ЦЕГ: Иргэд мөнгөн усанд хордсон гэх хэргийг шалгаж байна

 Цэргийн төв эмнэлэгт өнгөрсөн Баасан гаригт /2022.01.28/ мөнгөн усанд хордсон гурван иргэн хүргэгджээ. Тэдэнд хордлого тайлах эмчилгээ үзүүлж, биеийн байдал сайжирсан учир эмнэлгээс гаргасан байна. Энэ хэрэгт холбогдуулан мөнгөн устай бүтээгдэхүүн зарсан байж магадгүй худалдаа эрхлэгчдийг шалгаж эхэлжээ. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас тодрууллаа.

Цагдаагаас өгсөн мэдээллээр 8-77 насны нэг гэр бүлийн гурван хүн худалдааны төвөөс аарц худалдан авч, буцалгаж уусны дараа гүн хордлогод орсон гэх хэрэг бүртгэгдсэн. Тэдний худалдаанаас авсан аарцнаас мөнгөн ус ялгарсан гэх мэдээллийн дагуу шалгалтын ажил явуулж байна. Гэр бүлийн хүмүүсийг яаралтай түргэн тусламжаар Цэргийн төв эмнэлэгт хүргэж, хордлогын эмчилгээ хийсэн ба биеийн байдал тогтворжиж, өчигдөр эмнэлгээс гарсан. Одоогоор шалгалтын ажил явагдаж байна" гэлээ.

Хэрэгт Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн II хэлтэс шалгалтын ажиллагаа явуулж, хэргийн газраас мөнгөн устай гэгдэх аарц, элсэн чихэр зэргийг хураан авч, шинжилгээнд явуулжээ. Мөн аарцны гарал үүслийг тогтоож, тухайн бодис хэрхэн хүнсний зүйлд орсныг нарийвчлан шалгаж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ