Энэ онд 34 мянган айлын байр ашиглалтад орж, барилгын компаниудад ашиг унахгүй

Орон сууцны урт хугацаатай, бага хүүтэй зээлийн систем хэдийнэ хэрэгжээд эхэлчихлээ. Мөнгөний тал дээр асуудалгүй юм билээ. Гагцхүү барилгын нийлүүлэлт хэвийн байж гэмээнэ энэ систем урт настай, удаан жаргалтай болно. Иргэдийн хувьд шууд байрандаа орох хүсэлтэй байгаа. Харин барилгын зах зээл дээр ашиглалтад орсон бэлэн байр байгаа юу гэдэг нь анхаарал татаж байгаа юм.

Барилга, хот байгуулалтын яамнаас барилгын нийлүүлэлт хангалттай байгаа хэмээн мэдэгдэж байна. Учир нь өмнөх жилүүдэд 13-14 мянган байр ашиглалтад ордог байсан бол энэ жил 34 мянгыг ашиглалтад оруулна гэсэн судалгаа бий.

Барилгын нийлүүлэлтийн хангах хамгийн чухал оновчтой арга бол дуусаагүй байгаа барилгуудад санхүүгийн туслалцаа үзүүлэх юм. Өөрөөр хэлбэл энэ ажлыг хурдасгахын тулд барилгын компаниудад хөнгөлттэй зээл олгоно гэсэн үг. Улсын хэмжээнд хийсэн судалгаагаар дутуу байгаа барилгуудыг гүйцээхэд 900 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тоо гарчээ. Тиймээс Засгийн газрын тогтоолоор Барилга, хот байгуулалтын яамнаас Монголбанктай хамтран 230 тэрбум төгрөг эхний ээлжинд гаргаад байгаа гэв.

Барилга хот байгуулалтын яамнаас барилгын үнийн хөөрөгдлөөр шалгалт хийхэд 18 компани үнээ нэмсэн тогтоогдсон байна. Харин Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас 56 барилгын компанид шалгалт хийхэд долоон компани 100-150 мянгантөгрөгөөр үнээ нэмсэн тогтоогдсон гэв. Хэрвээ эдгээр компани Монголбанкны хөтөлбөрт хамрагдаж, зээл авсан байвал хариуцлага тооцно. Харин хамрагдаж байгаагүй бол Засгийн газраас зарлаж байгаа дараа дараагийн хөтөлбөрт хамруулахгүй гэсэн.

Гэтэл Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас өмнө нь үнээ нэмсэн барилгын компаниудад хариуцлага тооцно хэмээн удаа мэдэгдэж байсан ч үр дүнд хүрсэн зүйл одоогоор нэг ч алга. Тэд үнийн хөөрөгдөл үүсгэсэн компаниудыг шүүхэд өгнө гэдэг боловч энэ тохиолдолд үнийн хөөрөгдөл үүсгэсэн компаниудад ийм хариуцлага тооцно гэсэн хуулийн заалт байдаггүй. Тиймээс олны өмнө гарч баатар болох гэж ярьж байхаар хуулиа эргэн харж, хариуцлагын тогтолцоогоо сайжруулах хэрэгтэй байна.

Мөн О.Магнай даргын хэлж байгаагаар барилгын ченжүүдэд энэхүү найман хувийн хүүтэй орон сууцны зээл ашгаа өгөхгүй гэнэ. Учир нь энэ жил 34 мянган байр ашиглалтад орох учир тэр бүрийг барилгын ченж нар худалдан авч ашиг олохгүй гэж үзэж байгаа аж.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ