“Цалинтай бол байртай” 8 хувийн хүүтэй зээлийн гарааны 96 цаг

Мөнгө санхүүгийн гэхээсээ жирийн монгол айл тулганд галаа бадраах, гэмт хэрэг, гэр бүл салалт, агаар, хөрсний бохирдол, хот, хөдөөгийн ялгааны уг үндэс, учир шалтгааныг нь арилгаж өөрчлөх орон сууцны хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн гарааны 96 цагт юу болсон бэ? “Гараа сайн бол бариа сайн” учраас нүдээр харж, чихээр сонсон, иргэдийн санал бодол, банк, төрийн үйлчилгээний чанар ямар байгааг сурвалжлав. Эмч, сэтгүүлч, инженер зэрэг ажил мэргэжил, хувийн зорилго нь өөр ч илүү сайхан сууц, илүү цэвэр хотод амьдрах хүслээр нэгдсэн залуус бид “Миний хаяг Монгол” санаачилга гарган ажиллаж байна. Бид “Цалинтай учраас байртай” болох зээлийн явцад иргэний байр суурийг илэрхийлэх, хүн хүндээ хэлж өгөх, сайныг нь дэмжихийн хамт саадыг нь арилгах асуудал тавьж шийдүүлэх зорилготой. Эхний удаад Шүүхээр тогтоогдсон өртэй эсэхийн талаар лавлагаа гаргаж өгөх үүрэг хүлээсэн, ачаалал ихтэй байгаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очиж буцалж буй ажилтай нь танилцан, албан тушаалтан, ард иргэдийн байр суурь, санал бодлыг сонслоо. Хамгийн санаачилгатай ажиллаж байгаа Худалдаа хөгжлийн банк болон хямд зээлийн санхүүжилтийг нь авсан ч таг чиг буй Төрийн банкинд юу болж буйтай танилцав.

Шөнийн 23 цаг хүртэл өдөрт 1500 лавлагаа олгож байна

Зуун айлд, “Одкон” компанийн баруун талд байрладаг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2 дугаар байр хүний хөлд дарагдан, амьдрал жинхэнэ буцалж байна. 2000 төгрөгөө дансанд тушаасан баримт, иргэний үнэмлэхээ барьсан иргэд дүрэмт хувцастай, хүлээн авагчийн өмнө дугаарлажээ. Сараалжин хаалттай цонхноос өр төлбөргүйг нотлох лавлагаа олгож байна. Өдөрт 50-100 лавлагаа олгодог байсан бол 8 хувийн хүүтэй зээл эхэлсэнээр1500 болж ачаалал нь 30 дахин ихэссэн тул 22 ажилтан бүгд хүч зузаалан ажиллах зохион байгуулалтанд орсон гэж Мэргэжлийн удирдлагын хэлтсийн дарга, хошууч Б.Батболд хэллээ. Хөдөө орон нутгаас гэхэд нэг өдөрт 1000 хүсэлт ирсэнийг нь интернэтээр олгож байна. Чирэгдэл үүсгэхгүйн тулд Улаанбаатарт ч интернэтээр лавлагаа олгох саналаа Монголын банкуудын холбоонд гаргасан гэлээ. Хөдөө рүү онлайнаар илгээж болж байгаа лавлагаа нийслэлд цахим хэлбэр ашиглах боломжтой. Цаас, гараар олгох нь хүч нэмсэн ч, бүр үйлчлэгч нь хүртэл дайчлагдсан чачааллаа даахгүй, хүмүүс дугаарлан зогсож буйдаа дуртай биш. Хүсэлтийг нь буюу 2000 төгрөг тушаасан баримт, иргэний үнэмлэхийг нь шуурхай хүлээн авч байгаа ч олгоход 2-3 хоног болчихож байна. “Цалинтай л бол байртай” болох хүсэлт улам ихсэх тул цааснаас цахим хэлбэрт шилжих саналыг хөтөлбөр хэрэгжүүлэгчид шуурхай шийдвэрлэх шаардлагатайг үүссэн дараалал, төвлөрсөн ачаалал, зарцуулсан цаг хангалттай нотолно.

Пүрэв гаригийн өглөө хүсэлтээ өгөхөд ирэх даваа гаригийн 15 цагт гарна гэлээ гэж иргэн \31 нас\ Д.Батбаяр хэллээ. Эднийх сарын сая гаруй төгрөгийн цалин, орлогоо нийгмийн даатгалын дэвтрээрээ нотолсон, 30 хувиа яаж ийгээд, ах дүүгээрээ нийлж байгаад бүрдүүлсэн, шинэ нэгөрөө байр авах гэж байгаа гэнэ. Жилийн 8 хувь гэхээр сарын 0,7 хүрэхгүй, өмнөх Засгийн газрын шоунаас болоод эхэндээ итгэхгүй байсан, одоо өөрийн биеэр үнэмшлээ гэж ярив. Д.Батбаяр бол энэ жил ашиглалтанд орж байгаа 26 мянга орчим шинэ сууцны түлхүүр атгах эхний хүмүүсийн нэг.

Харин иргэн Б.Цэцэгмаа авчихсан байсан зээлээ 8 хувийн хүү рүү шилжүүлж буулгах гэж байгаа, сардаа 640 мянгыг төлдөг байсан нь лав л зуу мянгыг хэмнэх ажээ. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалын хэлсэн “Цалин нэмээгүй байхад худалдан авах чадвар 30 хувь өснө” гэсэн үгийг иргэн Б.Цэцэгмаа өөрийнхөө жишээн дээр баталлаа. Хэрэглээнээс хуримтлал руу шилжиж эхэлнэ гэдэг нь ч хөлсний байранд өгчихдөг хэмжээний мөнгөө 8 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай зээлэндээ төлөх бүрт өөрийнх нь болж байгаа олон мянган айлын сууц юм. Жилийн 16 орчим хувийн хүүтэй авсан зээлээ 8 хувь руу шилжүүлэх 31 мянган иргэний нэг нь Б.Цэцэгмаа. Зарим арилжааны банк өмнөх зээлийг нь 8 хувь руу шилжүүлж, гэрээшгээ шинэчилж байна.

13 цаг 30 минут Төрийн банк сургалттай байна

Төрийн банкны “Зуун мянган айлын орон суууцны зээлийн төв” гэсэн том хаягтай салбарт очлоо. Хоёр теллерээс бусад нь төвдөө болж байгаа сургалтанд суухаар явсан, үйлчлүүлэгчгүй эл хуль байна. Дотоод журмаа боловсруулж байгаа, 8 хувийн хүүтэй зээлийг ирэх долоо хоногоос олгох байх гэхээс өөр зүйл хэлсэнгүй. Хувийн банкуудын хурд, санаачилгатай харьцуулахад төрийн менежмент нэг иймэрхүү.

14 цаг

Өмнөх зээлийг нь 8 хувь руу шилжүүлж дуусчээ

Худалдаа хөгжлийн банкны “Чингэлтэй” салбар бас л хөл хөдөлгөөн ихтэй байна. Зээлдэгчид сонгуулийн шоу гэж эргэлзсэн, бас санал хураах өдрөөс өмнө л амжих юм шүү гэсэн “улс төрийн сонор сэрэмж” ихтэй ирээд ажил нь бүтэхээр чин сэтгэлээсээ баярласан талархсанаа илэрхийлж буй нь их сайхан санагдаж байгаа тухай салбарын захирал н.Оюунбилэг өгүүллээ. Энэ салбар орон сууцны өмнөх зээлийг 8 хувь рүү шилжүүлээд дуусч байгаа ажээ.

Үнээ нэмж шуналтвал хөтөлбөрөөс хөөгдөнө

Биднийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, банкуудаар явж байхад Ерөнхий сайд Төрийн ордонд мэдээлэл өгчээ. Дутуу барьсан орон сууцыг нь гүйцээж барихад зориулж хөнгөлөлттэй зээл олгоод, материалын үйлдвэрлэлийг дэмжиж урьдчилж цемент, арматур хоёрыг нь бэлтгүүлээд, инженерийн шугамыг нь татаж өгөөд байхад үнэ нэмнэ гэх юм бол хөтөлбөрөөс хасна. Хөнгөлөлтөө эдэлж, ашгаа олохоор байтал үхэн хатан үнээ өсгөх гээд байвал яая гэх вэ, дараагийн чадах компанийг нь оруулъя, зөндөө байна шүү дээ” гэж шулуухан авчээ. О.Магнайн тэгүүлдэг агентлаг ч шударга бус үйлдэлтэй үзэж тарна, энэ талаар мэдсэн зүйлээ хэлээрэй гэж иргэдийг уриалж байна. Нэг сайн мэдээ гэвэл хуучин сууц худалдах онлайн зар ойрын өдрүүдэд гурав дахин өсчээ. Гэр хашаанаас хуучин сууц руу, тэд нар нь шинэ рүү гэсэн шилжилт хөдөлгөөн ч ажиглагдаж байна. 8 хувийн хүүтэй зээлийн эхний 96 цаг нийгмийг хөл хөдөлгөөноруулжээ. Улсын орон сууц, нэгдлийн мал хувьчилсан шиг үзэгдэл болэхэлсэн байна. Бид иргэдийн дунд хамгийн түгээмэл байгаа асуулт, саналыг Монголбанк, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар зэрэгтавьж хариулт аван бололцооны хэрээр мэдээлэх болно.

Миний хаяг Монгол” иргэний санаачилгын гишүүн

Эмч Б.Баяраа, barilga.mn-ийн сэтгүүлч Б.Цолмонтуяа, инженер Ц.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ