Цагдаагийн ерөнхий газрын Төв архиваас мэдээлж байна...

БНМАУ-ЫН ЦАГДАН СЭРГИЙЛЭХ БАЙГУУЛЛАГА

/1955-1960 ОН/

Монгол төрийн цагдаагийн байгууллага нь 1955 оноос эхлэн БНМАУ-ын Цэргийн ба Нийгмийг аюулаас хамгаалах хэрэг эрхлэх яамны харьяанд үйл ажиллагаа явуулах болсон ба зохион байгуулалтын хувьдтөвдөө Улс төрийн анги, Эрүүгийн гэмт хэргийг эрэн сурвалжлах хэлтэс, Улс олон нийт, хоршооллын хөрөнгийг ашиглан шамшигдуулах ба дамын худалдаа хийгчидтэй тэмцэх хэлтэс, Мөрдөн байцаах хэлтэс, Сэргийлэн хамгаалах албаны хэлтэс, Улсын авто техникийн хэргийг шалган байцаах хэлтэс, Төмөр зам дахь цагдан сэргийлэх анги, Иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх хэлтэс, Паспортын хэлтэс, Аж ахуйн санхүүгийн хэлтэс, нарийн бичгийн дарга нарын аппараттай, орон нутагт аймгийн ба хотын цагдан сэргийлэх ангиудтай байжээ.

МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчоо 1957 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 19 дүгээр тогтоолоор Улсын цагдан сэргийлэх байгууллагын ажлыг сайжруулах ажиллах бололцоо нөхцөлөөр хангах тухай арга хэмжээ авчээ. Тус тогтоолд цагдан сэргийлэх байгууллагын үндсэн үүргийг тодорхойлон заахдаа “Цагдан сэргийлэх байгууллага нь манай ардчилсан төрийн хууль дүрмийг биелүүлж улсын ба ард иргэдийн эрх ашгийг сэргийлэн хамгаалах, олон нийтийн хэв журмыг сахиулах, улс олон нийтийн хогшил хөрөнгийг идэж ашиглах, хулгайлан үрэгдүүлэгчидтэй тэмцэх эрхэм чухал үүргийг хүлээсэн юм”гэсэн байна.

Онц сэргийлэгч тэмдэгний загвар

МАХН-ын Төв Хорооны 1957 оны 19 дүгээр тогтоолыг удирдлага болгож цагдан сэргийлэхийн төв хөдөөгийн ажилтан нарын ажлын туршлагыг харилцан солилцуулах зорилгоор Цэрэг ба Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны сайдын тушаалаар “Онц сэргийлдэгчдийн анхдугаар зөвлөгөөн”-ийг 1957 оны 07 дугаар сард хийлгэж уул зөвлөгөөнд ажил сурлага сахилга батаар тэргүүлж яваа 200 гаруй офицер, сэргийлэгчдийг шалгаруулан оролцуулжээ.

МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 1958 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 166 дугаар тогтоолоор Нийгмийг аюулаас хамгаалах байгууллагын зохион байгуулалтад зарим өөрчлөлт оруулж аппаратыг хямдруулан удирдлагыг төвлөрүүлэх, үйл ажиллагаагий нь олон түмэнд улам ойртуулан шуурхай болгох зорилгоор хэд хэдэн арга хэмжээ авсны дотор Цэрэг ба Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны гал түймрийг эсэргүүцэх хэлтсийг улсын цагдан сэргийлэх газрын сэргийлэн хамгаалах хэлтэстэй нэгтгэж, Улаанбаатар хотын цагдан сэргийлэх газрыг Улсын цагдан сэргийлэх газраас тусгаарлан байгуулж Улсын цагдан сэргийлэх газрын ерөнхий газар болгов.

Улаанбаатар хотын Цагдан сэргийлэх газар нь 1959 оны 01 дүгээр сард Хотын Цагдан сэргийлэх ерөнхий хэлтэс болж өөрчлөгдөн түүний харьяанд гал сэргийлэн хамгаалах хэлтэс, мөрдөн байцаах хэлтэс, хотын ангиуд үлдсэн ба бусад хэсэг тасгууд нь Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын харьяанд шилжжээ.

1957-1959 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс цагдан сэргийлэх байгууллагын ажлын онцлогийг харгалзан хотын ангиудыг уналгаар хангах арга хэмжээ авч, офицер ажилтанд олгох тэтгэвэр тусламжийн тусгай хуульчилсан тогтоол гаргасан ба цалингийн шинэ системийг тогтоосон байна.

МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1958 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 317/298 дугаар тогтоолыг удирдлага болгон мөн оны 11 дүгээр сарын 21-нд Цэргийн ба Нийгмийг аюулаас хамгаалах хэрэг эрхлэх яамны сайдын 718 дугаар тушаалаар Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын гадуур албаны хэлтсийн авто техникийн асуудал хариуцсан ажилтнуудын орон тоог Улаанбаатар хотын Цагдан сэргийлэх газрын авто техникийн хэлтэстэй нэгтгэж Улсын авто техникийн хэргийг шалган байцаах хэлтсийг байгуулж, Сүхбаатар, Төв, Дундговь, Ховд, Өмнөговь, Говь-Алтай, Баянхонгор, Баян-Өлгий аймгуудад авто техникийн байцаагч нарын орон тоог нэмэгдүүлсэн байна.

1960 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолыг үндэслэн Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдын тушаалаар Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын галын хэлтсийг дотор нь 2 тасагтай төв гал командтайгаар биеийг нь даалган зохион байгуулжээ.

ЦАГДААГИЙН ТҮҮХ СУДЛАЛЫН СЕКТОР

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 25 мин

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 00 мин