Говийн засаг ноёныхоос алт гарч, бусад аймгийн дарга нарынхаас юу гарах бол?

Улаанбаатарт хоёр ч хаустай, Б.Бадраа дарга алтан бүслүүртэй гэрт, есөн сая төгрөгний мөнгөн аяганд гүнцэг зооглож, алтан эмээл аргамаг хүлэг дээр тохож, арайтай л алтан жорлонд мөнгөн суултуурт суудаггүй бололтой юм.
Говийн бүсийн жижигхэн сумын засаг ноёныхоос ийм их хэмжээний хөрөнгө гарч байгаа юм чинь бусад аймгийн засаг ноёдыг шалгавал юу гарах бол? Баруун аймаг баялаг ихтэй, зүүн аймаг эрдэнэс ихтэй, төвийн аймгууд тэднээс дутахгүй.
Ерөнхий сайд нь авилгалтай хатуу тэмцэхээр ханцуй шамлаад орсон ч илэрсэн хэргүүд нь толгой илбэх төдийд шийдэгдэж байгаа болохоор тэд айхгүйгээр гэртээ эд баялагаа хадгалж байгаад гардуулсаар байна. Гардуулагсадын цуваа ганцаар тогтохгүй болов уу гэсэн хардлага ч нийгэмд байсаар байна.
Авилгалын гэмт хэрэгт холбогдож байгаа өмнөх даргуудын хэргийн явцаас ажиглан, дүгнэлт хийвэл бусад “том дарга” нарынхаа замаар замнаж, албан байгууллага болон хувь иргэдийн мөнгийг гэртээ хадгалж байсан хэмээн тайлбар өгч, хэргээ хялбаршуулсан аргаар шийдүүлэхээр зориг гарган шударга шүүхийн танхимаас төрийн албыг төдөн жилээр хашихыг хориглосугай гэсэн тогтоолтой гэртээ харих байлгүй дээ.
Шүүх, хууль хоёр шударга болоогүй цагт гэртээ мөнгөө хадгалсан дарга нарын цуваа мөд тасрахгүй гэсэн хардлага байна. Удахгүй дарга нар мөнгөө өөрийн гэрт бус итгэмжит нэгний гэрт хадгалж, хамгаалах аргад шилжихийг ч үгүйсгэхгүй. Учир нь хэрэг илрүүлэлт эрчимжих тусам нуух арга нь ч бас нарийсах биз ээ.
Өмнөговийн ИТХ-ын дарга Б.Бадраа нарт холбогдох хэрэгт Ханбогт сумын Засаг дарга Х.Нэхийт тэргүүтэй албан тушаалтнуудыг шалгаж, уржигдар буюу арваннэгдүгээр сарын 29-нд гэрт нь болон ЗДТГ-ын албан өрөөнүүдэд нь нэгжлэг хийснийг орон нутгийн хэд хэдэн эх сурвалж мэдээллээ.
Иргэдийн хувьд хэдэн зуун төгрөг хумсалсан хэрэгт ялаар шийтгүүлдэг, дарга нарын хувьд хэдэн саяар нь хадгалсан ч торгуулаад, хялбаршуулсан аргаар шийтгүүлээд явдаг хуультай улсад дарга нарынхаас илэрсэн мөнгө, алтны хэмжээнд иргэд нь атаархаад л үлдэх юм даа.
Ёстой л тавилан юм даа, хэдээр торгуулж, яаж шийдэхийг нь иргэд бараг л шүүхийнхэнээс өмнө таамагладаг болсон цагт Б.Бадраа дарга хорин саяар торгуулж, төрийн алба хаах эрхээ хасуулаад дараа жилийн наадмаар алтан эмээлтэй, аргамаг унаад явж байхад гайхах хэрэггүй л болов уу. Атаархамаар их мөнгө, алт илэрсэн ч улс нь хураагаад авах эсэхийг харж л суух үлдлээ.
Т.Цахилгаан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ