Төрийн сайд нарыг сонгохдоо түмнийхээ үгийг сонсдог болох уу

Сайд нарын томилгооны урьдчилсан таамаг аль хэдийнэ гарсан. Нэр дэвшигчдийн дотор Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатар, дэд сайд Ж.Цолмон, Чингэлтэйн Д.Очирбат, Хавдар судлалын үндэсний төвийн захирал Л.Төмөрбаатар нарын нэрс хэвлэлээр дурдагдаж байна. Нэгэнтээ улс эх орон, ард олныхоо төлөө хүчин зүтгэхээр сонгогдож, ингэхдээ ард түмний саналаар гарч ирдэгийн хувьд төрийн өндөр албатууд салбар удирдах сайд нарыг сонгох асуудалд мөн олон нийтийн хандлагыг авч үзэх хэрэгтэй гэдгийг иргэд болон нийгмийн төлөөллийн зүгээс хэлж эхэллээ.

Тухайлбал, өнөөдөр “Өвчтөн, нийгмийн төлөөллийн зөвлөл” ТББ-аас эрүүл мэндийн салбарыг удирдах төрийн сайд сонгогдох гэж байгаатай холбогдуулан нийт өвчтөнүүдийн өмнөөс өөрсдийн үзэл бодол, хүсэлтээ илэрхийлэх хэвлэлийн хурлыг хийсэн юм.

Тус зөвлөлийн Гүйцэтгэх захирал Д.Энхтүвшин хэлсэн үгэндээ “Бид өнгөрсөн жил гаруйн хугацаанд ЭМД-ын систем, эмчилгээ, оношлогоо зэрэг асуудлаар бүх холбогдох байгууллагуудтай тэмцэл хийх замаар ажиллаж байсан. Харин цаашид тэмцэх бус хамтрах чиглэлээр ажиллая гэж байгаа юм. Ялангуяа сайд нарын томилгооны асуудалд саналаа оруулах хүсэлтэй байна. Эрүүл мэндийн яамаа шинэчлэх цаг болсон. Ингэхдээ бидний санал болгож байгаа хүн бол Оном сангийн ТУЗ-ийн дарга доктор, профессор Д.Наранбаатар. Энэ хүн дэлхийд танигдсан, арвин туршлагатай хүн. Түүний монголдоо хийж бүтээсэн олон сайн ажлыг нэрлэж болно. Тухайлбал, Д.Наранбаатар Харвони эмийг монголд оруулж ирэх ажлыг анх санаачилсан. Энэ ажил нь одоо маш үр дүнтэй хэрэгжээд явж байна. Хэрвээ энэ хүн эрүүл мэндий салбарыг удирдан ажиллавал цаашид монголчуудад маш их хэрэгтэй. Хамгийн гол нь бид энэ салбарыг удирдах хүн улс төрч битгий байгаасай л гэж хүсч байна.” хэмээн ярьсан юм.

Түмнийхээ үгийг төрд дайх төлөөллүүд салбар бүрт бий. Тэд ч мөн үзэл бодлоо илэрхийлж, цаашлаад салбараа удирдуулах чадвар бүхий хүнийг санал болгох нь буруу биш. Нийгмийн өнөөгийн гол шаардлага нь улс төржилтөөс ангид байх явдал болжээ гэдгийг эндээс харж болохоор байна.

Энэ мэтчилэн тухайн салбарын төлөөллүүд удирдлагаа томилох асуудлыг хэлэлцэн, гарсан дүгнэлтээ хүргүүлж, улмаар саналыг эрх баригчид хэлэлцэж, боломжит хувилбарыг сонгох замаар Засгийн газрын гишүүдийг томилох нь илүү шударга, бодит болох талтай.

Харамсалтай нь энэ сонголтыг эрх баригчид өөрсдийн үзэмжээр хийснээр жилийн жилд улс төржилт газар авч, олон нийтийн шүүмжлэлтэй тулгарсаар байгаа нь үнэн. Төрд хүргэх үгээ түмэн олон нь хэлж, түмнийхээ үгийг харин түшээд нь хүлээж авдаг болохыг өнөөдрөөс улс төрд хэвшүүлэх шаардлагатай байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ