Монгол Улс далд эдийн засгаараа ч дэлхийд дээгүүрт оров

Далд эдийн засаг гэж юу вэ. Үүнийг монголчууд “сүүдрийн” гэх тодотголоор сайн мэддэг. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн албан ёсны тооцоонд ордоггүй ч санхүүгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулахыг далд эдийн засаг гэж нэрлэдэг.

Статистикийн баримтаас харахад 2000 оноос өмнө манайд ийм хэлбэрийн эдийн засаг их байсан нь албан ёсны бүртгэлтэй ажлын байр хомс, нийгмийн даатгалын систем бэхжээгүй байсантай холбоотой. Тухайн үед Монгол Улсад сүүдрийн эдийн засаг гээч үзүүлэлт насанд хүрсэн хүн амын 40 орчим хувьтай тэнцдэг байжээ.

Ер нь сүүдрийн эдийн засаг гээчийг бий болгодог ажилгүй, тогтмол орлогогүй иргэд, татвараас зайлсхийгчид, хууль бус бизнесээр хөлжигчид 1990-2000 онд “гаарсан” гэж эдийн засагчид үздэг. Тухайлбал “ганзагын наймаа” буюу олон улсад хамгийн их хориглодог дамын наймаа манайд ид цэцэглэж байх үед ажилгүй иргэдийн тоо 300 мянга хол давсан. Тэр үед улсад бүртгэлтэй бизнесийн цөөн хэдхэн компани, төрийн байгууллагуудад л цалин авч, даатгал төлдөг хүмүүс байв. Улсын төсөв тэрбум төгрөгт хүрдэггүй /одоо энэ хэмжээ долоон их наядаар тоологдож байна/ байсан 1991-1997 оны хооронд ганзагын наймаачдын гарт өнөөгийн ДНБ-ий таван хувь буюу 800 тэрбум гаруй төгрөг эргэлдсэн гэдэг.

Үүнийг одооги йн ханштай дүйцүүлэхэд их тоо болж харагдахгүй ч тухайн үед монголчууд баян хүнийг “саятан” гэж дууддаг байснаар бодвол цээжинд багтамгүй их мөнгө болж таарна. Хамгийн гол нь ганзагын наймаачдын арай сийрэг бодолтой нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлдөг байж. Харин татвар төлдөг нь таван хувьд ч хүрдэггүй байжээ. Нэг үгээр энэ их мөнгө эдийн засгаас гадуур эргэлдсэн байна.

Үүнээс гадна тэр үед 800 мянга орчим иргэн нийгмийн даатгал төлөөгүйгээс харахад хүмүүст хожим хойчийн хор хохирол огт хамаагүй, халаасандаа ахиу мөнгөтэй байхын тулд эдийн засийн сүүдрийг сонгож байсан нь тодорхой.

Харин эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж, их мөнгөө шингээж чадахгүйн зовлон амсаж буй өнөө цагт нийгмийн зайлшгүй асуудал гэхээс илүү аюултай авлига, хээл хахууль, олон улсын чанартай хууль бус худалдаа, гэрээ хэлцэл, улсын мөнгө шамшигдуулах зэрэг сүүдэр эдийн засагт тусах нь олширсон.

Хамгийн наад зах нь, дээр дурдсан иргэний даатгал ч энд сөхөгдөнө. Өнөөдрийн байдлаар Нийгмийн даатгалын сан 14 тэрбум төгрөгийн авлагатай болжээ. Үүнийг нэг л тайлбараар тодорхой болгоно. Уг нь энэ санд байгаа мөнгө улсынх биш. Хөдөлмөрлөж, цалин авч, татвар төлсөн иргэний мөнгө. Харин ажил олгогчид энэ мөнгийг Нийгмийн даатгалын санд төлөхгүй, үүнийг юунд ашиглаад байгаа нь тодорхойгүй тул мөн л сүүдрийн “эдийн засагч” болох юм билээ, онолоороо.

Авлигын тухайд бүр учир тоймоо алдсан нь ойлгомжтой. Үүнийг буй болгогч нь төрийн байгууллагуудын хэт явцуурсан, хүнд суртал бүхий систем, татварын зохисгүй бодлого. Аль ч нийгэмд зохих ёсоор ажиллаж, ашиг олох эрх хэн бүхэнд бий. Харин манайд /бусад нь маньд хамаагүй гэж болох байх/ дорвитой байр суурь эзлээгүй хэнбугай ч зохих ёсоор ажиллахын тулд бусдад өглөг өгөх ба байнга ингэхийг хүсээгүй нь асуудлыг эхнээсээ “танилын арга”-аар шийдвэрлэж сурсан.

Ганзгын наймаачдын гарт их наяд төгрөг шахам мөнгө эргэлдсэн бол авлигачдын халаасаар ДНБ-ийг ч давах их зүйл эргэлдэж, урсдаг. Эдгээрээс дуулиан дагуулсныг нь л ялгая гэхэд тоочоод барахгүй. Банкуудын дампуурал, МИАТ-ын булхай, Оюутолгойн хэрүүл дагуулсан гэрээ, Хөшөөтийг хятадуудад өгсөн луйвар, Асгатыг харахаас хазахын тавилангүй болгосон хэлэлцээр гээд дунд нь сонсогдох мөнгөөр Эрдэнэт шиг хэдэн том хот байгуулчихмаар хэргүүд бол эдийн засгийн хамгийн том сүүдэр.

Харамсалтай нь авлига нийгмийн институтын хамгийн доод шатанд тав, арван мянган төгрөгт ч эргэлдэж, эдийн засгийн сүүдрийг чадах ядахаараа өргөжүүлдэг. Ерөөс “Танилтай хүн талын чинээ” гэдэгт монголчууд чин сэтгэлээсээ итгэдэг.

Ёс заншил, ард түмний нийтлэг үнэт зүйлст ч авлига тууж л явна. Жишээ нь бөхийн барилдаан. Наадмын маргааш л ирэх жилийн түрүү бөхийг таамаглаж, хүчтэнүүдийн бахтай барилдаанаар урмаа сэргээдэг монголчууд сүүлийн жилүүдэд гавьяат найруулагчийн тайзны жүжгээс дутахааргүй тавилт сайтай “эмгэнэлт” драмыг зүлэг ногоон дэвжээнээс үзэх болсон. Хамгийн сүүлд лгэхэд улсын арслан Х.Мөнхбаатар болон Монгол бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж нарын 70 саяын алдарт авлига ард түмний эгдүүцлийг барсан.

Эдийн засаг, хуулийн хэллэгээр авлига авахыгаа бөхчүүд “начны найраа” гэж өхөөрддөг. Сонсох нь ээ, начны найраа одоо 80 саяас буухгүй болсон бөгөөд ханшид нь машин, мотоцикль зэрэг бараа оролцуулбал бага зэрэг буудаг гэсэн. Тэгэхээр эрийн гурван наадам дотор ч сүүдрийн эдийн засаг оршдог ажээ.

Эдийн засгийн ухаанд хэт өндөр татвар, бизнесийг боомилох бодлого далд санхүүг бий болгох талтай гэж заадаг. Хор хохирлыг нь макро түвшинд авч үзвэл, албан ёсны эдийн засгийн үзүүлэлтийг бууруулж, төрийн санхүүгийн бодлогыг гажуудуулах үндэс болдог. Нөгөөтэйгүүр сүүдрийн эдийн засаг албан ёсны эдийн засагт томоохон ангал үүсгэдэг юм байна. Тиймээс энэ илүүдэл зардлыг нөхөхийн тулд татварыг чангатгахаас өөр аргагүйд хүрдэг.

Гэвч сүүдэрт ч цоорхой байж болдог аж. Өөрөөр хэлбэл, далд эдийн засгийн тодорхой хэсэг нь зах зээлийн бодит эргэлтэд орж, ажлын байр, үйлдвэрлэлийн тэнцвэрийг хадгалахад дөхөм үзүүлнэ. Хамгийн гол нь сул, ашиглагдахгүй байгаа нөөцийг хар захад татан оруулснаар эдийн засагт заримдаа томоохон ашиг авч ирэх нь ч бий юм байна. Гэхдээ сүүдэр ямагт бараан байдаг.

Д.Амар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ