Өвлийн эрчим хүчний оргил ачаалал 1474МВт-д хүрлээ

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн салбарын үйлдвэр, компаниудын удирдлагуудын ээлжит өргөтгөсөн шуурхай хурал /2023.01.31/-ыг зарлаж, хуралдлаа.

Нийт 47 байгууллагын удирдлагууд танхим болон цахимаар оролцож, 2022-2023 оны өвөлжилт болон тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцсэн байна.  Хурлын эхэнд “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК мэдээлэл хийв. Цахилгаан эрчим хүчний хэрэглээ өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 4.7 хувиар өссөн бол, 2022-2023 оны өвлийн горимын төлөвлөлт 2.45 хувиар нэмэгдсэн нь гадна агаарын температур олон жилийн дунджаас илүү өндөр байгаатай холбон тайлбарлалаа.

Мөн энэ оны нэгдүгээр сарын 24-ний өдөр эрчим хүчний систем 1474МВт-д хүрч ажилласан нь энэ өвлийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Сайд Б.Чойжилсүрэн хурлын үеэр үйлдвэр, компаниудад үүсээд буй өр, авлагыг бууруулахад онцгой анхаарч ажиллах, аюулгүй ажиллагааны үзлэг, шалгалтыг хуваарийн дагуу тогтмол хийх, 2023 мөнгөн урсгалыг сар бүр гаргаж танилцуулах, баяр ёслолын үеэр хариуцлагатай ажиллах зэрэг үүрэг даалгаврыг өгсөн байна.

Мөн дулааны цахилгаан станцууд, эрчим хүчний нүүрс олборлогч уурхайнууд богино хугацаанд өсөн нэмэгдэх хэрэглээний тооцооллыг гаргаж танилцуулахаар боллоо. Энэ өвлийн цаг агаар олон жилийн дундажтай харьцуулахад хүйтэн байгаа ч салбарын хамт олон зүтгэлтэй ажиллаж, сайн давж байгааг онцолсон байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ