Фэйсбүүкийг аюулаас аварсан эр 33.5 мянган доллараар шагнуулжээ

Бразилийн программист Режинальдо Силва фэйсбүүкд аюултай доголдол байгааг илрүүлж, тус сүлжээнээс 33.5 мянган долларын шагнал авчээ.
Энэ бол боловсруулагчдын программ гаргасан үеэс хойш фэйсбүүкээс олгосон хамгийн өндөр шагнал юм. Силвагийн олсон “нүх” нь OpenID провайдертай харилцаж байх үед XML баримтуудыг боловсруулахтай холбоотой юм байна.
Тодруулбал “хуурамч” провайдер үүсгэж, фэйсбүүк рүү тодорхой хэмжээгээр үйлдсэн асуулга илгээснээр компанийн веб сервисд нэвтэрч болох гэнэ. Хэрэв энэ доголдлыг буруу санаатнууд мэдсэн бол тэд үүнийг ашиглан олон нийтийн сүлжээний серверт байрлуулсан үнэт мэдээлэл бүхий файлуудыг уншиж болохоор байжээ.
Энэ “нүх”-ний талаар Силва нэгдүгээр сарын 19-ний өдөр фэйсбүүкд мэдэгдэж, сүлжээний ажилтнууд мэдээллийг шалган гурван цаг гаруй ажилласны эцэст доголдлыг арилгаж чадсан байна.
Силва энэ тухайгаа фэйсбүүк хуудсандаа мэдээлсний дараа олон хэрэглэгчид түүний гаргасан гавьяаг дэндүү багаар үнэлсэн байна гэж сэтгэгдэл үлдээжээ.
Хэрэв Силва энэхүү аюултай “нүх”-ийг илрүүлээд фэйсбүүкд мэдээлэхийн оронд хакерын “хар зах зээл” дээр гаргаж худалдаалахаар шийдсэн бол үүнээс илүү их хэмжээний мөнгө авах байсан гэж олонх хэрэглэгч үзсэн байна.
www.amjilt.com
СЭТГЭГДЭЛ БИЧИХ