Сэлбэ голын дагуу халиа үүсэж, 13 айлын хашаа руу орж мөстжээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням шар усны үерээс урьдчилан сэргийлж ажиллах шаардлагатай гэв.
Нийслэлийн хэмжээнд энэ сарын 16-29-нд Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 56, аврах ажиллагааны зургаа, нийт 62 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ. Дээрх хугацаанд гал түймрийн утаажилтын бүсээс 78 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл ослоос дөрвөн иргэнийг аварч, 3.1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажилласан байна.
Он гарснаас хойш өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр 221, аврах ажиллагааны 33, малын гоц халдварт өвчин нэг, нийт 255 удаагийн дуудлагатай байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийн нийт дуудлагатай харьцуулахад 6.9 хувиар буурсан үзүүлэлт. Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо Сэлбэ голын дагуу мөсний халиа үүсэж, тухайн орчинд амьдардаг 13 айлын хашаа руу хальж, мөстсөн нөхцөл байдал үүссэнийг тус дүүргийн Онцгой комиссоос шаардлагатай арга хэмжээг авчээ.
Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд өнгөрсөн долоо хоногийн хугацаанд холбогдох байгууллагууд хамтран, нийт 656 албан хаагч, 119 автомашин 35 морьтойгоор ажиллаж, нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 8082 толгой адууг гаргаж, адуучдын төлөөлөл 18 малчинтай уулзан, санал хүсэлтийг авч, 292 албан мэдэгдэл өгч ажиллажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ