Аливаа байгууллагын өөрчлөлт, шинэчлэл эцсийн дүндээ эрх зүйн шинэтгэл байдаг

МУИС-ийн зөвлөх профессор,
Үндсэн хуулийн цэцийн гишүүн
Хууль зүйн ухааны доктор Ш.Цогтоо
“Нийгмийн удирдлагын дээд түвшинд нийтийн ашиг сонирхолд хохирол учируулах гэмт хэргүүд байрладаг. Харин доод түвшинд ихэвчлэн хувийн явцуу эрх, эрх чөлөөг хөндсөн зөрчлүүд хөндөгддөг” (Чазере Беккари).
Багш нь 35 дахь жилдээ хууль эргүүлж явна, МУИС-д багшилж судалгаа шинжилгээний ажил хөөснөөс хойшхи 20 гаруй жил нь шинэ Үндсэн хуулийнхаа мөн чанарыг нээн харуулахад чиглэгдсэн 70 гаруй эрдэм шинжилгээний ажил, түүний дотор их дээд сургуулийн сурах бичиг, нэг сэдэвт бүтээл 11-ийг тууриваад байна. “Та энэ хугацаанд хамгийн хэцүү, хамгийн чухал ямар ажил хийж бүтээв? гэж өөрөө өөртөө асуулт тавьж үзэхэд ямар ч эргэлзээгүйгээр “Сүхбаатар аймагт кодификаторчоор ажиллаж байхдаа улсын архивд идэвхигүй байдлаар хадгалагдаж байсан төр засгийн удирдах дээд байгууллагын 1942-1985 он хүртлэх 43 жилийн эрх зүйн актад системчилсэн кодфикац хийсэн явдал байлаа” гэсэн хариулт гардаг юм.
Тэгвэл Цагдаагийн ерөнхий газрын хуулийн хэлтсийн хамт олон Та бүхэн салбарынхаа үүсч байгуулагдсан цагаас нь авахуулаад өнөөдрийг хүртэл мөрдөгдсөөр буй эрх зүйн хэм хэмжээний актад кодфикац хийж, хүчин төгөлдөр системчилсэн бүртгэл лавламжийн санг эмхлэн цэгцэлж цагдаа өөрөө өөрийгөө хамгаалах “зэвсэгтэй”, бас үйл ажиллагаагаа эрхлэн хөтлөх луужинтай болгож өгсөнд чинь үнэлж баршгүй их хөдөлмөр хөлс, сэтгэл зүтгэл шингэсэн байгаа шүү гэдгийг ойн баярын энэ өдөр онцлон тэмдэглэмээр байна.
Намайг МУИС-д багшилж байхад 2000 оны эхээр ЦЕГ-ын хуулийн хэлтсийн ажилтнууд болох Ж.Ганбаатар /одоогийн ХСИХ-ын Удирдлагын академийн захирал, тэргүүн дэд комиссар/ тэргүүтэйхэдэн залуучууд ирж уулзаад “Бид цагдаагийн үйл ажиллагааг зохицуулж буй дүрэм, журам, зааврыг шинэчлэх, системчлэн кодлох” ажил эхлүүлж байгаа юм. Үндсэн хуулийн эрх зүй, захиргааны эрх зүйн онол, практик талаас нь зөвлөмж өгөөч” хэмээн мэргэжлийнхээ ажлын төлөө зүтгэж яваа нь бага залуу насандаа кодификаторчоор ажиллаж явсан миний урам зоригийг сэргээж, мэддэг чаддаг бүхнээ л хэлж өгч байсан шиг санана.
Дараа нь бас тэд энэ асуудлаараа эрдэмтэн, судлаачдыг урьж цуглуулаад орчин үеийн цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны бодлого, чиг хандлага ямар байвал зохих талаар эрх зүйн онол практик тойрсон ярилцлага, асуулт хариулт, маргаан мэтгэлцээн өрнүүлсэн зоримог алхам хийж байсныг нь тодорхой санаж байна. Тэр үед цагдаа “хаалттай л байсан” бодвол тухайн үеийн удирдлагууд нь залуу мэргэжилтнүүдээ дэмждэг байсан байх. Энэ хууль тогтоомжийг эмхлэх цэгцлэх ажил удирдлагын тууштай дэмжлэггүйгээр, тэр тусмаа цагдаа шиг захиргаадалт ноёрхсон байгууллагад урагшилна гэж байхгүй л дээ. Уг ажлыг хийж буй хүний тэсвэр тэвчээр, мэдлэг чадвар харин нэг шалгагдана даа, зардал чирэгдэл, техник ажил нь ч барагдах юм биш. Арай гэж нэг юмны ард нь гарна, эргээд л ар араасаа хөврөөд Дорнодын Мэнэнгийн талыг үхэр тэргээр туулж байгаа юм шиг л урт удаан үргэлжилнэ шүү дээ.
Төд удалгүй тэд цагдаагийн эрх зүйн харилцааг бүрдүүлж буй хууль тогтоомжийг бүхэлд нь эмхлэн цэгцэлж, системчилсэн кодфикаци хийж чадсанд нь би их баярлаж билээ. Хууль тогтоомжийн системчилсэн кодфикаци буюу тэр олон журам, дүрэм, заавар, тогтоол шийдвэрийг нэмэлт, хасалт, өөрчлөлт, хүчинтэй ба хүчингүй, норматив ба норматив бусаар нь ангилж, тухайн тэр салбартаа хүчин төгөлдөр бүртгэл, лавламжийн сан үүсгэнэ гэдэг бол докторын судалгааны ажилд ч ахдах чимхлүүр ажил байдаг юм. Энэ бол цагдаагийн салбартаа орчин үеийн хууль хэрэглээ, хууль үйлчилгээний үндсийг тавьж чадсан гэсэн үг. Аливаа байгууллагын өөрчлөлт шинэчлэл эцсийн дүндээ өөрийнх нь мөрддөг хүчин төгөлдөр хууль тогтоомжийн баазад суурилсан эрх зүйн шинэтгэл байдаг л даа.
Энэ дашрамд хэлэхэд цагдаад холбогдох зарим судалгаа юу харуулаад байна вэ? гэхээр нэг талаас Үндсэн хуулиар баталгаажсан хүний обьектив, субьектив эрх, эрх чөлөө, нөгөө талаас зах зээлийн харилцааны өргөн уудам орон зайд гэмт хэрэг даяаршчихаад буй нөхцөлд цагдаа маань юм юманд хүчин мөхөсдөөд байх шиг байна. Өөрөөр хэлбэл, шинэ нийгмийн шинэ харилцааны эрин үед “төрийн цагдаа” гэдэг хуучин нэр, хуучин бүтэц зохион байгуулалт, хоцрогдсон арга барилтайгаа зууралдаад байж болохгүй л болчихсон болов уу.
Товчдоо бол, нийтийн ашиг сонирхол буюу “PUBLIC INTEREST”-д үйлчлэх “PUBLIC SERVICE”, “CIVIL SERVANT” агуулгатай иргэн хүнд үйлчлэх иргэний цагдаа байх, харин гэмт хэрэгтэй тэмцэх, үндэсний аюулгүй байдлын хангах чиг үүрэгтэй хэсэг нь Дотоод хэргийн салбарын удирдлагын #_ftn1">[1] хүрээнд Дотоод хэргийн яам /ДХЯ гэх/ байгуулан зөв зохион байгуулалтад орж чадвал Улсын ба нийтийн эрх ашиг сонирхолын нэрийн өмнөөс зөвхөн монгол дотороо биш, хилийн цаана гадаадад гарч гэмт хэрэг үйлддэг улс дамнасан бүлэглэлийн их хэмжээний оффшор, шинэ төрлийн коррупци, непотизм (nepotism), брайбери #_ftn2">[2] (bribery)-ийн сөрөг үр дагавар дор үндэслэлгүй хөрөнгөжсөн гадаад, дотоодын гэмт хэрэгтнүүдийн бүлэгтэй тэмцэх явдал цагдаад мэргэжлийн ур чадвар шаардах тулгамдсан асуудлын нэг болжээ. Иймэрхүү шинэ хэлбэрийн зохион байгуулалт, чиг үүргийн шинжтэй зүйлийг бодит ажил хэрэг болгох асуудал нь ЦЕГ-ын Хуулийн хэлтсийн мэргэжилтнүүдийн хувьд бол жаахан тооцоо судалгааны суурин дээр 3-5 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл бэлтгэх төдийд босон суун хийх тийм ч хэцүүд тооцогдох ажил биш л дээ.
1]Аливаа улс орны удирдлагыг: а/ дотоод хэргийн удирдлага, б/ гадаад хэргийн удирдлага гэж ангилдаг түгээмэл зүй тогтол бий. Дотоод хэргийн салбарын удирдлагыг манай улсад “ХЗДХЯ” нэрэн дор ХЗЯ-ны хавсарга маягаар олон жил аргацаалаа. Манайхан зүгээр л хууль зүй ба дотоод хэргийн үйл ажиллагааг механикаар салгаж, нийлүүлээд байгаа болохоос ХЗЯ нь дотоод хэргийн салбарын удирдлагад үл хамаарах өөр чиг үүргийн салбар юм. Үүнтэй уялдуулан дотоод хэргийн салбарын удирдлагын зохион байгуулалт, үйл ажиллагаа, чиг үүргийг зөв гольдролд нь оруулах шаардлага урган гарч байна. Дотоод хэргийн салбарын удирдлагын системд багтаж буй нэгж хэсгийг мэдээж хэрэг Дотоод хэргийн яам толгойлно. ДХЯ-гүй байгаа нь өөрөө гажуудалтай, бас асуудал байгаа гэдгийг хэлээд буй хэрэг.
ДХЯ-ыг Үндсэн хуульт байгууламжийн одоогийн шинэ нөхцөл байдалд 1930-аад оны “До яам”-аар төсөөлж зохиомол айдас хүйдэс талаас нь тайлбарлах явдал нөлөөлдгийг үгүйсгэхгүй. Хамгийн гол нь нийтийн ашиг сонирхолд хохирол учруулахуйц хэрэг зөрчил үйлдэгчид, зарим тохиолдолд гадаад улс төрийн хөндлөнгийн бодлого нөлөөлж Монгол улс дагнаж мэргэшсэн ДХЯ-ыг ажиллуулж чадахгүй байгаагаас үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэхэд одоогийн цагдаагийн байгууллага хүчин мөхөсдөөд буй нь гашуун боловч үнэн юм. Иймд цагдаа, тагнуул, авлигатай тэмцэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албадаар санаатай ба санамсаргүй байдлаар тараагаад хаячихсан дотоод хэргийн салбарын чиг үүргүүдийг Ерөнхийлөгчийн институтын хяналт дор зөв бүтэц, зохион байгуулалтад оруулжДХЯ-нд төвлөрүүлснээртүүх соёлын, эх орны, Үндсэн хуулийн болон төрийн байгууламжийн эсрэг чиглэгдсэн гэмт үйлдэл, үйл ажиллагаатай бодитойгоор тэмцэх нөхцөл сая бүрдэнэ.Энэ нь илүү орон тоо, дааж давашгүй төсөв зардал үл шаардах асуудал билээ (Ш.Цогтоо, Захиргааны эрх зүй, УБ хот, 2015 он, 121-122 дахь тал).
[2]Непотезм гэдэг нь танил тал, авилгад хатрагсдаа төрийн эрх бүхий албан тушаалд шургалуулах хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ. Харин эрх мэдэл бүхий хүмүүс үүрэгт ажлынхаа хажуугаар албан тушаалаа ашиглан бусдад дарамт учруулж илүү шан харамж авахыг авилгал буюу Коррупци, тэдэнд мөнгө, эд зүйлс өгөх, цутгах үйлдлийг нь хээл хахууль буюу Bribery гэж нэрлэдэг. Оффшор-ыг АНУ тэргүүтэй дэлхийн хөгжингүй бүх улс орон нийгмийн баялаг, нийтийн үнэт зүйлийн эсрэг мөнгө угаах маш ноцтой гэмт хэрэг хэмээн үзэж эрс шийдвэртэй тэмцэж (илчилж) байна. Иргэн хүн өөрийн болон гэр бүлийнхээ хоол хүнс, эм тариаг хасан байж арай хийн хэдэн төгрөг илүүчилж банкинд хадагаламжийн данс нээж аж төрдөг. Тэгвэл бид бүгдийн аав ээж, өвөө эмээ, өвөг дээдсийн шударга хөдөлмөр, хөлс хүч, амь бие тэмцэл зүтгэлээрээ ирээдүй хойч үедээ өвлүүлж үлдээсэн ард түмний өв санг оффшорчид хулгай луйврын аргаар олон арван тэрбум ам.долларын хадгаламж буюу “цаас” болгон хөрвүүлж гадаадын банкинд хууль бусаар (татваргүйгээр) байршуулан хувьдаа ашиглан шамшигдуулах замаар нийтийн ашиг сонирхолд хохирол учруулах эрүүгийн гэмт хэрэг хэмээн ойлгож болохоор байна (Ш.Цогтоо, Гаалийн эрх зүй, УБ хот, 2015 он, 254 дэх тал).
ЦЕГ-ын Хуулийн тасаг гэж байгуулагдаад улмаар хэлтэс болж өргөжин одоог хүртэл 10 гаруй жилийн хугацаанд миний мэдэх, бас мэдэхгүй зөндөө их ажил хийж, ялангуяа цагдаагийн байгууллагын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, ЦЕГ-ын даргын гадагш болон дотогш чиглэсэн захиргааны актын төслийг хуульд нийцүүлэн боловсруулах зэрэг хууль сахиулах үйлсэд маш их хувь нэмэр оруулж байгаа чинь сайшаамаар сайн үйлс шүү.
ЦЕГ-ын Хуулийн хэлтэст ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа үе үеийн бүтээлч залуучуудад ойн баярын мэндийг дэвшүүлж, цаашид илүү ихийг хийж бүтээх өлзийтэй ерөөлийг өргөн барья. Сайн үйлс дэлгэрэх болтугай.
МУИС-ийн багш, доктор профессор Ш.Цогтоо
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ