Хуулийн хэрэгжилтийг хойшлуулах тухай хуулийн төслийг өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.08.23/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.
Улсын Их Хурлын 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн төслийг баталж, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр дагаж мөрдөхөөр заасан. Уг хуулиар хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг гэрээний болон гэрээний бус үүргийн гүйцэтгэлийг хангах эх сурвалж болгон барьцаалах, уг барьцааны эрхийг бүртгэх, барьцааны шаардлагыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахаар хуульчилсан. Хууль батлагдсанаар хөдлөх болон бусдад шилжүүлж болох эдийн бус хөрөнгө, тухайлбал хувьцаа, үнэт цаас, шаардлага буюу авлага, оюуны өмч барьцаалах замаар хөрөнгийн эргэлт, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломж бүрдсэн боловч хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулахад барьцааг бүртгэх цахим мэдээллийн сангийн программыг боловсруулж, цахим санг байгуулах ажил хийгдээгүй байна.
Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК)-тай байгуулсан “Хөдлөх эд хөрөнгө барьцаалсан зээлийн харилцааг хөгжүүлэх” төслийн хүрээнд барьцааны мэдэгдлийг бүртгэх цахим мэдээллийн сан байгуулахаар хамтран ажиллаж байгаа боловч уг цахим санг байгуулахад шаардагдах техник хангамжийн зардлыг шийдвэрлэх, цахим сангийн программыг боловсруулах хуулийн этгээдийг олон улсын нээлттэй тендерийн аргаар сонгон шалгаруулах ажил хугацаа хоцорсноос үүдэн техникийн саналд үнэлгээ өгөх ажиллагаа хийгдээгүй байна.
Иймд хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангах шаардлагатай байгаа тул хууль дагаж мөрдөх хугацааг хойшлуулах нь зүйтэй гэж үзэж, хуулийн хэрэгжих хугацааг 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан болохыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцууллаа.
Мөн Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн өргөн мэдүүлэв.
Гадаад, дотоодын эдийн засгийн нөхцөл байдлын улмаас эдийн засгийн идэвхжилт суларч, 2016 оны макро эдийн засгийн төсөөлөл буурахаар байна. Монгол Улсын 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын гүйцэтгэл төлөвлөснөөс 1,669.6 тэрбум төгрөгөөр буурахаар байгаа бөгөөд 2016 оны төсөв батлагдсанаас хойших хугацаанд УИХ-ын нэгдсэн чуулганаар баталсан хууль эрх зүйн орчны өөрчлөлт, мөн Засгийн газраас гаргасан шийдвэр болон бусад гадаад болон дотоод хүчин зүйлийн улмаас төсвийн зарлага нийт дүнгээр 2,372,4 тэрбум төгрөгөөр нэмэгдэж нэгдсэн төсвийн нийт алдагдал ДНБ-ий -20.6 хувьд хүрэхээр байгаа нь 2016 оны төсөвт тодотгол хийх зайлшгүй нөхцөлийг үүсгэсэн болохыг Сангийн сайд танилцуулав. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг баталсантай холбогдуулан зохих өөрчлөлтийг 2016 оны төсвийн тодотголд тусгах шаардлага үүсчээ. Төсвийн тухай хуулийн 34.1.2-т “урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, нэгдсэн төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний гурван хувиар нэмэгдэх тохиолдолд”, мөн 34.1.4-т “Төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх тохиолдолд” гэж тус тус заасныг үндэслэн Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулиар сангийн орлогыг 1,329.8 тэрбум төгрөгөөр, сангийн зарлагыг 1,707.1 тэрбум төгрөгөөр, улсын төсвөөс олгох санхүүжилтийг 321.7 тэрбум төгрөгөөр тус тус баталсан. Тус сангийн 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэл, хууль эрх зүйн орчны өөрчлөлт болон Засгийн газрын шийдвэрийн дагуу нэмэгдэх орлого, зарлагын өөрчлөлтийг төсвийн тодотголд тусгаснаар НДС-ийн нийт орлогыг 1,257.1 тэрбум төгрөгөөр, сангийн нийт зарлагыг 1,787.5 тэрбум төгрөгөөр, улсын төсвөөс тус санд олгох татаасын хэмжээг 494.9 тэрбум төгрөг байхаар тус тус тооцож, тусгасан байна. Мөн гадаад зах зээл дээр уул, уурхайн гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ буурсан, төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2016 оны төсвийн жилд үргэлжлэн суларч байгаа зэрэг эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн Хүний хөгжил сангийн 2016 оны төсөвт тодорхой өөрчлөлтүүдийг хийхээр төсвийн тодотголд тусгасан байна. Монгол Улсын 2016 оны төсвийн тодотголын дээр дурдсан өөрчлөлтүүдийг тусгахад нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 1,669.6 тэрбум төгрөгөөр буурч 5,344.3 тэрбум төгрөг болж, нэгдсэн төсвийн зарлага ба цэвэр зээлийн дүн 1,787.0 тэрбум төгрөгөөр нэмэгдэн 9,741.4 тэрбум төгрөг болж, нэгдсэн төсвийн нийт алдагдал 4,397.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ний -18.2 хувьтай тэнцэж байгаа болохыг Сангийн сайд Улсын Их Хурлын даргад танилцууллаа. Өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн алдагдал ДНБ-ний -18.2 хувьтай тэнцэхээр байгаа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19.6 дугаар зүйлд заасан “нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 2016 онд тухайн жилийн ДНБ-ий 4 хувиас хэтрүүлэхгүй байна” гэсэн заалтад нийцэхгүй байгаа хэдий ч үүсээд байгаа эдийн засаг, төсвийн хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулах зорилгоор Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагуудад өөрчлөлт оруулах шаардлага тулгарчээ. Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжлийн сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдуулан хууль, Улсын Их Хурлын тогтоолуудад өөрчлөлт оруулах төслүүдийг мөн өргөн мэдүүллээ.
Мөн тэрээр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хууль Улсын Их Хурлын 2015 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн хуралдаанаар батлагдсан. Улмаар 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр тус хуульд өөрчлөлт оруулсан талаар Сангийн сайд Улсын Их Хурлын даргад танилцуулав. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэлд тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 7,013.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 25.4 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг 7,954.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 28.8 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 940.5 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий -3.4 хувьтай байхаар тусгагдсан байна. Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарын өсөлттэй холбоотойгоор төсвийн орлого ихээхэн нэмэгдсэн. Гэвч дэлхийн зах зээл дээрх уул уурхайн экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ буурч, түүнийг дагаад экспортын биет хэмжээ, уул уурхайн салбар дахь гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан нь манай улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж, эдийн засгийн хүндрэлийг үүсгээд байгааг Сангийн сайд онцлов. Түүхий эдийн үнэ өндөр байсан жилүүдэд нэмэгдүүлсэн зарлага санхүүжилтийг богино хугацаанд бууруулж, зарлагын шинэчлэлийг хэрэгжүүлэх шаардлага бий болоод байгаа юм байна. Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр төсвийн орлого ихээхэн хэмжээгээр буурч, төсвийн хүрээний мэдэгдэлд заасан хэмжээнд хүрэхээргүй байна. Улмаар дунд хугацаанд өсөх хандлага ажиглагдахгүй, ирэх жилүүдийн макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн төсөөлөл, гадаад болон дотоод эдийн засгийн нөхцөл байдал, экспортод гаргах эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ, тоо хэмжээ зэрэг үзүүлэлтүүд одоогийн төсвийн хүрээний мэдэгдэлд тооцсон хэмжээнээс буурахаар байгаа нь “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай” хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагыг бий болгожээ. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдлээр төсвийн тэнцвэржүүлсэн орлого 5,344.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 22.1 хувь, төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 9,741.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 40.2 хувь, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлын хэмжээ 4,397.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 18.2 хувьтай тэнцэхээр байгаа талаар Улсын Их Хурлын даргад Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа. Харин төсвийн орлого нэмэгдүүлэх, зарлага бууруулах чиглэлээр боловсруулсан арга хэмжээг авч хэрэгжүүлснээр Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 2017 онд 5,666.4 тэрбум төгрөг, 2018 онд 6,177.9 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 2017 онд 10,021.6 тэрбум төгрөг, 2018 онд 10,299.4 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 2017 онд 4,355.2 тэрбум төгрөг, 2018 онд 4,121.5 тэрбум төгрөг болох юм байна. Түүнчлэн дунд хугацаанд төсвийн орлогыг нэмэгдүүлэх, зарлага санхүүжилтийг бууруулах бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэх зорилгоор дагалдах хуулиудад өөрчлөлт оруулахаар тооцож, холбогдох өөрчлөлтийг төсвийн хүрээний мэдэгдэлд тусгасан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ