Халдашгүй байдлын дэд хороо 09.00 цагт хуралдана

УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэх Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр /2023.03.29/ 09.00 цагт хуралдахаар товложээ. Үүний дараа МАН-ын бүлэг хуралдаж, гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэхээр 10.00 цагт товлогдсон байна.

УИХ-ын  гишүүн Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг Ерөнхий прокурор өнгөрсөн Баасан гаригт УИХ-ын даргад хүргүүлсэн. Тэднийг хэрэг шалгах явцад нөлөөлсөн гэж үзэж, ийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал хүргүүлсэн юм.

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэж, нууцаар санал хураана. УИХ-ын тухай хуулийн 28.6.Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо Улсын Их Хуралд хамгийн олон удаа сонгогдсон таван гишүүнээс бүрдэх бөгөөд Улсын Их Хурлыг хугацаанаас нь өмнө тараах, гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эгүүлэн татах талаар энэ хуульд заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас Улсын Их Хуралд ирүүлсэн саналыг судалж санал, дүгнэлт гарган зохих Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оруулна.

Халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүн: 

  • Цэндийн Мөнх-Оргил /Халдашгүй байдлын дэд хорооны дарга/
  • Нямаагийн Энхболд
  • Сүхбаатарын Батболд
  • Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ
  • Сандагийн Бямбацогт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ