П.Цагаан: Бид ямар байгаагаа мэдэж авсан нь хамгийн том амжилт

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв нь Монгол Улсын өрсөлдөх чадварыг цогц байдлаар судалсаар ирсэн. 2010 онд “Монгол Улсын өрсөлдөх чадварын тайлан”, 2012 онд “Аймгуудын өрсөлдөх чадвар”-ын тайланг тус тус гаргасан. Харин энэ удаад судалгааны хүрээгээ өргөжүүлж, “Улаанбаатар хотын дүүргүүдийн өрсөлдөх чадварын тайлан”-г Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Азийн сангийн дэмжлэгтэйгээр гүйцэтгээд байна. Тус судалгаа нь нийслэл хот болон бусад дүүргүүдийн хөгжлийн түвшинг цогц байдлаар үнэлсэн анхны бүрэн хэмжээний судалгааны тайлан болсноороо онцлогтой юм.

Судалгааны үндсэн зорилго нь Улаанбаатар хотын болон есөн дүүргийн өрсөлдөх чадварыг хэмжих, өрсөлдөх чадварын давуу, сул талууд, түүнийг сайжруулахад тулгарч буй бэрхшээлүүдийг гаргаж ирэхэд оршиж буй юм. Дүүргүүдийн өрсөлдөх чадварыг хэмжихдээ амьдралын чанар, амьдрах орчин, аюулгүй байдал, засаглал, эдийн засаг гэсэн таван үндсэн бүлгийн хүрээнд нарийвчлан тодорхойлсон нийт 150 шалгуур үзүүлэлтээр хэмжсэн байна. Эдгээр шалгуур үзүүлэлтүүдийн мэдээллийг дүүргүүдийн албан ёсны статистик мэдээлэл болон өрхийн асуулгын мэдээллээр цуглуулсан байна.

П.ЦАГААН: БИД ЯМАР БАЙГААГАА МЭДЭЖ АВСАН НЬ ХАМГИЙН ТОМ АМЖИЛТ

Бид энэхүү судалгааны тайланг тавих үеэр Эдийн засгийн бодлого , өрсөлдөх чадварын судалгааны төвийн удирдах зөвлөлийн дарга П.Цагаанаас цөөн зүйлтодрууллаа.

-Нийслэлийн дүүргүүдийн өрсөлдөх чадварыг судалж гаргажээ. Судалгаагаар яг ямар үр дүн гарав?

-Аливаа зүйлийг хэмжиж чадахгүй бол хянаж чадахгүй. Хянаж чадахгүй бол удирдаж чадахгүй. Удирдаж чадахгүй бол сайжруулж чадахгүй. Тэгэхээр аливаа хөгжлийг хэмждэг хэмжүүртэй болох нь хамийн чухал. Өнөөдөр анх удаа нийслэлийн есөн дүүргийн нийгэм, эдийн засгийн байдлын өрсөлдөх чадварыг 150 үзүүлэлтээр судлаад анхны тайлангаа гаргаж байна. Өнөөдөр нийгэм юу хүсч, ямархуу байдалтай байна вэ, нөөц боломж нь юу байна, ямар хүндрэлтэй асуудал байна гэдгийг дүүрэг дүүргээр нь багцаар нь гаргасан нь хамгийн чухал. Аливаа хүн, байгууллага, улс өөрийгөө ямар байгаагаа мэднэ гэдэг сайныгаа батжуулаад, саарыгаа арилгах учир шалтгаан болдог.

-Энэхүү судалгаагаар Монгол Улс хөгжлийн ямархуу түвшинд явж байгааг тодорхойлж байна гэж ойлгож болох уу?

-Тэгж ойлгож болно. Судалгааны дүн гарсанаар ирэх жил гэхэд ямар үзүүлэлт нь сайжирч, ямар нь дордож вэ гэдгийг хянаад цаашаа явах боломжтой болно. Хөгжил гэдэг бол явж явж тухайн нийслэл, хотын ард иргэдийн амьдралынх нь баталгаа сайн, аюулгүй орчинд амьдардаг, эмнэлэг нь баталгаатай, зам тээврийн түгжрэл багатай, авч байгаа цалин нь хүрэлцээтэй, хүүхдүүдийн сурч байгаа сургалтын чанар нь сайн, үзүүлж байгаа эмнэлэг нь сайн гэх мэт амьдралынх нь таатай орчин шүү дээ. Өндөр байшин бол зүгээр хөгжлийн нэг илэрхийлэл болохоос хөгжил биш.

-Судалгааны дүн гарчихлаа. Цаашид хэрхэн ажиллах вэ?

-Энэ судалгааг хийхэд нөр их хөдөлмөр орсон. Олон мянган айл өрхүүдээр явж судалгаа авсан. Дүүргүүдийн энэ хэмжүүрийг Нийслэл, дүүргийн удирдлага, бизнес аж ахуй нэгжүүд ашиглаад хамтраад ажиллах юм бол бидний бухимдал багасна, хөгжил дэвшил урагшилна гэж үзэж байгаа юм. Тайлан гарангуут ид шидтэй юм шиг нийгмийг эмчилчихгүй. Эхлээд ямар байгаагаа мэдэж авсан нь хамгийн том ололт. Дараа нь түүнийгээ яаж сайжруулах нь бидний асуудал.

Б.ЛАКШМИ: 150 ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТЭЭР ЦОГЦ СУДАЛГАА АВЛАА

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшмитай ярилцлаа.

-150 шалгуур үзүүлэлтээр судалгаа авсан гэсэн. Иргэд яг ямар асуудал тулгамдаж байна гэж байсан бэ?

-Дүүргүүдийн өрсөлдөх чадварыг хэмжихдээ амьдралын чанар, амьдрах орчин, аюулгүй байдал, засаглал, эдийн засаг гэсэн таван үндсэн бүлгийн хүрээнд нарийвчлан тодорхойлсон нийт 150 шалгуур үзүүлэлтийн нэгдсэн дүнгээрээ Баянгол дүүрэг тэргүүлж байна. Өөрөөр хэлбэл бусад дүүргүүдээсээ өрсөлдөх чадвараараа хамгийн сайн ньБаянгол дүүрэг гэх судалгааны дүн гарсан. Судалгаа хийгээд харж байхад хамгийн гол асуудал нь эдийн засгийн асуудлууд байсан. Тухайлбал дүүргүүдийн иргэд ажлын байр нэмэгдүүлэх шаардлага их байна гэж байлаа. Мөн хүүхдүүдийн тоглоомын талбай, хүртээмж гэх мэт нийгмийн асуудал хөндөж байсан. Тэгэхээр дүүргүүдэд цэцэрлэгийн хүртээмж бага байдагтай холбоотойгоор аав ээж нар ажлаа хийж чадахгүй хүүхдээ харах шаардлага үүсч байгаа. Энэ нь дүүргүүдийн индекст нөлөөлж байна. Хоёрдугаарт ажлын байр, өрхийн амьжиргаа гэсэн асуудлууд дүүргүүдийн иргэдэд тулгамдаж байгаа хамгийн том асуудал байна. Ажлын байр ихээр нэмэгдүүлснээр өрхийн орлого нэмэгдэнэ гэж харж байна. Тухайн дүүргүүдэд цэцэрлэгийн хүрэлцээ хэр байна, нэг багшид ногдох сурагч, нэг эмчид ногдох өвчтөн хэр байна гэх мэт статистик тоонууд гаргасан.

-Өрхийн амьжиргаа хамгийн бага дүүрэг нь ямар дүүрэг байв?

-Өрхийн амьжиргаа дүүрэг бүрт янз янз байна. Гэр хороолол ихтэй дүүргүүдэд нэлээд доогуур үзүүлэлттэй гарсан. Тэгэхээр тухайн дүүргүүдэд илүүтэй анхаарал хандуулж ажиллах шаардлагагтай байгаа. Амьжиргааны түвшин доогуур дүүрэг гэхэдСонгинохайрхан дүүрэг байх жишээтэй. Тус дүүрэгт ногоон байгууламж муутай, гэмт хэрэг ихтэй. Агаарын бохирдол талаас нь авч үзэхэд дахиад л Сонгинохайрхан, Баянзүрх гэсэн дүүргүүд нэлээд их бохирдолтой гэсэн дүн гарсан.

-Иргэд өөрсдийнхөө амьдарч буй орчныг хэрхэн дүгнэж байсан бэ?

-Иргэд нь өөрсдөө өөрсдийнхөө амьдарч байгаа орчныг хэрхэн дүгнэж байгаа талаар санал асуулга авсан. Иргэд хог хаягдлын менежментийг сайжруулах хэрэгтэй байна гэх саналыг нэлээд их нэрлэсэн. Мөн нэг нэгэндээ туслахад бэлэн байдаг уу гэж асуухад Багахангай дүүрэгт гэхэд бие биедээ туслахад бэлэн гэх хариулт хамгийн их ирсэн гэх мэт 150 шалгуур үзүүлэлтээр судалгаа авлаа.

-Агаарын бохирдлоор тэргүүлдэг дүүргийг та сая нэрлэлээ. Ажилгүйдлээр аль дүүрэг нь тэргүүлж байсан бэ?

-Дүүргүүдээс Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг цэцэрлэгийн хүртээмж маш бага, мөн гэрэлтүүлэг бага байдгаас гэмт хэрэг их гардаг. Мөн ногоон байгууламжгүй тул иргэдийн сэтгэл санааны байдал тогтворгүй гэх мэт үзүүлэлтүүдээс нь авч үзвэл хамгийн их ажилгүйдэлтэй дүүрэгт багтаж байна.

Д.Оюун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ