Японы төв хэсэгт 5.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Японы Шизүока мужийн баруун хэсэгт орон нутгийн цагаар Ням гаригийн (2026.11.08) шөнийн 01:00 цагийн орчимд 5.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн улмаас Айчи мужид 16-аас доошгүй хүн гэмтсэн бол Шизүока мужид дөрвөн удаагийн осол, гэмтлийн дуудлага бүртгэгдсэн байна. Цунами үүсэх аюулгүй гэж Японы Цаг уурын агентлаг мэдээлжээ.
Газар хөдлөлтийн голомт Шизүока мужийн баруун хэсэгт, газрын гадаргаас 41 километрийн гүнд байсныг урьдчилсан байдлаар тогтоосон байна.
Газар хөдлөлтийн хүчийг Японы долоон шатлалт хэмжүүрээр үнэлэхэд Айчи мужийн Чита хотод 5.5 орчим магнитудын газар хөдлөлттэй дүйцэхүйц хүчтэй доргилт бүртгэгджээ. Тус мужид ийм хэмжээний хүчтэй чичирхийлэл хамгийн сүүлд 1997 оны гуравдугаар сард ажиглагдсан байна. Мөн Айчи, Шизүока, Гифү, Нагано мужуудад таван шатлалын доод түвшний доргилт мэдрэгджээ.
Газар хөдлөлтийн улмаас Айчи мужийн Тоёота хотод 40 гаруй насны эрэгтэй, 80 гаруй насны эмэгтэй унаж, толгойгоо гэмтээсэн байна. Тэднийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд одоогоор ухаан санаа хэвийн байгаа аж. Мөн газар хөдлөлтийн улмаас Айчи мужийн зарим хэсэгт усан хангамж тасарч, худгийн таг болон бохирын шугамын нүхнээс ус оргилон гарсан тухай мэдээлэл иржээ.
Албаныхны мэдээлснээр, ирэх долоо хоног орчимд үүнтэй төстэй хүчтэй доргилт дахин мэдрэгдэх магадлалтай байна.
Харин энэ удаагийн газар хөдлөлт Нанкай хотгорын бүсэд болж болзошгүй асар хүчтэй газар хөдлөлттэй холбоотой эсэхийг албаныхан нягталж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ