Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг дэмжлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ. Улмаар чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь уг хуулийн төслийг хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэн анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлэв.
Нотариатын тухай хуулийг 2011 онд шинэчлэн найруулж баталсан. Гэвч зохицуулалт нь хэт ерөнхий байгаагаас тусгай зөвшөөрлөө хугацаагүйгээр түдгэлзүүлдэг явдал гарах болжээ. Үүнтэй холбоотойгоор “Иргэдийн нотариатын үйлчилгээг авах эрх нь зөрчигдөх, нөгөө талаас нотариатчаар ажиллах сонирхол бүхий бусад этгээдийн боломжийг хаах нөхцөлийг бүрдүүлж байна” гэж үзжээ. Улмаар Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж УИХ-д өргөн барьжээ. Уг хуулийн төсөлд нотариатын тусгай зөвшөөрөл түдгэлзүүлэх үндэслэлийг тодорхой болгох, тодорхой хугацаатайгаар түдгэлзүүлдэг болох зэрэг асуудлыг тусгажээ.
Мөн нотариатчид тавигдах шаардлагыг өндөрсөхөөр болжээ. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар “Мэргэжлийн шалгалтад тэнцсэн, ял шийтгэлгүй, нотариатын үйлдэл хийх ажлын байртай” гэсэн шалгуур тавьдаг. Гэвч нотариатч нь төрөөс олгосон бүрэн эрхийн дагуу, төрийн нэрийн өмнөөс баримт бичгийн үнэн зөв болон аливаа хувийн эрх зүйн гэрээ, хэлцлийг үл маргах шинжтэй болгох зорилгоор гэрчлэх, талуудын эрх, ашиг сонирхлыг хамгаалж, эрх зүйн зөвлөгөө өгөх зэрэг өндөр хариуцлагатай үүрэг хүлээдэг, зайлшгүй мэргэжлийн хуульчийн хийх ажиллагааг гүйцэтгэдэг учраас тэдэнд тавигдах шалгуурыг өндөрсгөх шаардлагатай гэж үзжээ.
Нотариатчидын хүрэлцээ хангалтгүй байгаагаас сумын Засаг даргын Тамгын газрын дарга, хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газарт холбогдох албан тушаалтан нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэдэг байна. Эдгээр хүмүүс нь бүгд хуульч мэргэжилтэй байх боломжгүй учраас иргэн, хуулийн этгээд зохих түвшинд нотариатын үйлчилгээг авч чаддаггүй ажээ. Улмаар мэргэжлийн бус хүн нотариатын үйлчилгээ үзүүлснээс түүний хийсэн нотариатын үйлдэл шүүхийн шатанд хүчингүй болох, иргэн, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөх зэрэг хүндрэл үүсэх болжээ. Тухайлбал, 2015-2017 онд нотариатчийн гэрчилсэн үйлдлийг хүчингүй болгуулах 21 нэхэмжлэлийг шүүх хянан шийдвэрлэсэн бөгөөд хүчингүй болгосон тохиолдол 40 орчим хувийг эзэлж байна. Мөн 2016 онд нотариатчийн үйлдэлтэй холбоотой 30 өргөдөл, гомдол Хууль зүй, дотоод хэргийн яам, Нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөл, бусад хууль хяналтын байгууллагад иргэдээс ирж байжээ. Иймд нотариатчийн үүрэг гүйцэтгэгчийн хийх нотариатын үйлдлийг тодорхой хуульчлах буюу хязгаарлах шаардлагатай болсон байна. Тиймээс энэ тухай зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ.
Нотариатын үйл ажиллагаа эрхлэх, дуусгавар болох үндэслэлд насны дээд хязгаар тавих зүйтэй гэж үзжээ. Бусад улсын туршлагаас харахад нотариатын үйл ажиллагаа эрхлэх насны дээд хязгаар тогтоосон байдаг бөгөөд энэ нь хүн амын дундаж наслалт, тэтгэвэрт гарах нас зэрэгтэй уялдсан байдаг байна. Манай улсын тухайд нотариатын үйл ажиллагаа эрхлэх насны дээд хязгаар байхгүй байгаагаас мэргэжлийн шалгалтад тэнцэж эрх авсан этгээд нь тэтгэвэрт гарсан хойноо үйл ажиллагаагаа явуулах зорилгоор тусгай эрхээ нөөцлөн хадгалдаг байна. Тиймээс Төрийн албан тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн тэтгэвэрт гарах настай уялдуулан нотариатчид тодорхой насны хязгаар тогтоох нь зүйтэй гэж үзжээ. Нотариатын тусгай зөвшөөрөл авсан нотариатч нь насны хувьд 70-аас дээш настай нотариатч 9 буюу 3 хувь, 60-69 настай нотариатч 27 буюу 9 хувь, 50-59 настай нотариатч 89 буюу 32 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, нийт нотариатчдын 44 хувь нь 50-иас дээш настай бөгөөд хамгийн өндөр настай нотариатч 80 настай ажээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ