Банкуудын нэхээд байгаа “1%-ийн шимтгэл” хуулиас гадуурх үйлдэл шүү

Энэ банкуудыг ер нь яамаар ч юм бэ дээ. Хуульд “Банк зөвхөн хуульд заасан үйл ажиллагаа болон хүүгээс ашиг олно” гэж заасан байдаг юм билээ. Тэр хуульд заасан үйл ажиллагаа гэдэгт нь Засгийн газрын тогтоолоор орон сууцны зээл авсан иргэдийн төлж буй хүүг найман хувь руу шилжүүлэхэд нэгхувийн шимтгэл авах тухай ганц үг байтугай үсэг ч алга.

Жилийн 22-24 хувийн хүү төлж байсан иргэд найман хувийн сургаар хар гүйхээрээ банк руу очно, тодорхой. Тэгээд баярын мишээл тодруулан “Яасан, ийсэн. Миний зээл найман хувьтай болж байгаа юм уу” гэж асууна, мэдээж. Тэгэнгүүт банкны зээлийн мэргэжилтэн өөдөөс нь зурагт, сонины алинаар нь ч мэдээлээгүй “Нэг хувийн шимтгэл” гээч юм нэхэхээр цочно биз дээ.

Гэхдээ л хамаг цалингаа орон сууцны хүүнд тавиад туудаг хүмүүс яаж ийж байгаад нэг хувийн шимтгэл төлсөөр л байна. Нэлээд хэд хоног шүү. Энэ хооронд банкууд хөөрхөн ашиг олчихоод, ёстой л бод идсэн боохой шиг сууж байгаа. Харин саяхан ШӨХТГ-аас арилжааны банкуудыг энэ бусармаг үйлдлээ зогсоох шаардлага хүргүүлжээ. Хүргүүлсэн даруйд ямар ч байсан “Капитрон” банк шимтгэл авахаа зогсоосон гэнэ.

Хариу шаардаад ч ирүүлээгүй гэж байна. Ээжийгээ айлгаж байгаа эрх хүүхэд шиг. Бусад нь одоогоор яах тухайгаа мэдэгдээгүй таг дуугүй байгаа гэсэн. Тиймээс ШӨХТГ-ын О.Магнай “Банкууд иргэдийн орон сууцны зээлийн хүүг найман хувь руу шилжүүлэхдээ нэг хувийн шимтгэл авахаа болихгүй бол шүүхийн шатанд асуудлыг шийдвэрлүүлнэ” гэв. Наад баларсан ажлаа зогсоохгүй бол ч Магнай дарга хэлсэн үгэндээ хүрдэг хүн дээ.

Уг нь төрөөсөө халамж хүртчихдэг, эрх дураараа, бас дотор нь аль ч хамаагүй дарга ороод бужигнуулаад дуртай зээлээ авчихдаг банкууд Монголоос өөр хаана ч байхгүй. Тэгээд бас гадаадынх шиг буу энэ тэртэй дээрэмчид манай банкууд руу барагтай бол халдахгүй. Харин өнгөрсөн жил Дорноговьдэр, эм нь мэдэгдэхгүй нэг этгээд тоглоомон буу барьж банк руу ороод, теллерийнх нь өмнө байсан мөнгийг зүгээр очоод аваад гарчихсан. Өөрөөр хэлбэл, зэвсэгт халдлагад бараг өртдөггүй болохоороо банкуудад нь хамгаалалтын систем гэж бараг байхгүй, байгаа хамгаалагчид нь 50 нэлээд гарсан өвгөжөөр хүмүүс.

Ийм сайхан тайван орчинд ажиллаж, түнтийтлээ баяжиж байж энэ банкууд ялихгүй юмнаас ч хүртэл хууль зөрчин байж ашиг унагаах гээд байдаг нь хачирхалтай. Одоо тэгээд арилжааны банкууд том толгойлсныг мэдээгүй иргэд “Муу л юм болвол хойд талын хар овоохой” гэдэг шиг төр засаг руугаа чичин дайрч “Засгийн газар болимоор юм. Юун шимтгэл вэ”, “Өө яршиг. Хуучин хүүгээрээ төлье” гэцгээж байна гэх юм. Хуучин хүүгээрээ төлөх нь ч юу юм. Харин тэрнэг хувийн шимтгэл бол хууль бус зүйл гэдгийг иргэд ер нь мэддэг болов уу.

Д.Амар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ