Хүмүүжигчид мэргэжлийн үнэмлэхээ гардаж авлаа

Хэдийгээр эрхээ хасуулсан ч хүмүүжигчдэд мэргэжил эзэмших, сурч боловсрох эрх нь нээлттэй байдаг. Түүний нэгэн бодит жишээ болж ШШГЕГ-ын харъяа “Амгалан” мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн анхны төгсөлтийн баяр боллоо.
Барилгын цахилгаанчин, мужаан, засал чимэглэл, сантехникч, өрөг угсрагч, гагнуурчин, бетон арматурчин болон тогооч гэсэн үндсэн найман мэргэжлээр 100 гаруй хүмүүжигч мэргэжлийн зэрэгтэй төгсч, ажлын байранд зуучлагдлаа.
Ял эдлэх хугацаанд нь мэргэжлийн чиг баримжаа олгож, эзэмшсэн мэргэжлээрээ ажлын байраар хангагдах боломжийг бүрдүүлэх, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулах нөхцөлийг бүрдүүлэн суллагдсаны дараа эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах боломжийг бүрдүүлэхэд чиглэгдсэн нь энэхүү сургалтын төвийн үндсэн зорилго болжээ.“Мэргэжил эзэмшүүлэх төв” нэртэйгээр 2009 байгуулагдсан уг төв нь чадамжийн гэрчилгээ олгох нэг сарын болон мэргэжлийн үнэмлэх олгох таван сарын гэсэн хэлбэрээр сургалт явуулдаг байна.
Сургалт үйлчилгээний төвд ямар хэргээр хэдэн жилийн ял сонссонгүл хамааран хүсэл сонирхолтой бүхэнд нээлттэй юм. Ингэснээр тэд хүмүүжигч биш суралцагч.Тэд нэг талаар эрхээ хасуулсанч мэргэжил эзэмшин, суллагдан гарах үед ажлын байраар хангагдаж амьдралдаа дахин алдахгүй байх баталгаа нь болж байгаа юм.
Энэхүү сургалтын дараагийн ээлж өнгөрсөн тавдугаар сард эхэлсэн бөгөөд 100 суралцагч хүмүүжигч хоёр сарын танхимын сургалтандаа суугаад одоогоор үйлдвэрлэлийн дадлагаа хийж байгаа аж.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ