Ж.Батзандан: “АН-аа аваръя” Үндэсний хэлэлцүүлгийг эхлүүлж байгаагаа мэдэгдьеье

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр /2016.08.11/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр “Сонгууль болгоны дараа улс төрийн намууд, улс төрчид дүгнэлт хийх ёстой. Сонгуулийн дүнгээр үндсэндээ гуравдагч хүчний орон зай байхгүй болсон байгаа. Тэр бүү хэл УИХ-д сөрөг хүчний орон зай үндсэндээ байхгүй болсон. Хэт олонхийн парламент бүрдсэн. Хэт олонхийн парламенттай, хяналтгүй засаглалтай энэ дөрвөн жилийг бид яаж өнгөрүүлэх юм бэ гэдгийг сөрөг хүчнийхэн, АН-ынхан, АН-ыг дэмждэг олон түмэн бодох цаг нь болсон." гэдгийг мэдээллийнхээ эхэнд дурдсан юм.
Мөн АН 2016 онд ялагдлын талаар байр сууриа илэрхийллээ. Ж.Батзандан гишүүн энэ талаар “Одоо АН цаашид яаж явах ёстой юм бэ, ирээдүйн АН ямар байх ёстой юм бэ гэдгийг АН-ынхаа гишүүд, дэмжигчидтэй би чөлөөтэй ярилцах хүсэлтэй байна. АН-аа шинэчлэх, АН-аа аврах үндэсний хэлэлцүүлгийг өнөөдрөөс эхлүүлж байгаагаа мэдэгдье.
Аймаг, дүүрэг болгонд очиж АН-ынхаа гишүүд, дэмжигчидтэй хийх уулзалтаа би өнөөдрөөс эхэлнэ. Шинэ АН-ыг бид бий болгохын тулд шинэ дүрэм, журамтай болох ёстой. АН-ын алдаа завхралыг бид засаж залруулах ёстой. Би АН-ын ялагдлын олон шалтгааныг тоочиж чадна.
Хамгийн том шалтгаан бол АН сүүлийн найман жил АН өөрийнхөө үзэл санаа, үнэт зүйлээс хазайсан явдал юм. Сүүлийн найман жил АН-ыг удирдсан хүмүүс намын гишүүддээ үзэл санааны дасгал хийлгээгүй, үзэл санаа, үнэт зүйлийн тухай нэг ч удаа ярьдаггүй байсантай холбоотой гэж үзэж байгаа. Тэр бүү хэл, АН-д үзэл санааны маргаан өрнүүлэхийг хориглодог байсан. Баруун, зүүн гэж битгий ярь гэж загнадаг байсан. АН таван намын нэгдэл, нэг нам биш, таван фракцын нэгдэл гэж загнадаг байсан. Үүнээс болж АН үзэл санаагүй болж, үнэт зүйлээ алдсан. Үзэл санаагүй, үнэт зүйлгүй нам гэдэг бол үхсэн намтай адил, хийморьгүй хүнтэй адилхан. Энэ байдал нь 2016 оны сонгуульд ялагдахад хүргэсэн гэж харж байгаа. Тийм учраас АН-ыг шинэчлэл нь АН-ын үзэл санааны шинэчлэл байх болно. Үзэл санааны бодлогын шинэчлэл байх болно. Намынхаа гишүүдтэй уулзаж үзэл санааны дасгал хийдэг байх ёстой. Үзэл санааны бодлого гаргадаг байх ёстой. Үзэл санаатай зарчмаа бид илүү тодорхой харсан тэр шинэчлэл рүү явах ёстой гэдгийг хэлэхийг хүсч байна.
Ялагдсан хоёр дахь асуудал. АН-ын ялагдлын шалтгааныг бид фракц нэртэй “чөтгөрийн тойрог”-оосоо сүүлийн 10 жил салж чадаагүйтэй холбоотой гэж боддог. АН-д 2000 онд таван нам нэгдэж, таван фракц нэгдэж байгуулсан. Сүүлийн 16 жил АН дотооддоо фракц хоорондын зодоонтой байсан. Өрсөлдөгчтэйгөө өрсөлдөх биш, үзэл санаагаа хөгжүүлэх биш, хоорондын зөрчилдөөнөө, хоорондын ялгаагаа арилгаж чадахгүй байсаар АН олон сонгуульд ялагдаж байгаа. Фракцын зодоон, зөрчлийг арилгах цоо шинэ дүрэм журмыг боловсруулах ёстой. Бид фракцын нам биш, бодлогын зөвлөл дээр тулгуурласан АН руу, мэргэжлийн бодлого гаргадаг институци дээр тулгуурласан АН руу явах тийм шинэ дүрэм журмыг боловсруулах ётой.
Ялагдлын гурав дахь шалтгаан. АН олон нийтийн нам байхаа больсон. Ялангуяа сүүлийн 10 жил АН цус сэлбэлтгүй болж, ялзарч эхэлсэн. Шинэ гишүүдийг оруулахаа больсон. Шударга гишүүдээ намаасаа хөөдөг болсон нь ялагдлын үндсэн шалтгаан гэж би харж байгаа. Би АН-ын олон мянган залуучуудаас, шударга гишүүдээс би өнөөдөр уучлалт гуйхыг хүсэж байна. АН-д гадуурхагдсан мөнгө өгөөгүйнхээ төлөө нэр дэвших эрхээ авч чадаагүй, фракцид ороогүйнхээ төлөө гадуурхагдсан, гадуурхагддаг намынхаа гишүүдээс уучлалт гуйхыг хүсэж байна. Шинэ АН удахгүй бий болно. Шинэчлэгдсэн АН-даа та бүхнийг эргэн ирэхийг урьж байна. Намынхаа шинэчлэлийн төлөө хамтдаа зүтгэе гэж хүсэж байгаагаа илэрхийлье.
Дөрөв дэх шалтгаан. АН-ын удирдлагуудтай холбоотой асуудал. АН 30 тусдаа намтай, таван тусдаа фракцтай нам. Нам болгон хувьчлагдсан нам болсон. СХД-ийн намыг Г.Алтанхуяг даргын хамаатнууд хувьчилж авсан. БЗД-ийн намыг нэг олигарх бүлэглэл хувьчилж авсан. Өмнөговийн нам компанийн нам болсон гэх мэт АН-ын 30 нам хувийнх болсноос болж ялагдсан. Бид хувийн засаглал, компанийн засаглалыг олон нийтийн засаглалтай хольж хутгаж болохгүй. Намын засаглал бол олон нийтийн засаглал байх ёстой. Улс төрийн намын засаглал бол үндэсний засаглал байх ёстой гэж би хардаг юм.” гэлээ.
Тэрээр эцэст нь хэлэхдээ “АН-ын гишүүд, ҮЗХ-ны хуучин бүтэц хуралдаад наймдугаар сарын 25-нд АН-ын даргыг фракцын зөвшилцөөнөөр тавих тухай хуйвалдаан хийж байна. Үүнийг би эсэргүүцэж байгаа. Тухайн өдөр фракцын дарга нар зөвшилцөөд фракцын даргыг АН-ын даргаар тавих юм бол энэ нам шинэчлэгдэж чадахгүй. Тиймээс АН-ын шинэ даргыг үндэсний марафоноор тодруулах нь зүйтэй гэсэн байр суурийг би барьж байгаа.
Намынхаа 100 мянган гишүүний дунд санал хураалт явуулж намынхаа гишүүдээс, ҮЭ-ийн төлөөллүүдээс , ажил олгогчдын төлөөллүүдийг оролцуулж байж АН-ын даргыг сонгох ёстой. АН-ын дарга фракцын дарга биш, Үндэсний удирдагч байх ёстой гэдэг саналыг дэвшүүлж байгаа юм. АН-ын шинэчлэлийн төлөө намын бүх гишүүд, дэмжигчид одоо нэгдэж ажиллах ёстой. Бид фракцын засаглалаар цаашаа явбал АН-ыг, Монголын ардчилалыг аварч чадахгүй гэдгийг хэлье. Фракцлагддаггүй, хуваагддаггүй, нэг АН-ын төлөө нэгдмэл хүчээр хамтдаа зүтгэе гэж намын нийт гишүүд, ардчилалд хайртай бүх хүмүүстээ уриалж байгаагаа илэрхийлье.
Тэрээр ийнхүү мэдээлэл өгснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Та өөрийнхөө нэрийг АН-ын даргад нэр дэвшүүлнэ гэсэн яриа байна. Энэ үнэн үү?
-АН-ын даргын асуудал өнөөдөр яригдахад хараахан эрт байгаа. АН фракцын даргыг намын дарга болгодог болсноос хойш АН дампуурсан. Тиймээс Англи, Франц, Америкийн лидер тодруулагч шинэ системийг АН-д нэвтрүүлэх ёстой. АН-ын эрх барих дээд байгууллага+Гишүүд, дэмжигчид +ҮЭ-ийн төлөөлөл, Татвар төлөгчдийн төлөөлөл гэсэн нийтийн саналаар лидерээ тодруулах нь зүйтэй. Хэрэв шударга зарчмын хүрээнд лидерээ тодруулах бол намынхаа идэвхтэй бүх залуучууд, иргэдийг АН-ын даргын төлөөх өрсөлдөөнд оруулах нь зүйтэй.
Намын даргын энэхүү марафонд миний бие орох эсэх нь ямар дүрэм журам хийхээс хамаарах болно. Харин хуучин хэдэн фракцууд нь тохироод даргаа сонгох тохиолдолд би намын даргад өрсөлдөхгүй. Энэ тохиолдолд АН-ын тухайд шинэчлэлийн асуудал байхгүй. АН-ыг бид хэлбэрийн хувьд биш, агуулгын хувьд шинэчлэх ёстой. Бид дараагийн даргаа 100 мянган гишүүнээсээ асууж тодруулах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Түүнээс биш ҮЗХ-ны 100 гишүүнээс асууж тодруулж болохгүй.
-Энэ шинэчлэлийг яаж хийх вэ? Та үүнд ямар байдлаар оролцох юм бэ? Зөвхөн сонгогдсон тойрогтоо ажиллах уу? Яг яаж хэрэгжүүлэх талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч.
-Ардчилсан нам 21 аймаг, 300 гаруй суманд өөрийн салбар, харьяа байгууллагуудтай. Монгол Услын хэмжээн дэх АН-ын 100 гаруй мянган гишүүдтэйгээ бид уулзаж, АН-ын шинэчлэлийн асуудлыг, ирээдүйд АН ямар байх вэ гэдгээ ярих ёстой. Аливаа намын шинэчлэл дээрээсээ бус доороосоо эхэлдэг. Намын гишүүд, дэмжигчдээсээ, ард түмнээсээ очиж намын шинэ дүрмийнхээ саналуудыг авч, саналаа хуваалцана. “Ардчилалаа аваръя” Үндэсний хэлэлцүүлгийг өнөөдрөөс эхлүүлж ардчилалд хайртай, ардчилалыг төгөлдөржүүлье гэж хүсэж байгаа хүн болгонтой бид уулзана. Үндэсний хэлэлцүүлэг зөвхөн монгол оронд явдаг зүйл биш. Ардчилал асуудалд орсон бүх улс орнууд үүнийг эхлүүлдэг. Одоо бид хэлэлцүүлгээ эхлэх цаг болсон.
-Хэдий хугацаатай зохион байгуулах вэ?
-Үндэсний хэлэлцүүлгийг хоёр сарын хугацаанд хийж дуусгах ёстой гэж харж байна. 21 аймаг, есөн дүүргээр явахад хоёр сарын хугацаа шаардлагатай байгаа.
Я.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ