах үйл хэргийг өндөр түвшинд явуулах болжээ.

Хөдөө орон нутагт БНМАУ-ын Дотоод явдлын яамны сайдын 1943 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 185 дугаар тогтоолоор шинээр байгуулагдсан Төв аймагт төлөөлөгч 1, цагдаа 2, нийт 3 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй цагдан сэргийлэх ангийг тус аймгийн Дотоодыг хамгаалах хэлтсийн харьяанд байгуулжээ.

Мөн Монгол төрийн цагдаагийн байгууллагад гарсан нэгэн дэвшилтэт үйл хэрэг бол цагдан сэргийлэхийн алба хаагчдын хэрэглэх албаны цол бий болсон явдал юм.БНМАУ-ын Бага хурлынтэргүүлэгчдийн 1944 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 23 дугаар тогтоолоор цагдан сэргийлэхийн алба хаагчдыг цэргийн алба хаагчдаас ялгаж, цолны өмнө “Цагдан сэргийлэх”-ийн хэмээн тодотгож өгсөн тус цолыг БНМАУ-ын бага хурлын тэргүүлэгчдийн 1951 оны 116 дугаар тогтоолоор цагдан сэргийлэхийн дүрэмт хувцсыг өөрчлөн баталжээ.

1945 онд “Улаанбаатар хотын Цагдан сэргийлэх анги”-ийг дахин байгуулж нийслэл хотод хэв журам сахиулах ажлыг гүйцэтгүүлэх болсон ба БНМАУ-ын Дотоод явдлын яамны сайдын 1946 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 504 дүгээр тушаалаар Мөрдөн байцаах газрыг байгуулж, анхны даргаар Б.Дуламсүрэнг томилжээ. 1948 оноос дипломат харилцаатай улс орон олширч, Монголд суугаа дипломат газруудыг цагдан сэргийлэх байгууллагын харуулаар хамгаалах болж, гэрээт цэрэгжүүлсэн харуулаар хамгаалах обьектын хуваарь гаргаж байжээ.БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн шийдвэрээр 1948 онд “Улсын түүхийн төв архив”, “Налайхын нүүрсний уурхай”, “Хотын ус түгээгүүрийн станц” зэрэг чухал обьектуудыг цагдаагийн хамгаалалтанд авсан байна.

Мөн БНМАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын даргын 1950 ны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 36 дугаар тушаалаар “Төмөр замын цагдан сэргийлэх групп” нэртэйгээр байгуулагдаж, БНМАУ-ын Дотоод явдлын яамнысайдын 1951 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 614 дүгээр тушаалаар “Төмөр замын цагдан сэргийлэх тасаг” болон өргөжжээ.

Улсын цагдан сэргийлэх газар нь 1955 онд БНМАУ-ын Дотоод явдлын яамыг өргөтгөн зохион байгуулж Цэрэг ба Нийгмийг аюулаас хамгаалах хэрэг эрхлэх яам байгуулснаар тус яамны харьяанд шилжин ажиллах болжээ.

Энэ үеийн улсын цагдан сэргийлэх газрын даргаар Санжийн Эрэнцэнхорлоо, Ванжийн Даржаа, Бат-Очирын Шагдаржав нар ажиллаж байв.

ЦАГДААГИЙН ТҮҮХ СУДЛАЛЫН СЕКТОР

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 00 мин