УИХ-ын гишүүн Ж.Батзандан: АН шинэчлэгдэж чадахгүй бол улстөрийн тавцангаас арчигдана

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Ардчилсан намыг бүтцийн хувьд бус агуулгын хувьд шинэчлэгдэх ёстой хэмээн үзэж байгаа хүн. Одоо байгаа фракцуудыг нь задалж, мэргэжлийн фракцуудыг бий болгосноор сонгуульд ялсан тохиолдолд тухайн мэргэжлийн лидерүүд нь салбараа удирдаад явах боломжоор хангах ёстой гэсэн.

Зөв ч байх.

Харин түүний энэ саналыг намын нөхөд нь хэр дэмжих бол. Ардчилсан нам шинэчлэгдэж чадах болов уу. Хэрвээ шинэчлэгдэж чадвал, шинэчлэгдэж чадахгүй бол тэднийг ямар хувь заяа хүлээж буй бол.

УИХ-ын гишүүн Ж.Батзандантай энэ сэдвээр ярилцлаа.

Ардчилсан нам шинэчлэгдэж чадах уу?
Хэрвээ Ардчилсан нам шинэчлэгдэж чадахгүй бол улстөрийн тавцангаас арчигдана. Тэгэхээр шинэчлэгдэхээс өөр гарц, зам байхгүй гэдгийг АН-ын гишүүд, ардчиллын төлөө цохилох зүрхтэй хүн бүхэн ойлгож байгаа. Гишүүд гар нийлэн шинэчлийн төлөө ажиллаж байна.
Ардчилсан нам хэр ардчилалтай нам бэ?
Ардчилсан нам өөрийн суурь үзэл санаа, үнэт зүйлээсээ хазайсан, ардчилсан зарчмаасаа ухарсан учир 2016 оны сонгуульд ялагдсан. АН-ын суурь үнэт зүйл бол хүний эрх эрх чөлөөг дээдлэх, нийгэмд шударга ёс тогтоох, бизнесийн эрх чөлөөг хамгаалах, иргэний нийгмийг хөгжүүлэх, эрх чөлөөний үзэл. Гэтэл манай нам төр барисан дөрвөн жилийнхээ хугацаанд шударга ёсыг хамгаалж чадсан уу гэвэл олон хүн чадаагүй гэж хариулна. Авлига, хулгай, луйвартайгаа тэмцэж чадсан уу гэвэл бас л олон хүн чадаагүй гэнэ. Иргэний нийгмийн олон байгууллагын удирдагчдыг шоронд хорихоос эхлээд олон алдаа завхрал гарсан. Хэвлэлийн эрх чөлөөг хамгаалж чадсан уу гэвэл олон сэтгүүлч чадаагүй гэж хариулна. Бизнесийг дэмжиж чадсан уу гэвэл бизнес эрхлэгчид бас л үгүй гэж хэлнэ.
Шалтгаан нь юу байсан юм бол?
Аливаа улстөрийн хүчин эрх мэдэл авсныхаа дараа харах мэлмий нь сохордог. Эрх барисныхаа дараа дарангуйлагч болж хувирсан нь АН-ын том алдаа байсан. Тиймээс үнэт зүйл, үзэл санааны реформ хийх ёстой. Зарим удирдлага, намын дарга нар маань технократууд байсан. Баруун, зүүн гэж битгий ярь гэж намын гишүүдээ загнадаг байсан. Үзэл санаа гэж битгий ярь гэж ил цагаан хэлдэг байлаа.
Ямар даргын үед. Та нэрийг нь хэлэхгүй юу?
Н.Алтанхуяг даргын үед шүү дээ. Уг нь их сайн хүн. Хүмүүстэй сайн харьцдаг уян хатан. Энэ хүний муугийнх биш АН таван өөр намын нэгдэл, таван өөр үзэл санаа байсан учир үүнийг нэгтгэхэд цаг хугацаа хэрэгтэй. Тийм учир үзэл санааны лидер сүүлийн арван жилд төрөөгүй. Дандаа технократ, прагматик лидерүүд удирдаж байсан нь намыг үзэлгүйдэх, үнэт зүйлээсээ хазайхад хүргэсэн гэж ойлгож байгаа. Одоо АН-ыг үзэл санааны лидер удирдах ёстой.

Тэр хүн нь хэн юм бэ?
Намын томоохон шинэчлэлийг хийх гэж байгаа бол хүний тухай ярих нь буруу. Үзэл санаа, үнэт зүйлийг нь тээж чадах үндэсний хэмжээний лидерийг АН төрүүлэх ёстой. Сонгодог улстөрийн хүчин болж хувирах хэрэгтэй. Англи, америкийн улстөрийн намуудыг та бүхэн хараарай. Америкт бүх ард түмнээсээ асууж намынхаа лидерийг тодруулдаг. Англид намын лидер тодруулдаг систем нь намын гишүүд+дэмжигчид+үйлдвэрчний эвлэлийнхэн+ажил олгогчдын төлөөлөл. Гэтэл АН-даль нэг фракцын дарга намын дарга болдог нь энэ намыг өдрөөс өдөрт жижигрүүлдэг юм. фракцын эрх ашиг намын эрх ашгийн дээр, намын эрх ашиг үндэсний эрх ашгийн дээр гарч байгаа нь АН-ын хамгийн том алдаа. Тодорхой хэлбэл АН-ын даргыг Үндэсний зөвлөлдөх хуралдааны зуун хэдэн гишүүнээс биш АН-ын 100 мянган гишүүнээс шууд санал асуулга, сонгууль явуулах журмаар сонгох нь зөв. Энэ саналаа намынхаа нийт гишүүдэд уриалга хэлбэрээр хүргүүлж байгаа. Намын маань гишүүд ч өргөн дэлгэр дэмжиж байна.
Ардчилсан намын даргыг сонгочихоор л бүх асуудал нь шийдэгдчих юм гэж үү?
Төв, дунд, анхан гэсэн гурван шатны намаас бүрддэг. Бүх шатны намыг намын нийт гишүүд, дэмжигчид, ажил олгогчид, үйлдвэрчний эвлэлийн төлөөллүүдээс оролцуулж сонгодог шинэ дүрэмтэй болъё. Дунд шатны намын хурал 100 гаруй, анхан шат нь 60-70, ҮЗХ 228 гишүүнтэй. Түүний 51 хувь нь цуглаад л даргаа сонгодог. Гэтэл АН-ын дарга гэдэг үндэсний хэмжээнд биш юм гэхэд намынхаа бүх хүнд хүлээн зөвшөөрөгдсөн удирдагч байх хэрэгтэй. Нэг, хоёр фракцад хүлээн зөвшөөрөгдсөн удирдагч намыг удирдвал буруу замаар явдаг юм байна гэдгийг өнгөрсөн арван жил харлаа. АН үндэсний хэмжээний нам юм бол удирдагчаа тогтоох системээ ч үндэсний хэмжээнийх болгох ёстой.
Тэгэхээр арванхоёрдугаар сарын 6-нд дүрмийн асуудлаа л түлхүү ярих нь дээ?
Шинэчлэлийн хөтөлбөрийг ҮЗХ батлах ёстой. Шинэчлэлийн хороог байгуулж, дүрмээ боловсруулах ажлын хэсгүүдээ байгуулна. Дараа нь Их хурлаараа шинэ дүрмээ батлах ёстой. Шинэ дүрмийнхээ хүрээнд шинэ лидерүүдээ тодруулах ёстой. Шинэ удирдлагууд нь АН-ын цаашдын агуулгын шинэчлэлийг авч явах ёстой. Өөрөөр хэлбэл шинэчлэлийн хөтөлбөрөө баталж байж шинэчлэлийн тухай ярина. Нам дотор шинэчлэлийн талаар ярьж байгаа хоёр байр суурь байна. Хуучны лидерүүд бол хуучны системээ жаахан засвар оруулаад явъя гэдэг байр суурьтай байгаа. Тэд фракцын тогтолцоогоо хадгалаад явах нь. Харин залуучууд нь хэлбэрийн шинэчлэл биш, агуулгын шинэчлэл хийе, зохион байгуулалт, удирдлага, боловсон хүчний шинэчлэл хийе гэсэн байр суурьтай. Тэгэхээр нөхдүүд маань ярилцаж байгаад шинэчлэлийн зөв замаа олно гэдэгт итгэлтэй байна.
Та аль нэгэн фракцад хамрагддаг уу?
Өнөөдөр АН-д фракцад хамаарагддаггүй хүн бараг байхгүй. Ардчилсан нам таван фракцтай. Ний нуугүй хэлэхэд би бүх фракцаар нь орж, гарч үзсэн. Сүүлд нь нэг л зүйлийг ойлгосон. Фракцлагддаг АН үндэсний хэмжээний нам байж чадахгүй юм байна. Дотроо учраа олохгүй нам улс үндэстнийг удирдаж чадахгүй юм байна гэдгийг ойлгосон. АН-ын ялагдлын хамгийн том шалтгаан бол фракц хоорондын зөрчилдөөн. Тэгэхээр манай залуу үе нэг л саналыг тавьж байна. Одоо албан тушаал, явцуу эрх ашгийн төлөөх фракцыг татан буулгаад мэргэжлийн фракц, мэргэжлийн бодлогын зөвлөл рүү оръё. Хуульчид нь хуульчидтайгаа, эдийн засагчид нь өөрсдийн бодлогын зөвлөл рүүгээ гэх мэт салбар салбараараа ордог. Бодлогын зөвлөлийн удирдлагыг намын улстөрийн зөвлөлөөс шууд томилдог болъё. Нам сонгуулиар засгийн эрхийг авсан тохиолдолд бодлогын зөвлөлүүдөөс гарч ирсэн лидерүүдийг бодлого тодорхойлох албан тушаалдаа томилдог болъё. Бүх зүйлийг ингэж тодорхой болгоё. Ингэхгүй бол энэ нам дотоод зодоондоо бүх энергиэ зарцуулаад үндсэн зорилгодоо хүрч чадахгүй болно гэдэг нь тодорхой байна.

Үргэлжлэлийг эндээс...

О.Ариунбилэг /gogo.mn/

СЭТГЭГДЭЛ БИЧИХ